
Йоханнесбург хотын Кливленд дүүргийн албан бус суурьшлын бүсэд олон этгээд халдан довтолж, 12 хүнийг буудан хөнөөж, дор хаяж 9 хүнийг шархдуулсан байна.
Цагдаагийн мэдээлснээр микроавтобус хөлөглөсөн 10-аас дээш тооны сэжигтэн суурьшлын бүсийн хэд хэдэн газраар явж, оршин суугчид руу гал нээжээ. Халдлагын улмаас 11 хүн газар дээрээ нас барж, нэг хүн эмнэлэгт хүргэгдсэний дараа амьсгал хураажээ.
Одоогоор халдагчдыг эрэн сурвалжлах ажиллагаа явагдаж байгаа аж. Сэжигтнүүдийн талаар бүрэн мэдээлэл байхгүй учир ямар нэгэн баривчилгаа хийгдээгүй гэдгийг албаныхан мэдээлэв.
Өмнөд Африкт сүүлийн жилүүдэд ийм төрлийн олон нийтийг хамарсан буудлага нэмэгдэж байгаа бөгөөд зарим тохиолдол нь хууль бус уул уурхайн бүлэглэлүүдтэй холбоотой байдаг. Гэсэн ч мөрдөн шалгах ажиллагаа дуусаагүй тул энэ удаагийн хэргийг хууль бус олборлолттой шууд холбохоос татгалзаж буйгаа цагдаагийн албанаас мэдэгджээ.