
2014 оноос эхлэлтэй “Улаанбаатар марафон 2025” олон улсын гүйлт маргааш Сүхбаатарын талбайд болно. Энэ жил 10 дахь удаагаа зохиогдох гүйлтэд 23 мянган гүйгч оролцохоор бүртгүүлжээ. Мөн мэргэжлийн тамирчид уралддаг 42 км 195 метр зайд Кени, Этиоп, Япон, ОХУ-ын тамирчид оролцоно.
“Улаанбаатар марафон 2025” олон улсын гүйлтийн 10, 21, 42 км-т эхний 10, таван км-т эхний таван байрыг шалгаруулж алт, мөнгө, хүрэл медаль болон мөнгөн шагналаар урамшуулахаар болжээ.
Маргааш 07.30-07.50 цагийн хооронд Сонгинохайрхан, Чингэлтэй, Хан-Уул, Баянзүрх дүүргийн иргэд парадаар Сүхбаатарын талбайд орж ирнэ. Марафонд гүйгчид бие халаалтын дасгал хийсний дараа 10.00 цагт гарааны дохио өгч нэгдсэн журмаар уралдаан эхлэх юм. 1-4 шугамд зай бүрийн гүйгчид зогсоно.
1-р шугамд 42 км, 21 км, болон гар дугуйн уралдаан, мэргэжлийн тэргэнцэртэй дугуйн уралдааны тамирчид, 2-р шугамд 10 км-ийн зайн гүйгчид, 3-р шугамд 5 км-ын 12-17 насных, 4-р шугамд 5 км-ийн 18-аас дээш насны гүйгчид зогсоно.
Мөн 13.00 цагаас 1,5 км-ийн тэргэнцэртэй, харааны бэрхшээлтэй иргэд, 14.00 цагаас 1,5 км-ийн гэр бүлийн гүйлт МУИС-ийн 1-р байрны урд талаас гараанаас гарна. Харин тусгай олимпын тамирчдын 500 м, 800 м-ийн гүйлт 14.30 цагаас Спортын төв ордон болон Улаанбаатар зочид буудлын урд талаас гараанаас гарахаар болжээ.
Зай тус бүрийн шагнал гардуулах арга хэмжээ Сүхбаатарын талбайд 14.00-17.00 цагийн хооронд болохоор хуваарь гарчээ.
Энэ өдөр гүйлтийн маршрутын дагуу замын хөдөлгөөн 06.00-18.00 цагийн хооронд хаагдана.
“Улаанбаатар марафон” олон улсын гүйлт энэ жил 10 жил дахь жилтэйгээ золгож байгаатай холбогдуулан “Фото архив 10 жил” үзэсгэлэн төв асрын өмнө дэлгэгдэх аж.