
“Милан-Кортина 2026” өвлийн олимпын XXV наадам нээлтээ хийхэд долоо хоног үлдлээ. Ром хотоос 2025 оны арванхоёрдугаар сарын 6-д эхэлсэн Олимпын бамбар ирэх долоо хоногт Милан хотод очино. Өвлийн олимпын наадмыг өмнө нь гурван удаа зохион байгуулж байсан италичууд үзэсгэлэнт хот, тосгоноор олимпын бамбарыг аялуулж байна. Милан хотоос гадна Кортина д’Ампеццо мужийн олимпын баазад болох наадмын урьдчилсан бэлтгэл ажил хангагдаж байгааг зохион байгуулагчид мэдэгдсэн.
Ирээдүйг төсөөлөх/Envision the Future/ уриатай өвлийн олимпын XXV олимпын наадамд 92 орон оролцохоос ОХУ, Беларусын тамирчид төвийг сахисан статустай оролцоно.
МОНГОЛЫН ЦАНАЧИД ГУРВАН ЗАЙД УРАЛДАНА
Монголын баг тамирчид 1964 оны Инcбрукийн өвлийн олимпын IX наадамд биатлон, гүйлтийн цана, тэшүүрийн гэсэн өргөн бүрэлдэхүүнтэй оролцож байсан бол XXV наадамд гурван тамирчин эрхийн болзол хангасан юм. Монголчууд анх удаа уулын цанын төрлөөр эрх авч уралдах гэж байна. Энэ болзлыг уулын цаначин А.Ариунбат биелүүлсэн. Түүний уралдаан хоёрдугаар сарын 16-д болно.
Өвлийн олимпын наадамд тасралтгүй оролцож буй гүйлтийн цаначид энэ удаа гурван зайд уралдана. 31 насандаа гурав дахь олимпын наадамд оролцох Б.Ачбадрах олимпын эрхийн болзлыг хамгийн түрүүн биелүүлсэн. Тэгвэл эмэгтэй цаначдаас Э.Ариунтунгалаг анх удаа олимпын замд уралдах гэж байна. Энэ жил 29 настай тэрээр гүйлтийн цанаас гадна биатлоноор хичээллэдэг юм.
Цаначид ойрын зай болон чөлөөт тэшилт /10км/, скиатлон төрөлд /10км+10км/ уралдана. Гүйлтийн тэмцээн хоёрдугаар сарын 7-22-ны өдрүүдэд явагдана.

АНУ, КАНАД, ГЕРМАН, ШВЕЙЦАР, ФРАНЦ, БНХАУ-ААС ХАМГИЙН ОЛОН ТАМИРЧИН ОЧНО
Энэ удаа АНУ-аас хамгийн олон буюу 233 тамирчин оролцохоор болжээ. Харин Канад 206, Герман 184, Швейцар 175, Франц 155, БНХАУ 125, Япон 118, Австри 116, Чех 115, Швед 113 тамирчнаа илгээх болсон нь хамгийн өндөр оролцоотой орноор тодорч байна. Харин наадмыг зохион байгуулагч орны давуу байдлаар Италийн багаас нийт 196 тамирчин олимпод өрсөлдөнө. Азийн бусад орнуудаас БНСУ 71 тамирчинтай бол Иран, Хонконг, Узбекистан 4 тамирчнаа илгээхээр болжээ. Мөн Тайланд, Энэтхэг, Филиппин, Сингапур, Малайз зэрэг улсаас 1-3 тамирчин өвлийн олимпын наадамд оролцох эрхтэй болсон.

ОХУ-ААС 13 ТАМИРЧИН ИТАЛИД ОЧНО
Олон улсын олимпын хорооноос ОХУ-ын 13 тамирчин олимпын наадамд оролцохыг энэ долоо хоногт мэдэгдлээ. Олимпын наадамд багийн төрөлд ОХУ-ын тамирчид оролцохгүй. Харин хувийн төрлөөр 12 тамирчин өрсөлдөх эрхтэй боллоо. Энэ удаа уулын цана, гүйлтийн цана, шорт-трек, тэшүүр, чарга болон уран гулгалт, скимо /Ski mountaineering/ төрөлд хойд хөршийн тамирчид оролцоно. Скимо төрлөөс бусад төрөлд хоёр тамирчин оролцохоор болжээ. Тамирчдын дунд уран гулгалтаар ОХУ-ын аварга Аделия Петросян, Пётр Гуменник нар багтжээ. Мөн Беларусын долоон тамирчин төвийг сахисан статустай олимпын наадамд өрсөлдөнө.

МИЛАНД НЭЭЛТ БОЛЖ, ВЕРОНАД ХААЛТ БОЛНО
Олимпын тэмцээн, уралдаанууд Италийн хойд хэсгийн дөрвөн том бүс нутагт болно. Милан хотоос гадна Кортина д’Ампеццо мужийн үзэсгэлэнт нутагт олимпын наадмын төрлүүд явагдана. Энэ наадмын нээлт болон хаалт өөр өөр хотод болж байгаагаараа онцлог болж байна. Наадмын нээлт хоёрдугаар сарын 6-д алдарт Сан Сиро цэнгэлдэх хүрээлэнд болох юм. Милан хотын энэ алдарт цэнгэлдэх хүрээлэн хөлбөмбөгийн АС Милан, Интер Милан клубүүдээр алдаршсан билээ. Энэ хүрээлэн 2026 онд 100 жилийн ойгоо тэмдэглэж байгаа гэдгээрээ онцлогтой болж байна. Тиймээс наадмын нээлтийн арга хэмжээ Милан хотын Сан Сиро цэнгэлдэх болж, орон орны төлөөлөл оролцоно. Мөн дэлхийн алдартай дуучид нээлтийн арга хэмжээнд уригдах болсныг онцолж байгаа. Харин хаалтын арга хэмжээ Венето бүс нутгийн Верона хотын олимпын цэнгэлдэх хүрээлэнд болохоор төлөвлөгджээ. Уильям Шекспирийн Ромео, Жульетта хоёроор алдартай энэ хотод олимпын наадмын хаалтыг хоёрдугаар сарын 22-д хийхээр болсон. Залуу хосын хайрын түүхээр алдаршсан Верона хотод өвлийн спортын наадмын хаалт болж спортын үйл явдлын том гэрч болно гэдгийг зохион байгуулагчид онцолж байна.

