
Сар бүрийн сүүлчийн долоо хоногийн баасан гаригт УИХ-ын асуулгын цагийг зохион байгуулж Ерөнхий сайд тодорхой сэдвийн хүрээнд парламентын гишүүдтэй мэтгэлцдэг. Энэ удаагийн УИХ-ын асуулгын цагаар "Авлигажуулсан Монгол" сэдвийн хүрээнд гишүүдийн төлөөлөл Ерөнхий сайдаас асуулт асууж мэтгэлцлээ.
УИХ-ын гишүүн С.Эрдэнэболд: -Сүүлийн 10 жилийн авилгажсан тогтолцоо руу явж байна. Та сар гаруйн өмнө намынхаа Их хурал дээр чөлөөлье гэж байгаад дөрвөн хүний нэрийг оруулж ирсэн. Таны шударга ёсны илд хэвээрээ байна уу. Засгийн газар бүрдээд уусаад алга болчихсон уу. Та нар засгийн хурал дээрээ үзэлцээд байгаа сурагтай байна лээ. Улс төрийн нөхцөлийн хувьд авлигатай тэмцэхэд ямар бэрхшээл байна. Ерөнхийлөгчөөс, бусад улстөрчдөөс танд дарамт шахалт байдаг уу. Улс төр хөлийг чинь тушчихаад байна уу. Танд яг одоо авлигатай тэмцэхэд ямар саад бэрхшээл байна вэ. Таньд зориг зүрх байна уу?
Ерөнхий сайд Н.Учрал: -МАН-ын дүрэмд заасны дагуу шүүхээр гэмт буруутай нь тогтоогдсон бол намын гишүүнээс нь түдгэлзүүлдэг. Намын Хяналтын хороондоо намын дарга, гишүүн хэн ч бай ёс зүйн зөрчил гаргасан, авлига албан тушаалын гэмт хэрэгтэй холбогдсон болзошгүй хүмүүсийг хянан шалгуулахаар өгдөг. Тэр журмаараа би өгсөн. Намын дүрмээ би хэрэгжүүлж байгаа. Авлига, албан тушаалын гэмт хэрэг дээр анд найз, ах дүү, амраг садан хэнийг ч хамгаалах ёсгүй. Миний удирдах арга барил заримд нь таалагдахгүй байна. Би хундаганы ард асуудал шийдэж үзээгүй. Тиймээс зарим хүмүүс надтай уулзаад учраа олохгүй байх шиг байна. Битгий уулзаарай гэж хэлье. Би өөр арга барилаар ажиллана.
УИХ-ын гишүүн С.Эрдэнэболд: -Танхимын сайд нарт нь хэлье. Г.Дамдинням, хоёр Энхбаяр сайд байж байна. Та нар намын дарга Ерөнхий сайдаараа дандаа туг тахидаг шүү. 21 сарын дотор гурван удаа туг тахисан. Одоо намар дахиад туг тахих гээд байж мэднэ. МАН-ын засаг биш Монгол Улсын засаг шүү. Ерөнхий сайд чинь зориг гаргана гээд байхад нь олигтойхон шиг дэмжээд шударга ажиллаарай. Та нарыг харахад шуудайнд хийсэн эвэр шиг байна шүү. Хутгаа нуусан хүмүүс шиг харагдаж байна. Live дээр Г.Дамдинням сайд "За Ерөнхий сайд аа" гээд л дуулгавартай байсан. Тэр маягаараа ажиллаарай.
Ерөнхий сайд Н.Учрал: -С.Эрдэнэболд гишүүн хатуу бөгөөд зөв үг хэллээ. Танайд ч, манайд ч асуудал байна. Хүүхэд байхдаа мэтгэлцдэг байсан хүмүүс одоо энд мэтгэлцээд зогсож байна. Хүүхэд байхдаа ярьдаг байсан ажлаа дуусгая гэж хэлье. Авлигатай тэмцэхэд парламентад байгаа таван нам тавуулаа оролцоё.