Тулгар төрийн 2234 жил, Их Монгол Улсын 819 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээнмандуулсны 114, Ардын хувьсгалын 104 жилийн ой, Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төрийн дээд цол, одон, медаль гардууллаа. 

Монгол Улсын гавьяат жүжигчин хэмээх эрхэм хүндтэй цолоор энгэрээ мялаасан жүжигчин Д.Бямбацогтын сэтгэгдлийг хүргэж байна. Тэрээр "Өндөр их төрийнхөө хишгийг өнөөдөр хүртэж байна. Намайг эрхэм хүндтэй энэ цолыг аваасай, хүртээсэй гэж маш олон хүмүүс хүлээж байсныг сүүлийн үед мэдэрч байгаа. Чин сэтгэлээсээ баярлаж суугаа, миний уран бүтээлийг шимтэж үздэг, уран бүтээлд минь хайртай, намайг дэмждэг монголчууддаа, эрхэм үзэгч олон та бүхэндээ мэхийн ёслоё. Ерөнхийлөгч шагнал гардуулахдаа "Чамаар ард түмэн их бахархаж байна. Илүү сайн уран бүтээл хийгээрэй" гэсэн. "Би хичээнэ" гэдгээ хэллээ. Энэ шагнал та бүхний шагнал шүү гэж хэлмээр байна. Багш нарыгаа энэ цаг мөчид их бодож байна. Тэнгэрт байгаа агуу найруулагч Ш.Доржсамбуу, соёлын гавьяат зүтгэлтэн Л.Лхасүрэн хоёр багш маань намайг тэнгэрээс харж байгаа байх. Хүмүүс намайг оройтож шагнал авлаа гэж байна. Багш нар минь харин надад шагнал хэзээ ч оройтдоггүй юм гэж биднийг сургасан. Багш нарын минь хэлсэн үнэн байна. Тэнгэрт байгаа аав, ээж хоёрыгоо их бодлоо. Захисан захиасыг нь зах, зухаас нь биелүүлж яваа юм болов уу гэж дотроо бодож байна. "Ээж, аав хоёр минь олонтойгоо яваарай гэдэг" байсан" хэмээлээ.

Жүжигчин Д.Бямбацогт нь “Ноён Солиот”, “Ээждээ л үнсүүлэх сэн”, “Ээжийн дайсан”, “Шарталт”, “Сөрж болдоггүй тавилан”, “Өртөө”, “Шүүдэр дундуур”, “Миний хүүтэй гэрлээч“, “Сумын атаман”, “Тал нутгийн зомби”, “Сахиулсан тэнгэр”, “Бүү март”, “Улаан эрэг”, “Нарны өнгө” гэх мэт жар гаруй жүжиг, тавиад кинонд тоглосон билээ.