
ИЗНН-ын дарга, УИХ-ын гишүүн, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Б.Батбаатарыг өчигдөр намаас нь хөөж байгаа тухай мэдээлэл гарсан. Үүнтэй холбогдуулан ИЗНН-ын намын дарга Б.Батбаатар мэдээлэл хийлээ.
Тэрээр "Өчигдөр ИЗНН-ын 26 жилийн ойн өдөр болж, бид баярын хурлаа хийсэн. 2016 онд миний бие ИЗНН-д элсэж, нэр дэвшиж өрсөлдөж байсан. Өнөөдөр 10 дахь жилдээ энэ намын гишүүнээр, сүүлийн хоёр жил намын даргаар ажиллаж байна. Нэр бүхийн хүмүүс зохион байгуулж, өчигдөр намын онц их хурал гэдэг зүйлийг хийсэн гэсэн. Дүрмийн бус үйл ажиллагаанд намын дэд дарга, дүүргийн дэд дарга нар очиж үүнийгээ зогсоохыг шаардсан. Манай намын дүрэмд онц их хурал гэж байхгүй. Намын дарга Улс төрийн зөвлөлийн хурлыг зарлана. Улс төрийн зөвлөл хуралдаад долоогоос дээш хоногийн өмнө Үндэсний хорооны хурлыг зарладаг. Үндэсний хороо намын Их хурлыг хуралдуулдаг. Өмнөх өдөр нь зарлаад намын Их хурлыг хийдэггүй. Гэтэл онц Их хурал хийж намын эрх мэдлийг хууль бусаар авах гэж байна.
Онц Их хурлаар намын даргыг хөөлөө гэж ярьж байгаа этгээдүүдэд хандаж хэлэхэд зөвхөн ИЗНН биш аль ч улс төрийн хүчин намын гишүүнээс хасах асуудлыг тухайн намын дүрмийн хороо, хяналтын хороо нь шийдвэрлэдэг. Манай намын гишүүнчлэлээс хасах асуудлыг Дүрмийн хороо шийддэг. ИЗНН Дээд шүүхээс "Дүрмийн өөрчлөлтийг бүртгэхгүй" гэсэн бичгийг энэ сарын 2-нд гардаж авсан. Гардаж авснаас хойш 60 хоногийн дотор бүртгэхээс татгалзсан гурван үндэслэлийг засаж бүртгүүлнэ. Гэхдээ ИЗНН-ын дүрэм хүчин төгөлдөр үйлчилж байгаа.
2027 оны Ерөнхийлөгчийн сонгуульд ИЗНН-ын нэрийн өмнөөс улс төр бизнесийн бүлэглэлийн захиалж байгаа хүнийг нэр дэвшүүлэхгүй. Үүнийг хэлж эхэлснээс хойш манай нам дотор ийм асуудал явж эхэлсэн. Энэ ажиллагааг зохион байгуулж байсан хүмүүс надаас албан тушаал нэхэж байсан. ИЗНН-ын нэрээр парламентын гишүүн болсон хүн намын үзэл баримтлалыг дагах ёстой" гэв.