
“СИТИ” Их сургуулийн Олон улсын соёл судлалын хүрээлэн, БНСУ-ын Пүкёний үндэсний их сургуулийн Хүмүүнлэг, нийгмийн шинжлэх ухааны хүрээлэн болон Зүүн Хойд Азийн Соёл Судлалын Нийгэмлэгтэй хамтран “ЗҮҮН ХОЙД АЗИЙН СОЁЛ СУДЛАЛ” олон улсын эрдэм шинжилгээний хурлыг 2026 оны 6 дугаар сарын 25-ны өдөр зохион байгуулах гэж байна.
Хурлаар “Холболт ба өргөтгөл: Евразийн сүлжээнд дэх Зүүн Хойд Азийн соёлын өнөө ба ирээдүй” хэмээх сэдвийн дор Евразийн бүс нутгийн соёл иргэшлийн харилцаа, хамтын ажиллагаа, соёлын солилцооны нөлөөлөл, хөгжлийн чиг хандлагын асуудлыг хэлэлцнэ.
Олон улсын эрдэм шинжилгээний хурал 2026 оны 6 дугаар сарын 25–28-ны өдрүүдэд үргэлжлэх бөгөөд тус хурлын нээлт, үндсэн хуралдаан 2026 оны 6 дугаар сарын 25-ны өдөр “СИТИ” Их сургууль дээр зохион байгуулагдах юм байна.
Хуралд Япон, БНСУ, Хятадаас 28, Монголын талаас 18 эрдэмтэн, судлаач, их сургуулийн төлөөлөгчид оролцох аж. Үүнд Японы Хёого их сургууль, Риккё их сургууль, Олон улсын соёлын судалгааны төв болон БНСУ-ын Пүкёнийн Үндэсний Их Сургууль, Дон-Ы Их Сургууль, Кёнбүг Их Сургууль, Ённам Их Сургууль, Чанвон Их Сургууль, Индок Их Сургуулийн төлөөлөгчид багтаж байна.
Энэхүү олон улсын эрдэм шинжилгээний хурал нь Зүүн Хойд Азийн бүс нутгийн соёлын судалгааны өнөөгийн чиг хандлага, тулгамдсан асуудал, хөгжлийн боломжийг хэлэлцэхийн зэрэгцээ Монгол Улсын их, дээд сургуулиудын олон улсын хамтын ажиллагааг өргөжүүлэх, эрдэм шинжилгээний хамтарсан судалгаа, солилцоог хөгжүүлэхэд чухал хувь нэмэр оруулах ач холбогдолтой юм.