
Хэдэн арван жилийн турш нэр нь үл мэдэгдэх зураачийнх хэмээн үзэж байсан "Сүм дэх Захариагийн бараалхал" нэртэй бүтээл Рембрандт Харменс ван Рейнийх болохыг Амстердамын уран зургийн "Рейксмюсеум музей"-н судлаачид тогтоов.
Зураачийг тогтоохын тулд орчин үеийн сканнерын технологийг ашигласан байна. Энэхүү аргачлалыг өмнө нь Рембрандтын өөр нэг шилдэг бүтээл болох “Шөнийн харуул” зургийг сэргээн засварлахад ашиглаж байжээ.
1633 онд зотон дээр зурсан уг бүтээлд Библид гардаг нэгэн үзэгдлийг дүрсэлжээ. Тодруулбал, Адислагч Иоанны эцэг болох лам Захариа хүүгээ удахгүй төрөх гэж байгаа тухай мэдээг дуулгасан тэнгэрийн элч Гавриилыг сүмийн дотор байхад нь харж буйг дүрсэлсэн байна. Зураг дээр тэнгэр элчийг дүрслээгүй боловч түүний ирснийг баруун дээд буланд харагдах гэрэл илтгэдэг.
Зургийг эзэмшиж байсан нэгэн цуглуулагч уг бүтээлийг музейд удаан хугацаагаар түрээслүүлсэн бөгөөд өнөөдрөөс эхлэн олон нийт үзэх боломжтой.
Энэхүү зургийг 1898 онд Амстердамын Хотын музейд дэлгэсэн Рембрандтын томоохон үзэсгэлэнд толилуулж байсан боловч 1960 онд зураачийн бүтээлүүдийн жагсаалтаас хассан юм. Дараа жил нь хувийн цуглуулагч худалдаж авсан тул урлаг судлаачид 60 жилийн туршид зургийг нарийвчлан судлах боломжгүй байв. Гэвч одоогийн эзэмшигч нь саяхан "Рейксмюсеум музей"-д хандсанаар нарийвчилсан шинжилгээ хийх боломжтой болжээ.