
Eagle News-ийн “Зочны цаг” нэвтрүүлгээр эрүү, нүүрний мэс засал, гэмтэл, халдварын сэдвээр АШУҮИС-ийн Нүүр, амны мэс заслын тэнхимийн багш М.Мишээлтэй ярилцлаа.
-Иргэд эрүү, нүүрний зовуурь, өвдөлтийг тоолгүй, анзааралгүй орхих тохиолдол элбэг байдаг. Тэгвэл зовуурийг үл тоомсорлох нь цаашид ямар сөрөг үр дагаварт хүргэдэг вэ?
- Монголчууд аливаа зовуурь өөрөө намжина гэж үзэн эмнэлэгт үзүүлэхгүй орхих нь түгээмэл. Үүний сөрөг нөлөө нь өрөвсөл болон гэмтлийн үед өөр өөр байдлаар илэрдэг. Тухайлбал, үрэвсэлт өвчний хувьд шүдний цоорол эхэн үедээ анзаарагдахгүй. Харин дунд шатандаа халуун, хүйтэн зүйл идэхэд янгинаж өвдөх шинж илэрнэ. Гүн цоорол болсон үед өвдөлт нэмэгдэж, мэдрэг болдог. Цоорсон шүд үхжилд орж эхлэхэд маш хүчтэй өвдөлт өгдөг.
Энэ үед иргэд өвчин намдаах эм хэрэглэх, давстай усаар зайлах зэрэг буруу арга хэмжээ авснаар тухайн шүдний мэдрэлийг түр саатуулж, өвдөлтийг намдаадаг. Гэвч ингэснээр үрэвсэл даамжирч байгааг тухайн хүн анзаарахгүй өнгөрдөг. Үрэвсэл даамжирвал эрүүний яс руу тархаж, улмаар идээлж, хавддаг. Иймээс шүдээ эрт үед нь үзүүлж, цаг алдалгүй эмчлүүлэхгүй бол олон сөрөг үр дагавар үүсэх эрсдэлтэй.
-Шүдний өвчин даамжирвал илүү ноцтой ямар өвчлөлүүд үүсэх вэ?
-Шүдний өвчин хавдаж, идээлсэн үед нь үл тоомсорловол халдвар яснаасаа гарч, эрүү, нүүрний зөөлөн эд, цээжний голтын хөндий рүү тархах аюултай. Ингэснээр амь насанд аюул учруулах эрсдэл ч бий.
Мөн иргэдийн тэр бүр анзаардаггүй нэг эмгэг бол эрүүний үеийн өвчин юм. Хүний биед тохой, өвдөгний үе байдагтай адил эрүү, гавлын ясыг холбодог хөдөлгөөнтэй үе бий. Энэ хэсэгт цохилт, гэмтэл авбал даралт үүснэ. Хэрэв гэмтлийг үл тоомсорловол архагшиж, эрүүний үеийн толгой шимэгдэх, жийргэвч хатангирших, холбоос гэмтэх зэрэг эрсдэл бий болдог. Үүний улмаас хазах, зажлах үед буруу хазалт үүсэх, зуух зэрэг зовуурь илэрч, улмаар хоол идэх, ярихад хүндрэлтэй болдог. Энэ төрлийн эмгэг нь хожим бүрэн эдгэрэх боломж хомс байдаг тул толгой, эрүү, гавлын яс орчим гэмтэл авсан тохиолдолд заавал дүрс оношилгоо хийлгэж гавлын хөндийд цус хуралт байна уу гэдгийг мэдэх ёстой.
-Иргэдийн дунд хоол идэх, ившээх үед эрүү орчимд дугарах, мултрах зэрэг эмгэг их тохиолддог шүү дээ. Энэ юунаас болж үүсдэг вэ?
– Эвшээх, инээх үед эрүүний үеийн орчимд дуугарах, мултрах шинж илэрвэл эмгэг хүндэрсэн байгаагийн илрэл юм. Ийм тохиолдолд зовуурийг нэмж лавшруулахгүй байх эмчилгээ хийдэг. Өөрөөр хэлбэл, эрүүний үеийн ам ангайлтыг хязгаарлах зориулалттай аппарат зүүлгэж, тодорхой хэмжээнд барьдаг. Ингэснээр ам ангайлтыг хэвийн хэмжээнд барих, эрүү мултрах эмгэгийг засах боломж бүрддэг.
-Сүүлийн үед иргэд, тэр дундаа хүүхдүүд шүдний аппарат зүүх нь эрс нэмэгдэж байна. Тэгвэл хүүхдэдээ шүдний аппарат зүүлгэхэд эцэг эхчүүд юунд анхаарах ёстой вэ?
- Бидний хоол хүнсний хэрэглээ цаг үеэ даган хувьсан өөрчлөгдөж байна. Монголчууд өмнө нь махаа сайн зажилж иддэг байсан бол өнөөдөр ихэвчлэн зөөлөн, түргэн хоолыг түлхүү хэрэглэж байна. Үүний улмаас хүүхдүүдийн эрүүний болон хоншоорын яс, булчингийн хөгжил бага наснаасаа дутмаг явагдах хандлагатай болсон. Ингэснээр хоншоор нь илүү түрмэл, эрүү жижиг хэлбэртэй болох эрсдэл нэмэгддэг. Энэ нь нэгдүгээрт гоо зүйд, хоёрдугаарт эрүү, нүүрний хэвийн харилцаанд сөргөөр нөлөөлдөг. Улмаар дээр дурдсанчлан нүүр эрүү орчимд ачаалал үүсэж эхэлдэг.
Хэрэв эдгээр өөрчлөлтийг эрт үед нь оношлуулж чадвал тусгай дасгал хийлгэх, шүдний аппарат зүүлгэх замаар засах боломжтой. Харин эрүүний ясны хөгжил хэт алдагдсан тохиолдолд шүд зөв байрлалтай байсан ч шаймийж харагддаг бөгөөд үүнийг аппаратаар засах боломжгүй. Зөвхөн мэс заслын аргаар эмчлэх шаардлагатай болдог. Иймд эцэг эхчүүд анхнаасаа хүүхдийнхээ шүдийг тогтмол үзүүлэх, зажлууртай зүйлийг идүүлэх зэргээр арга хэмжээ авч болно. Эцэг эхчүүдийн хувьд нэг алддаг зүйл нь хүүхдийнхээ сүүн шүдийг цоорлоос болоод маш эрт авхуулчихдаг. Уг нь бол сүүн шүд нь дараа нь гарч ирэх ясан шүдний зайг хадгалж байдаг. Иймээс хүүхдийн сүүн шүдийг эрт авхуулахгүй тогтмол эмчид үзүүлж, эмчилгээ хийлгэж дадвал дараа нь шүд зөв хэлбэртэй ургах нөхцөлийг бүрдүүлэхэд тустай юм.
- Сүүлийн жилүүдэд иргэдийн дунд толгой хүзүүний бүсэд хавдар үүсэх тохиолдол нэмэгдэх боллоо. Энэ төрлийн хавдрын гол шалтгаан нь юу байдаг вэ?
-Эрүү, нүүр орчмын байршилтай хавдрууд сүүлийн жилүүдэд нэмэгдэж байгааг Хавдар судлалын үндэсний төвөөс мэдээлсэн байдаг. Эдгээр хавдрын гол үүсгэгч нь архи, тамхины хэрэглээ болон амьдралын буруу хэвшилтэй шууд холбоотой. Түүнчлэн, түгээмэл тохиолддог нэг шалтгаан нь тухайн хүнд таарч тохироогүй хиймэл шүднээс болж үүссэн хортой хоргүй эдээс шалтгаалж байна. Тухайлбал, буруу хийцтэй хиймэл шүдийг байнга зүүх нь амны хөндийн тодорхой хэсгийг цочроож, шархлуулан хортой хоргүй эдүүд ургах нөхцөлийг бүрдүүлж байна. Үүн дээр архи, тамхины хэрэглээ өндөр, амны хөндийн эрүүл ахуй хангалтгүй байх нь хавдар үүсэх эрсдэлийг улам бүр нэмэгдүүлээд байгаа юм.
Иймд 40-өөс дээш настай архи, тамхины хэрэглээ өндөртэй бол улиралдаа нэг ХСҮТ-д очоод оношилгоо хийлгэвэл маш сайн. Учир нь амны хөндийн хавдар ихэвчлэн нүүрний гадна талд бус, дотор талд үүсдэг тул тухайн хүн өөрөө анзаарах боломжгүй байдаг. Харин нүүрний арьсны гадна талд ургасан том мэнгэ байвал үүнийг бас үзүүлэх хэрэгтэй. Учир нь мэнгэ хоргүй, хортой хавдрын хэлбэрт шилжиж болдог. Иймд нүдэнд тусахуйц том мэнгэнүүдийг мэргэжлийн эмчид үзүүлж, шаардлагатай тохиолдолд мэс заслын аргаар авхуулах хэрэгтэй. Иргэдийн хувьд тухайн мэнгэ салоноор явж лазердуулаад байдаг. Энэ бол маш буруу. Мэнгэ гэдэг бол цусан хангамж авсан ургацаг гэсэн үг. Иймд гадна талаас нь түлж гэмтээвэл зарим тохиолдолд хортой хавдарт шилжих нөхцөлийг бүрдүүлэх эрсдэлтэй.
-Ярилцсанд баярлалаа.