“Хүрээ цам-Даншиг наадам 2025” шашин, соёлын наадмыг зургадугаар сарын 28-29-ний өдрүүдэд Хүй долоон худагт зохион байгуулахаар болжээ. Энэ жилийн хувьд анх удаа нийслэл хотын иргэдийн баяр болгон зохион байгуулж байгаагаараа онцлогтой. Тус наадмыг НЗДТГ, нийслэлийн Аялал жуулчлалын газар, Монголын бурхан шашинтны төв Гандантэгчэнлин хийд хамтран зохион байгуулна.
Хүрээ цам-Даншиг наадам нь монголын соёл, шашны зан үйл, уламжлалыг түгээн дэлгэрүүлэх, аялал жуулчлалыг хөгжүүлж, олон улсын жуулчдыг татах зорилготой. Тухайлбал, тус наадмаар бурхны шашны бага таван ухааны бүжиглэлийн ухаанд багтах цам харайх үзүүлбэр үзүүлдэг. Нийт 120 гаруй цамчин уран нарийн хийцтэй хувцас өмсгөл, багтай, гоёмсог чимэг зүүлт, хэрэгслээр гоён, гар, хөл, биеийн хөдөлгөөнөөр дотоод сэтгэлийн амар амгалан, бясалгалыг илэрхийлдэг. Хортон дайсан, ад зэтгэрийг даран сөнөөж буйг уран яруугаар харуулдаг бми
120 гаруй цамцин Очирваань бурхан, Цагаан өвгөн, нийслэл хотыг хүрээлэх дөрвөн дагшин уулын эзэд болох хангарди, гахай, нохой, хөх өвгөн зэрэг дүрд хувирч, сүрдэм бишрэм үзүүлбэрийг үзүүлдэг онцлогтой юм. Түүнчлэн даншиг наадмын үеэр хүчит бөхийн барилдаан, хурдан морь болон жороо морины уралдаан, сээр цохих тэмцээн, шагайн болон сур харвааны наадам болно.
Харин лам нарын дунд ном хаялцах, мэтгэлцэх, балин тосон урлалын тэмцээн зохиогддог бөгөөд Даншигийн цуваа, Сүнчэ айлдвар, Очирвааний тахилга, Чингис хааны сан, цам харайх, сор залах, соёмбот туг залах, шашны сүлд дуулал эгшиглүүлэх зэрэг шашин соёлын олон арга хэмжээ болох юм.
Зургаадугаар сарын 27-ны өдөр Улаанбаатар хотын тахилга шүтлэгт дөрвөн уул болох Богдхан, Сонгинохайрхан, Чингэлтэй хайрхан, Баянзүрх хайрханыг тахих ёслолоор даншиг наадмын үйл ажиллагаа эхэлнэ. Энэ үеэр нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг сүм хийдүүд цан хэнгэргээ дуугарган, ард иргэдийн сайн сайхны төлөөх хурал ном хурж, буян үйлдэн, сайн үйлсийн ажил зохион байгуулна.
Даншиг наадам нь анх 1639 онд Өндөр гэгээн Занабазарыг Монгол түмний шашны тэргүүн, анхдугаар Богд Жавзандамба хутагтын ширээнд өргөмжлөн залах үеэс эхлэлтэй бөгөөд Монголын шашин соёлын томоохон арга хэмжээ болж уламжлал болон зохион байгуулагдсаар байна.