
Иргэдийнхээ ажил, амьдрал, төлөвлөгөөг үл тоон гэнэтийн шийдвэр гаргаж тоглодог дарга нар энэ удаад мөн иргэдээрээ тоглолоо. Амралын өдрийн орой гэнэтхэн л “Маргаашнаас та машинтайгаа замын хөдөлгөөнд оролцохгүй” гэсэн шийдвэр гаргав. Тухайн шийдвэр нь хэрэгжиж эхлэхээс 12-хон цагийн өмнө иргэддээ мэдээллэж байх жишээтэй. Өнөөдөр хот руу орж ирэхээр төлөвлөж байгаа хүмүүс яах нь энэ шийдвэрийг гаргаж байгаа дарга нарт хамаа алга. Өчигдөр орой Тээврийн цагдаагийн албанаас “Арванхоёрдугаар сарын 15 буюу өнөөдрөөс эхлэн энэ сарын 31-нийг дуустал Улаанбаатар хотод тээврийн хэрэгслийг улсын дугаарын тэгш, сондгойгоор хөдөлгөөнд оролцуулна” гэж мэдээллээ. Дээрх хугацаанд 08:00-20:00 цагийн хооронд бүсчлэл хамаарахгүйгээр тээврийн хэрэгслийг улсын дугаарын тэгш, сондгойгоор хөдөлгөөнд оролцуулахаар шийдвэрлэсэн болохоо танилцуулсан юм. Харин арванхоёрдугаар сарын 29-ний даваа гарагт Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний баярын өдөр тохиож буй тул хязгаарлалт үйлчлэхгүй гэдгийг хэлсэн.
Тээврийн цагдаагийн албаны Урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн Г.Отгонтамир ийм шийдвэр гаргах болсон шалтгааныг тайлбарлахдаа “Шинэ жилийн баяр дөхсөнтэй холбоотойгоор томоохон зах, худалдааны төв болон гол гудамж замуудын хөдөлгөөний ачаалал эрс нэмэгдсэн. Үүнтэй холбоотойгоор иргэдээс автомашины улсын дугаарын тэгш, сондгойгоор зорчих хүсэлт ирсэн. Тиймээс иргэдийн хүсэлтийн дагуу автомашины улсын дугаарын тэгш, сондгой хязгаарлалт хийх эсэх санал асуулга явуулсан. Санал асуулга өнөөдөр (өчигдөр) 18:00 цагт дууссан бөгөөд иргэдийн 52 хувь нь дэмжсэн” гэв. Гэнэтийн энэхүү шийдвэрт иргэд шүүмжлэлтэй хандаж буйгаа илэрхийлэхтэй зэрэгцэн Хууль зүй дотоод, хэргийн сайд Б.Энхбаяр цахим хуудсандаа "Дугаарын хязгаарлалттай холбоотойгоор Тээврийн цагдаагийн албанаас хийсэн мэдээллийг нягтлахад дугаарын хязгаарлалт хийх тухай Нийслэлийн Засаг даргын захирамж гарч, Тээврийн цагдаад албажиж ирээгүй бөгөөд хотын захиргаанаас амаар өгсөн чиглэлийн дагуу Тээврийн цагдаагийн алба мэдээлэл хийсэн байна. Энэ тухай Хууль зүй, дотоод хэргийн сайд, Цагдаагийн ерөнхий газрын даргад мэдэгдээгүй байсан. Хариуцлага яригдана. Албажаагүй, ам шийдвэрээр иргэдийн эрхийг хязгаарлахгүй байх талаар Цагдаагийн ерөнхий газарт үүрэг өгөв" гэсэн юм. Ингэснээр иргэдийнхээ талд зогссон Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаярын нэр хүнд багахан ч гэсэн өссөн байх. Энэ нь бас л манай дарга нарын нэр хүндээ өсгөдөг тактик. Хориглосон шийдвэр гаргасны дараа түүнийг нь цуцалж, шийдвэр гаргасан хүмүүсийг нь донгодож нэр хүндээ өсгөдөг.
Мөн нэг шийдвэрээр нэлээд олон туулай буудах тохиолдол ч бий. Энэ удаагийн шийдвэрээр замын хөдөлгөөний ачааллыг бууруулах, нийтийн тээврийн үйлчилгээний чанарыг сайжруулах, шатахууны эрэлтийг бууруулах зэрэг олон туулай буудах гэж оролдов. Товчхондоо, Аж үйлдвэрийн сайд Г.Дамдинням, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын, захирагч Х.Нямбаатар нарт ашигтай, ажлыг нь хөнгөвчлөх шийдвэр байлаа.
Нэгдүгээрт, замын хөдөлгөөний ачаалал буурна.
Хоёрдугаарт, замын хөдөлгөөний ачаалал буурснаар нийтийн тээврийн автобуснууд нэг талдаа гарч түгжрээд ирэхгүй уддаг асуудал арилна.
Гуравдугаарт, Улаанбаатар хотын авто машины тал нь замын хөдөлгөөнд оролцохоо больсноор шатахууны хэрэглээ, эрэлт буурна. Дарга нарын хувьд ийм л давуу талууд үүсэх байсан учир дээрх шийдвэрийг гаргасан бололтой. Ялангуяа, шатахууны эрэлт үнэхээр асуудал болж байна. Шатахуун түгээх станцуудын ихэнх нь шатахуун байхгүй гээд өгөхгүй, өгч байгаа цөөхөн хэд нь уртаас урт дараалал үүсгэж байна. Энэ байдлаараа удахгүй бүр нийтийн тээврийн тээвэр нь ч шатахуунгүй болж зогсож мэдэх нь. Уг нь саяхан УИХ-аас тогтоол баталж шатахууны нөөцийг нэмэгдүүлэх зорилгоор импортлогч аж ахуйн нэгжүүдэд хөнгөлөлттэй зээл олгохоор болсон. Гэтэл байдал эсрэгээрээ улам дордож байна. Иргэд ч энэ байдалд дассаар л байна.