
АНУ болон Ираны хооронд бүрэн хэмжээний дайн дэгдэхээс урьдчилан сэргийлэх дипломат хэлэлцээ ням гарагт үргэлжилж, Вашингтон Иранд өгч буй агаарын цохилтоо хоёр дахь шөнөө дараалан түр зогсоолоо.
Дональд Трамп бараг таван сар үргэлжилж буй мөргөлдөөнийг шийдвэрлэх дипломат болон цэргийн хувилбаруудыг нягталж байгаа аж. Мөн үеэр Израилийн Ерөнхий сайд Беньямин Нетаньяху мягмар гарагт Цагаан ордонд зочлохоор төлөвлөжээ. Тэрээр Вашингтоны зүгээс Ираны удирдагчидтай хийж буй хэлэлцээг эрс шүүмжилж ирсэн. Нетаньяху Иран болон Ливан дахь Хезболла бүлэглэлийн эсрэг явуулж буй цэргийн ажиллагаа нь үр дүнд хүрсэн гэдгийг ирэх 10 дугаар сард болох сонгуулиас өмнө батлан харуулах улс төрийн шахалт дор байгаа юм.
Харин Техраны талаас ням гарагт бүс нутаг дахь АНУ-ын холбоотнуудын эсрэг чиглэсэн хариу цохилтоо мөн түр зогсооно гэж мэдэгдэв. Ираны армийн төлөөлөгч Мохаммад Акраминиа"Америкчуудын цохилт хоёр шөнийн өмнөөс зогссон. Манай стратеги зарчмын хувьд хариу цохилт өгөхөд чиглэж байсан тул бид ч мөн адил хариу цэргийн ажиллагаагаа зогсоолоо" гэж тайлбарлав.
Трампын засаг захиргааны өндөр албан тушаалтнууд цэргийн ажиллагааг урт хугацаанд үргэлжлүүлэхэд байлдааны хэрэгсэл, зэвсгийн нөөц дутагдаж байгааг ерөнхийлөгчид анхааруулсан гэж эх сурвалжууд мэдээлж байна.
Иран болон Оманы дээд хэмжээний дипломатууд ням гарагт Ормузын усан замыг буцаан нээх асуудлаар хэлэлцээ хийсэн бол Техраны албаны эх сурвалж цэргийн ажиллагааг дахин эхлүүлэхгүйн тулд АНУ-ын төлөөлөгчидтэй холбоо тогтоосон гэдгийг баталжээ. Иран улс тус хоолойгоор хөлөг онгоц нэвтрүүлэхдээ төлбөр авах болон хяналт тавих шаардлага тавьж байна.
Баасан гарагт АНУ-ын дэд ерөнхийлөгч Ж.Д. Вэнс болон Зэвсэгт хүчний штабын дарга Дэн Кэйн нар Цагаан ордны зууван танхимд болсон уулзалтын үеэр Ираны эсрэг цэргийн ажиллагааг сэргээх нь ямар эрсдэлтэйг Трампт сануулжээ. Үүний дараа Ерөнхийлөгч шинээр өгөх агаарын цохилтуудыг цуцлах тушаал өгсөн байна.
Зэвсэгт хүчний штабын дарга Дэн Кэйн Ерөнхийлөгч Трампт Patriot пуужингийн эсрэг систем болон Tomahawk далавчит пуужин зэрэг довтолгооны болон хамгаалалтын зэвсгийн нөөц багассаныг анхааруулсан бол Ж.Д. Вэнс АНУ Ойрхи Дорнодын цэргийн ажиллагаанд оролцохыг эсэргүүцэж буй байр сууриа улам лавшруулжээ.
Тэгвэл Израилийн Ерөнхий сайд Нетаньяху Вашингтон руу мордохоосоо өмнө Аюулгүй байдлын зөвлөлөө хуралдуулахаар зэхэж байна. Тэрээр хоёрдугаар сард АНУ-ыг Ираны эсрэг хамтарсан цохилт өгөхөд татан оролцуулахад чухал үүрэг гүйцэтгэсэн. Мөн АНУ-ын хэлэлцээчдийг Ираны цөмийн болон баллистик пуужингийн хөтөлбөрт хатуу байр суурь баримтлах ёстой гэж үзэж байгаа юм. Харин АНУ-ын хэлэлцээчид юун түрүүнд Ормузын хоолойг нээхэд гол анхаарлаа хандуулж байна.
Дипломат үйл явц үргэлжилж байгаа ч талуудын харилцаа эмзэг хэвээр байгаа тул цаашид мөргөлдөөн дахин дэгдэх үү, эсвэл дипломат тохиролцоонд хүрч чадах уу гэдэг нь ойрын өдрүүдэд тодорхой болох юм.