
Монголын үндэсний кино урлагийн зөвлөлөөс “Академи авардс” буюу 99 дэх удаагийн “Оскар”-ын шагнал гардуулах ёслолын арга хэмжээний урьдчилсан шалгаруулалтад Монгол Улсыг төлөөлөн оролцох кино бүтээлийг шалгаруулсан талаараа мэдээлжээ.
“Олон улсын шилдэг бүрэн хэмжээний кино” төрөлд нэр дэвшүүлэх бүтээлийг сонгон шалгаруулах “Үндэсний сонгон шалгаруулах хороо”-ны бүрэлдэхүүнд Кино урлагийн зөвлөлийн гишүүд ажилласан байна.
Тус хороо нь ирүүлсэн кино бүтээлүүдтэй танилцаж 2026 оны есдүгээр сарын 28-ны өдөр санал хураалтыг эцэслэн 99 дэх удаагийн “Академи Авардс” буюу “Оскар”-ын шагнал гардуулах ёслолын “Олон улсын шилдэг бүрэн хэмжээний кино” төрлийн урьдчилсан шалгаруулалтад Монгол Улсыг төлөөлөн оролцох кино бүтээлээр Найруулагч Б.Тамирын “Тусгаар тогтнол: Бошиг сахигч” (Independence: The Keeper of the Decree) уран сайхны киног шалгаруулжээ.
Үндэсний эрх чөлөөний хөдөлгөөний 115 жилийн ойд зориулан бүтээсэн "Тусгаар Тогтнол" бошиг сахигч уран сайхны киног түүхийг сэргээн сануулсан, сургамжит бүтээл хэмээн тодорхойлоод буй.