
SpaceX компани Starship хөлгийг өнөөдөр анх удаа дэлхийн тойрог замд оруулах туршилтыг хийхээр төлөвлөж байна. Пуужинг хөөргөх 75 минутын цонх АНУ-ын зүүн эргийн цагаар өглөөний 08:15-д нээгдэнэ.
Амжилттай бол Starship туршилтын үе шатнаас бодит ажиллагаанд шилжих томоохон алхам болно. Энэ удаагийн нислэгээр SpaceX шинэ үеийн 26 Starlink хиймэл дагуулыг тойрог замд гаргаж, дэлхийг зургаан удаа тойрохоор төлөвлөжээ. Нислэг нийтдээ бараг 10 цаг үргэлжилж магадгүй.
Starship өмнөх 13 туршилтын нислэгтээ тойрог замд гаралгүй, аюулгүй байдлыг хангах зорилгоор урьдчилан тогтоосон дэд тойрог замын траектороор нисэж байсан. Харин энэ удаа дэлхийн тойрог замд хүрэх тул хөлөг удирдлагаа алдсан тохиолдолд буцаан чиглүүлэхэд илүү хүндрэлтэй болно. Мөн тойрог замд байгаа хиймэл дагуул болон бусад сансрын төхөөрөмжтэй мөргөлдөх эрсдэл шинээр бий болж байна.
SpaceX компани эрсдэлээс сэргийлэхийн тулд нислэгийн эхний минутуудад доголдлын шинж илэрвэл хөдөлгүүрийн төлөвлөсөн асаалтыг цуцалж, Starship-ийг дэд тойрог замын нислэгийн замд үлдээх боломжтой гэж мэдэгджээ.
Энэ удаагийн туршилтаар мөн Starship-ийн техникийн шинэчлэлүүдийг шалгана. Өнгөрсөн долдугаар сарын нислэгээр Super Heavy хурдасгуур пуужингийн 13 хөдөлгүүрээс ердөө найм нь дахин ассан байна. SpaceX хөдөлгүүрийн шүүлтүүр болон дахин асаалтын найдвартай байдлыг сайжруулахын тулд техник хангамж, программ хангамжийн өөрчлөлт хийжээ.
Нислэгийн төгсгөлд Starship өөрөө агаар мандалд дахин нэвтэрч, Чилийн эргийн ойролцоох Номхон далайд босоо, удирдлагатай буулт хийхийг оролдоно. Пуужинг бүрэн дахин ашиглах боломжтой болгох нь SpaceX-ийн урт хугацааны гол зорилгуудын нэг бөгөөд ингэснээр тойрог замд ачаа хүргэх зардлыг эрс бууруулах боломжтой гэж компани үзэж байна.
Гэхдээ хөлөг агаар мандалд буцаж орох үед ойролцоогоор 1370 хэмийн температурт тэсэх шаардлагатай. SpaceX одоо ч дулааны хамгаалалтын хавтангаа сайжруулж байгаа билээ. Өмнөх нислэгүүдийн үеэр эдгээр хавтан дээр түлэгдэлт, гэмтлийн шинж илэрч байжээ. Энэ удаагийн нислэгээр дулааны хамгаалалтын системийн ажиллагааны талаар чухал мэдээлэл цуглуулах юм.
Starship-ийн амжилттай тойрог замын нислэг нь зөвхөн SpaceX-ийн төдийгүй сансрын салбарын хөгжлийн шинэ үеийг эхлүүлэх боломжтой. Тус хөлгийг цаашид NASA-ийн сансрын нисгэгчдийг Сар руу хүргэхэд ашиглана. SpaceX-ийн гүйцэтгэх захирал Илон Маск ирээдүйд Starship-ийг ашиглан Ангараг гарагт өөрийгөө хангах чадвартай суурин байгуулах зорилго дэвшүүлсэн.