
Бэлчээрийн экосистем, малчдын амьжиргааны ач холбогдлыг олон улсад таниулах зорилготой дэлхийн санаачилга Торгоны замын цувааг хүлээн авлаа.
Энэ аялал нь Улаанбаатар хотноо болох НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх тухай конвенцын Талуудын 17 дугаар бага хурлын өмнөхөн 6000 км зам туулж иржээ. Цувааны оролцогчид Дундговь, Өвөрхөнгай, Архангай, Булган, Төв аймгаар 7 хоногийн турш аялж, говь цөл, хангай, тал хээр нутгаар дамжин аялж, нүүдлийн малчин өрх, эрдэмтэн судлаач, орон нутгийн удирдлага, малчдын хоршоодтой уулзан, газрын нөхөн сэргээлтийн төслүүдтэй танилцах юм. Аяллын маршрут нь Хустайн БЦГ, ЮНЕСКО-гийн Дэлхийн өвд бүртгэсэн Орхоны хөндийн соёлын дурсгалт газар, Рамсарын жагсаалтад бүртгэсэн Өгий нуур зэрэг газрыг хамарна. Мөн Монголын бэлчээр нутгийн иргэд газрын доройтол, ган гачгийн сорилтыг хэрхэн даван туулж байгаатай танилцан, “Бэлчээр ба малчдын олон улсын жил”-ийн хүрээнд зохион байгуулах үйл ажиллагаанд оролцох юм.
Замын турш тус цувааныхан малчин, эрдэмтэн судлаач, бодлого боловсруулагч, залуус болон орон нутгийн иргэдийг нэгтгэн, бэлчээрийг нөхөн сэргээх, гангийн эрсдэлийг даван туулах чадавхыг бэхжүүлэх туршлага, бодит шийдлээ харилцан хуваалцсан юм. НҮБ-аас 2026 оныг “Бэлчээр ба малчдын олон улсын жил” болгон зарласны хүрээнд UNCCD-ээс санаачлан хэрэгжүүлж буй Торгоны замын цуваа нь эртний Торгоны замын Ази, Европыг холбож байсан хамтын ажиллагааны үзэл санааг сэргээж байна. БНТУ-аас өнгөрсөн тавдугаар сард гараагаа эхэлсэн аялал ОХУ, Узбекистан, Казахстан, Киргиз, БНХАУ-аар дамжихдаа газрын нөхөн сэргээлтийн сайн туршлагатай танилцан, орон нутгийн иргэдтэй уулзжээ.
UNCCD-ийн Гүйцэтгэх нарийн бичгийн дарга, доктор Ясмин Фуад хэлэхдээ, “Торгоны замын цувааны аяллын турш бид улс орон, нутгийн иргэд өөрсдийн онцлог, соёл, эдийн засаг, амьдралын хэв маягтай салшгүй холбоотой бэлчээр нутгаа хэрхэн хамгаалж, сэргээж байгааг харлаа. Аяллын турш зогссон газар бүрд нэг энгийн үнэнийг дахин баталсан нь газрын нөхөн сэргээлтийн гол цөм нь хүн өөрөө юм. Туршлагуудыг харахад нөхөн сэргээх цор ганц загвар гэж үгүй. COP17-д цуглаж буй энэ үед бидний үүрэг бол орон нутгийн эдгээр туршлагыг дэлхийн бодит ажил болгон өргөжүүлж, олон улсын хамтын ажиллагааг бэхжүүлэхийн зэрэгцээ эдгээр газар нутгийг үе дамжин хамгаалж ирсэн хүмүүст хөрөнгө оруулах явдал” гэдгийг онцоллоо.
СОР17 нь дэлхийн анхаарлыг бэлчээр, газрын доройтол, уур амьсгалын өөрчлөлтийн асуудалд хандуулах боломж юм. Мөн байгальтай зохицон үе дамжин амьдарч ирсэн малчдын мэдлэг, туршлага нь шаардлагатай шийдлийн салшгүй хэсэг гэдгийг Ясмин Фуад тодотгов.
Бэлчээр нь дэлхийн хуурай газрын 54 хувийг эзэлж, хоёр тэрбум орчим хүний амьжиргааг дэмжин, мал аж ахуйн тэжээлийн бараг 70 хувийг хангаж, их хэмжээний нүүрстөрөгчийг өөртөө хуримтлуулдаг. Эдгээр бэлчээрийн тал хүртэлх хувь нь хэдийн доройтсон нь биологийн олон янз байдал, хүнсний үйлдвэрлэл, хөдөөгийн иргэдийн амьжиргаанд эрсдэл учруулж байна. Дээрх аяллын турш хуримтлуулсан туршлага, сургамж болон улс орнууд бэлчээрийг нөхөн сэргээх, хамгаалах дараагийн алхмыг СОР17 хурлын үеэр хэлэлцэх юм.