
2026 оны спортын онцлох үйл явдлын нэг бол өвлийн олимпын XXI наадам. Хүн төрөлхтөний эв нэгдэл, спортын ялалт ялагдал, нөхөрлөлийн үнэ цэнийг харуулах өвлийн олимпын наадам нээлтээ хийхэд таван хоногийн хугацаа үлдлээ. Эдгээр өдрүүдэд 90 гаруй орны шилдэг тамирчид Италид хүрэлцэн ирээд байна. Олимпын наадмын эргэн тойрон дахь мэдээллээс хүргэе.
ТАМИРЧИД ОЛИМПЫН ТОСГОНД БАЙРЛАЖ ЭХЭЛЛЭЭ
Өчигдрөөс Милан хотод тамирчдын тосгон нээгдэж, өвлийн олимпын наадамд эрх авсан орны баг тамирчид байрлаж эхэллээ. Хамгийн эхэнд зохион байгуулагч орны тамирчид тосгонд оржээ. Тэдний араас Канад, АНУ, Япон, Серб, БНСУ зэрэг 20 гаруй орны тамирчид хүрэлцэн ирсэн байна. Монгол Улсаас оролцох гурван тамирчин, дасгалжуулагчийн хамт энэ долоо хоногт Италид очно. Манай тамирчдын уралдаан нээлтийн маргааш буюу хоёрдугаар сарын 7-оос эхэлнэ.

КЁРЛИНГИЙН ХОЛИМОГ ХОСЫН ТӨРӨЛ ХОЁРДУГААР САРЫН 4-Д ЭХЭЛНЭ
“Милан Кортина” өвлийн олимпын наадам кёрлингийн холимог хосын тэмцээнээр хоёрдугаар сарын 4-д эхэлнэ. Хэдийгээр олимпын наадмын нээлт хоёрдугаар сарын 6-д болох ч багийн төрлийн урьдчилсан шатны тоглолтууд пүрэв гарагаас эхлэн явагдана. Кёрлингийн холимог хосын төрөлд Канад, Чех, Эстино, Их Британи, Итали, Норвеги, БНСУ, Швед болон Швейцар, АНУ-ын баг олимпын наадамд өрсөлдөхөөр шалгарчээ. Олимпын наадмын нээлтийн тоглолт Швед-БНСУ, Канад -Чех, Эстони-Швейцар гэсэн багуудын хооронд болохоор хуваарь гарсан байна. Кёрлингийн төрлөөс гадна хоккейн эмэгтэй багийн хэсгийн тоглолт хоёдугаар сарын 5-д Милан хотод эхэлнэ. Хоккейн эмэгтэй багийн нээлтийн тоглолт АНУ-Чех болон Финланд-Канадын хооронд болно.

УРАН ГУЛГАЛТЫН БАГИЙН ТОГЛОЛТУУД АМРАЛТЫН ӨДРҮҮДЭД
Олимпын наадмын хамгийн сонирхолтой төрөл болох уран гулгалтын багийн тэмцээн нээлтийн өдөр буюу хоёрдугаар сарын 6-д эхэлнэ. Энэ удаагийн багийн төрөлд ОХУ-ын тамирчид оролцохгүй болсон. Тиймээс гол өрсөлдөөн АНУ, Канад, Япон, БНХАУ, Франц зэрэг орны дунд өрнөнө. Багийн төрлийн эхний үзүүлбэрүүд хоёрдугаар сарын 6, 7-д болж, сүүлийн шийдвэрлэх үзүүлбэр хоёрдугаар сарын 8-д болсноор медальтнууд тодорно. Тиймээс энэ амралтын өдрүүдэд олимпын наадмын уран гулгалтын тоглолтууд үзэгчдийг хүлээж байгаа. Сануулахад, “Бээжин 2022” өвлийн олимпын XXIV наадамд Олон улсын олимпын хорооны тугийн дор оролцсон ОХУ-ын багийн уран гулгагч Камила Валиевагаас допингийн зөрчил илэрч тухайн үед багийн медалийн шагнал гардуулах арга хэмжээ болоогүй юм. Энэхүү маргаан удаан үргэлжилсэний эцэст ОХУ-ын алтан медаль АНУ-ын багт шилжиж, Япон мөнгө медаль дээр буусан юм. Харин Камила Валиевагийн амжилтыг тооцолгүй үлдээж ОХУ-ын баг хүрэл медаль руу шилжсэн. Бээжингийн олимпын наадмыг дуулиантай эхлүүлж байсан хойд хөршийн баг энэ удаа уран гулгалтын ганцаарчилсан төрөлд оролцох эрхтэй болсон. ОХУ-ын баг энэ удаа төвийн сахисан стаустай оролцох юм.

ИТАЛИЧУУД ӨВЛИЙН ОЛИМПЫГ ГУРАВ ДАХ УДААГАА ХИЙХЭД БЭЛЭН БОЛЖЭЭ
2019 оны зургаадугаар сарын 25-ны өдөр Швейцарт болсон Олон улсын олимпын хорооны чуулганаар 2026 оны өвлийн олимпыг зохион байгуулах хотоор Италийн Милан, Кортина д’Ампеццо хотууд шалгарч байв. Энэ өдрөөс эхлэн италичууд олимпын бэлтгэлийг хангаж энэ долоо хоногт нээлтээ хийхэд бэлэн болжээ. Италичууд өвлийн олимпын наадмыг 1956 онд Кортина д’Ампеццо хотод VII, 2006 онд Турин хотод XX наадмыг зохион байгуулж байв. Тэд дахин 70 жилийн дараа цагаан олимпын алдартнууд тодруулахад бэлэн болжээ. Энэ удаагийн XXV наадамд 90 гаруй орны баг тамирчид найман спортын 16 төрөлд 116 багц медалийн төлөө өрсөлдөнө. Манай улсаас анх удаа гурван тамирчин эрхийн болзол хангасан. Мөн уулын цанын төрлөөр анх удаа Монгол Улсын тамирчин өвлийн олимпын наадамд уралдах гэж байгаа нь энэ наадмын онцлох үйл явдлын нэг болж байна.
“Милан-Кортина 2026” өвлийн олимпын XXV наадмын нээлт Милан хотод хоёдугаар сарын 6-д Сан Сиро цэнгэлдэх хүрээлэнд болно. Харин хаалтын арга хэмжээ хоёрдугаар сарын 22-д Верона хотын өвлийн олимпын цэнгэлдэхэд болохоор зохион байгуулалтыг хийжээ.
