
Улс төрийн намын тухай хуулийг 2023 оны долоодугаар сард шинэчлэн баталсан.
Ингэхдээ хэтэрхий зоргоор явж ирсэн намуудын үйл ажиллагааг цэгцлэх, хянах, хууль зөрчсөн нөхцөлд хүлээлгэх хариуцлагыг чангатгах, орлогоо байнга ил тод тайлагнадаг байх, үүнтэй уялдуулан төрөөс олгох санхүүжилтийг шийдэх зэрэг зохицуулалт оруулсан юм. Судлаач нар эл хуулийг олон дэвшилтэд заалттай болсон хэмээн дүгнэдэг. Харин улстөрчид баталсан хуулийнхаа зарим заалтад сэтгэл дундуур байгаа аж. Учир нь Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг Ерөнхийлөгч У.Хүрэлсүх санаачлан өргөн барьсан юм. Тиймээс өмнөх парламентын бүрэлдэхүүн зарим заалтыг нь батлахдаа тун “дургүй” байжээ. УИХ-ын гишүүн Ж.Алдаржавхлан, Р.Эрдэнэбүрэн нар тус тусдаа энэхүү хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төсөл боловсруулж, олон нийтээс санал авч буй. АН, МАН-ынхан нэг нэг төлөөлөл сонгон, Төрийн тэргүүний санаачлан батлуулсан эл төслийн өөрсдөд нь “харш” зарим заалтыг өөрчлөхийг оролдож байгаа бололтой юм. Тэдний төсөлд нэг ижил агуулга бий нь хуулийн 26.7-д “Нам хуулийн 26.1-д заасан орлогыг зөвхөн нэг банкны дансаар хүлээн авах бөгөөд өөр харилцах данстай байхыг хориглоно” хэмээх заалттай холбоотой.
Намууд орлогоо нэг дансаар, ил тод тайлагнах тун дургүй байна. Хуулийг хэрэгжүүлээд гурван жил өнгөрөхөд зарим сул тал нь анзаарагдсан хэмээн тэд үзжээ. Намын үйл ажиллагааг улсын хэмжээнд нэг дансаар явуулах нь орон нутгийн салбар байгууллагын өдөр тутмын үйл ажиллагааны бие даасан, хэвийн байдалд нөлөөлж байгаа гэнэ. Ж.Алдаржавхлан гишүүн эл заалтыг нам тогтвортой ажиллах эрх зүйн үндэслэлийг шууд хязгаарласан хэмээн дүгнэсэн. Тиймээс тэрээр боловсруулсан төсөлдөө дээрх заалтаас “Өөр харилцах данстай байхыг хориглоно” гэх хэсгийг хасжээ. Хориглохгүй байна гэдэг нь зөвшөөрсөн гэсэн утга. Тэгвэл Р.Эрдэнэбүрэн гишүүний төсөлд намын төв, аймаг, нийслэл, дүүргийн байгууллага тус бүрд банкны нэг данстай байхаар өөрчилж тусгасан юм.
Одоо гишүүдийн боловсруулж буй төслийн бусад ялгаатай заалтыг сонирхож үзье. Ж.Алдаржавхлан орлого, түүнийг тайлагнах явцад илүү төвлөрсөн төсөл боловсруулсан байна. Улсын төсвөөс олгох санхүүжилтийн нийт хэмжээ нь намын болон сонгуульт гишүүний татвар, иргэн, хуулийн этгээдийн өгсөн хандивын нийлбэрээс хоёр дахин их, эсвэл түүнээс илүү байж болохгүй. Хуулийн эл заалтаас тэрээр хоёр дахин эсвэл илүү хэмээн хязгаар тогтоосон хэсгийг хассан байна. Түүнчлэн нам санхүүгийн тайландаа салбар, бүтцийн нэгж, дэргэдэх судалгааны байгууллагынхаа тайланг нэгтгэх ёстой. Эндээс судалгааны байгууллагыг хассан аж. Харьяа байгууллага нь санхүүгийн тайлангаа хуулийн дагуу гаргаж, төв намдаа болон СЕХ-нд хамтад нь хүргүүлэх хуулийн заалттай. Гэтэл Ж.Алдаржавхлан гишүүний төсөлд СЕХ-нд биш, нам нь өөрөө хяначихад болно гэж үзжээ. Хуулийн 35.4-т “Намын нэг жилд өөрийн хөрөнгө, түүнээс олсон орлого нь тухайн намд олгосон төрийн санхүүжилтийн 50 хувиас ихгүй байна” гэсэн заалт байдгийг хэрэггүй, хасъя гэсэн байна.
Улс төрийн намын тухай хуулиар нам байгуулахаас эхлээд үйл ажиллагаа, санхүүгийн тайлан зэрэг бүх мэдээллийг хянах эрхийг СЕХ-нд өгсөн нь зарим улстөрчид таалагдахгүй байгаа аж. Гишүүн төслийн үзэл баримтлалдаа орлогын хэмжээг төрийн санхүүжилттэй уяж хязгаарласан заалтуудыг Улс төрийн намын тухай хуулийн 27.1 дэх “УИХын ээлжит, ээлжит бус сонгуулиар нэрийн жагсаалтад бүртгэгдсэн нийт сонгогчийн тоог нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний 0.7 хувиар үржүүлснээс илүүгүй төгрөгийг улсын төсвөөс намуудад энэ хуульд заасны дагуу хуваарилах замаар төрийн санхүүжилт олгоно” гэсэн заалттай шууд зөрчилдөж байна гэжээ. Ийнхүү хязгаарлах нь намын үйл ажиллагааг хумигдуулж, бие даан тогтвортой үйл ажиллагаа явуулах, санхүүгийн хувьд дотооддоо бэхжих боломжгүй болгож байна гэв. Намын санхүүгийн тайланд дэргэдэх судалгааны төвийн асуудлыг хамаатуулах нь үйл ажиллагааг улсын хэмжээнд явуулах эрх зүйн болон санхүүгийн боломжийг хязгаарлана гэж үзжээ. Гэхдээ түүний гол үндэслэл нь энэ биш мэт санагдсан. “Дэргэдэх байгууллагын санхүүгийн тайланг нэгтгэн гаргаснаар хуульд заасан санхүүжилтийн дээд хэмжээ зөрчигдөхөд хүрээд байна” гэсэн нь л гол “айдас” нь аж. Тэрээр эл төслөө 2025 оны есдүгээр сард УИХ-д хэдийнэ өргөн барьсан юм. Эдүгээ Засгийн газар зэрэг байгууллагын санал авах шатандаа яваа юм билээ.
Харин Р.Эрдэнэбүрэн гишүүн хандивт илүү анхаарчээ. Хүчин төгөлдөр үйлчилж буй хуулийн дагуу эдүгээ нам нэг жилд иргэнээс хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 12, хуулийн этгээдээс 50 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэхээс илүү хэмжээний хандив авахыг хориглодог. Өнөөдрийн байдлаар нэг иргэн намд жилд 9.5 сая, байгууллага 39.5 сая төгрөгийн хандив өгч болдог гэсэн үг. Тэгвэл тэрээр эдгээр тооны ард нэг тэг нэмчихэж. Ингэснээр иргэн 95 сая, хуулийн этгээд 396 сая төгрөгийн хандив өгч болох нь. Ямар тооцоо, судалгааны үндсэн дээр ингэж огцом нэмсэн бэ гэх асуулт гарна. Харин гишүүн үзэл баримтлалдаа “Намд өгөх хандивын дээд хэмжээ нь эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдал, инфляцын түвшин болон сонгуулийн үйл ажиллагааны бодит зардлын хэрэгцээтэй нийцэхгүй байна” гэсэн ерөнхий тайлбар бичжээ. Мөн хуулийн 33.8 дахь “Хуулийн этгээдийн намд өгсөн хандивын хэмжээг уг хуулийн этгээд, түүний хараат болон охин компани, салбар, төлөөлөгчийн газрын өгсөн хандивын нийлбэр дүнгээр тооцно. Намд өгсөн хандивын хэмжээг мөнгөн болон мөнгөн бус хандивын нийлбэр дүнгээр тооцно” хэмээх заалтыг хасъя гэсэн байна. Сонгуулийн үеэр томоохон группууд охин компани тус бүрээрээ салгаж хандив өгдөг башир аргыг одоогийн хуулиар халсан юм. Харин гишүүн хуучнаа санагалзаж, тэр арга барилыг зөв хэмээн үзсэн байх нь. Үүнээс гадна хандив авахыг хориглосон байгууллагуудын жагсаалтаас уул уурхай, ашигт малтмалын олборлолт, боловсруулах салбарын хуулийн этгээдийг хассан заалтыг цуцалъя хэмээжээ. Үүнийгээ тэрээр “Хуулийн этгээдийн бие даасан байдлыг хязгаарлаж, зарим салбарт ялгавартай хандан, Үндсэн хуулийн эрх тэгш байдлын зарчим алдагдах нөхцөл үүсгэлээ” гэж тайлбарласан. Түүний хувьд төслөө өргөн бариагүй, олон нийтээс санал авах шатандаа яваа.
Улс төрийн намуудыг дотоод ардчилалтай, хөрөнгө, санхүү нь ил тод, үнэт зүйл, чиг баримжаагаа хөтөлбөртөө тусгаж чанд баримталдаг, сонгогчдын итгэлийг даах институц болж төлөвшүүлэхэд чиглэсэн хэмээн өнөөдөр мөрдөж буй хуулийг тодорхойлж болно. Гэвч дээрх хоёр гишүүний санаачилсан төсөл эл дэвшлээс ухарч байна хэмээн улс төр судлаачид үзэж байна. Тухайлбал, улс төр судлаач Б.Гэрэлт-Од Ж.Алдаржавхлан гишүүний өргөн барьсан төсөлд шүүмж бичиж байжээ. Үүнд “Энэ төсөл нь 2019 оны Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт болон түүний хүрээнд шинэчлэн баталсан хуулийн үзэл баримтлалд нийцэхгүй байна. Мөн шинэчлэлийн гол ололт болохулс төрийн намын санхүүжилтийг хяналтыг сулруулах, төрийн санхүүжилт олгох механизмын шударга байдлыг алдагдуулах сөрөг үр дагавартай. Орлогыг нэг дансанд төвлөрүүлж хүлээж авах нь институцийн хувьд нэгдмэл байдлаа бэхжүүлж, нэг дансаар төвлөрүүлсэн төсөв, үүнд гишүүдийн татвар, хандив, төрөөс олгож буй санхүүжилтийг шат шатны байгууллагадаа төлөвлөн хуваарилах, нэгдсэн бодлогоор мөрийн хөтөлбөр, бодлого, стратеги, төлөвлөгөөний дагуу үйл ажиллагаагаа үндэсний түвшинд удирдан зохион байгуулах ач холбогдолтой. Мөн намын санхүүгийн сахилга бат, хариуцлага сайжирна. Үндсэн хуульд туссан өөрчлөлтийн хэрэгжилтийг хангаж улс төрийн намын орлогыг хянахад дөхөм болно. Харин төсөлд тусгасны дагуу шат шатны намын байгууллага тус бүрдээ орлого төвлөрүүлж, зарцуулснаар зөвхөн МАН, АН-ын үүр, хороодыг авч үзэхэд 3000 гаруй дансаар гүйлгээ хийх нөхцөл үүсэх бөгөөд СЕХ-ны зүгээс үр дүнтэй хяналт тавих боломжгүй болно. Мөн гишүүдийн татвар, тоо, хандивлагч давхардах, хууль бус орлого төвлөрүүлэх, орлогоо нуух, халхавч хуулийн этгээд ашиглаж байгаа эсэхийг хянахад хүндрэл үүсэж, улс төрд хяналтгүй мөнгө эргэлдэх эрсдэл нэмэгдэх сөрөг үр дагавартай” гэж дүгнэсэн байна.
Харин улстөрчид дээрх хоёр гишүүний байр суурийг дэмжсэн хандлагатай байгаа юм. Тийм ч учраас нам тус бүрээс нэг хүн төлөөлж, нэг дансны тогтолцоог халах, хандивын тоог өсгөх, төрийн санхүүжилттэй уялдуулсан орлогын босгыг цуцлах оролдлого хийж буй биз ээ. Хуулийн өөрчлөлтөд дасан зохицож, үйл ажиллагаагаа цэгцлэхийн оронд шууд л цуцлах, өөрчлөх санаачилга гаргаж, дэвшлээс ухрах нь зөв гэж үү. Хяналт сул, дураар дургиж, назгайрсан байдлаа тэд санагалзсаар байна.
С.Туул