Үндэсний их баяр наадмын өмнөх сорилго харваа “Хүй долоо” худагт боллоо. Нийслэлийн иргэдийн баярын хүрээнд болсон “Хүрээ цам – Даншиг наадам”-ын сурын харваанд 700 гаруй харваач цэц мэргэнээ сорилоо. 

Энэхүү харваанд Монгол Улсын дархан мэргэн 5, даяар дуурсах мэргэн 2, даян мэргэн 6, улсын мэргэн 16, Монголын үндэсний харваачдын холбооны хүндэт мэргэн 4, гарамгай, гоц, онч , тод харваач 51, аймгийн цолтой болон спортын цол зэрэгтэй 356, сумын цолтой 164 харваач оролцжээ. Мөн 110 залуу харваач наадмын өмнөх сорилгод цэцээ сорьсон байна. 

Эрэгтэй харваачдаас Монгол Улсын даяар дуурсах мэргэн Л.Отгонбаяр тэргүүлж наадмын өмнөх том сорилгын түрүүг авлаа. Цуваа харвааны удаах байрт аймгийн гарамгай харваач, спортын мастер н.Амартайван, сумын мэргэн, спортын мастер Б.Мөнх-Эрдэнэ нар орж наадамчин олноо баярлуулжээ. 

Эмэгтэй харваачдаас аймгийн мэргэн, спортын мастер Л.Мөнхзул тэргүүлсэн бол Монгол Улсын гоц харваач О.Чинзүрх, Монгол Улсын гарамгай харваач Ч.Гандаваа нар хоёр, гуравдугаар байр эзэллээ.

Даншиг наадмын үндэсний их сурын харваанд хамгийн өндөр оноо авсан харваачид шигшээ харваанд оролцсон. Эдгээр харваачдаас дараах шилдэг 10 харваачид тодорсон.

Нийслэл Улаанбаатар хотын иргэдийн өдөр "Хүрээ цам-Даншиг наадам 2025" арга хэмжээний Үндэсний их сурын харвааны цуваа харвааны эрэгтэй, эмэгтэй төрөлд эхний 10 байранд орсон харваачдыг танилцуулья. 

ЭРЭГТЭЙ:

1-р байр: Ховд аймгийн Булган сумын уугуул, Монгол Улсын Даяар дуурьсах мэргэн Лхамжавын ОТГОНБАЯР;

2-р байр: Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын уугуул, аймгийн гарамгай харваач, спортын мастер н.АМАРТАЙВАН;

3-р байр: Завхан аймгийн Тосонцэнгэл сумын уугуул, сумын мэргэн, спортын мастер Бат-Эрдэнийн МӨНХ-ЭРДЭНЭ;

4-р байр: Завхан аймгийн Түдэвтэй сумын уугуул, аймгийн мэргэн, спортын мастер Цэгмэдийн ГАНХУЯГ;

5-р байр: Говь-Алтай аймгийн Жаргалант сумын уугуул, Монгол Улсын мэргэн Сэнгийн СҮРЭНЖАВ;

6-р байр: Баян-Өлгий аймгийн Буянт сумын уугуул, Спортын дэд мастер Жаргалсайханы ЭНХСАРУУЛ;

7-р байр: Завхан аймгийн Тосонцэнгэл сумын уугуул, аймгийн мэргэн, спортын мастер Түдэвжамцийн ЭРБОЛД;

8-р байр: Баян-Өлгий аймгийн Булган сумын уугуул, аймгийн гарамгай харваач, спортын мастер Баасанжавын ЗАГДЗҮСЭМ;

9-р байр: Архангай аймгийн Эрдэнэмандал сумын уугуул, спортын мастер Балжиннямын БАТСАЙХАН;

10-р байр: Багануур дүүргийн уугуул, аймгийн мэргэн, спортын мастер Жаргалсайханы СОДНОМПИЛ тус тус шалгарав.

ЭМЭГТЭЙ:

1-р байр: Баян-Өлгий аймгийн Алтанцогц сумын уугуул, аймгийн мэргэн, спортын мастер Лувсанцэрэнгийн МӨНХЗУЛ;

2-р байр: Өмнөговь аймгийн Ханхонгор сумын уугуул, Монгол Улсын Гоц харваач Оюунжавын ЧИНЗҮРХ;

3-р байр: Дорнод аймгийн Баяндун сумын уугуул, Монгол Улсын гарамгай харваач Чагнаадоржийн ГАНДАВАА;

4-р байр: Дундговь аймгийн Дэлгэрцогт сумын уугуул, аймгийн гарамгай харваач, спортын мастер Нямлхагвын БАЗАРРАГЧАА;

5-р байр: Увс аймгийн Өндөрхангай сумын уугуул, Аймгийн мэргэн, спортын мастер Дарханцогтын АРИУНДАРЬ;

6-р байр: Булган аймгийн Рашаант сумын уугуул, Аймгийн онч харваач Наваантуяагийн БАНЗРАГЧ;

7-р байр: Дундговь аймгийн Дэлгэрхангай сумын уугуул, аймгийн онч харваач, спортын мастер Жамбалцэрэнгийн НАРАНГАРАВ;

8-р байр: Өвөрхангай аймгийн Нарийнтээл сумын уугуул, Монгол Улсын Даяар дуурсах мэргэн Бадам-Очирын ПУНСАЛДУЛАМ;

9-р байр: Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын уугуул, Монгол Улсын мэргэн Лхагвасүрэнгийн ОДСАЙХАН;

10-р байр: Өвөрхангай аймгийн Богд сумын уугуул, аймгийн Гоц харваач Хэвэлхүүгийн ОДСҮРЭН тус тус шалгарлаа.