
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл хийлээ.
Тэрээр "Сүүлийн өдрүүдэд улстөрийн халуун өдрүүд өрнөж байна. МАН-ын даргын сонгууль болсонтой холбоотой улс төрийн үйл явдал эрчимтэй өрнөж байна. Би МАН-ын даргад нэр дэвшихдээ хувь хүн бус хууль засагладаг эрх зүйт төрийг бий болгохын төлөө, хувь хүний бус хамтын удирдлагын байгууллагыг хэвээр хадгалахын төлөө, парламентийн дархлааг улам бүр бэхжүүлэхийн төлөө МАН-ын даргад нэр дэвшиж байгаагаа хэлсэн. МАН-ын Бага хурлын гишүүдийн үнэмлэхүй олонхын саналаар би МАН-ын даргаар сонгогдсон. Сонгуульд хамт өрсөлдсөн намын нөхөр маань ялагдлаа хүлээн зөвшөөрөхгүй байгаагаас үүдэлтэйгээр сүүлийн өдрүүдэд гүйцэтгэх засаглалаас увайгүйгээр олон үндэслэлгүй, баримтгүй зүйлээр гүтгэж олон нийтийг төөрөгдүүлж байна.
Мөн сүүлийн өдрүүдэд гүйцэтгэх засаглалийн зүгээс парламентийн үйл ажиллагааг доголдуулах, бойкотлох ажил зохион байгуулалттайгаар хийж байна. Хамгийн тод жишээ дөнгөж сая Хууль зүйн байнгын хороог хаалаа. Өнөөдөр 15:00 цагаас хурлаа эхлүүлсэн. Засгийн газар болон бусад УИХ-ын гишүүдээс магадгүй Ерөнхий сайдаас авч байгаа дарамтаас хамааралтайгаар Хууль зүйн байнгын хорооны хурлыг хуралдуулахгүйгээр бойкот хийлээ. 10 гишүүн ирцэнд бүртгэгдээд хоёр цаг хүлээгээд хурал болсонгүй. Миний хувьд Хууль зүйн байнгын хорооны гишүүдийн гаргасан саналыг үндэслэн тус Байнгын хорооны даргатай зөвшилцөн өнөөдрийн үүсээд байгаа нөхцөл байдалтай холбогдуулж Цагдаагийн байгууллагын удирдлагуудаас цаг үеийн шинжтэй бодитой мэдээллүүдийг авах асуудлыг УИХ өөрийн эрх үүргийнхээ хүрээнд хийх ёстой гэж ярилцаж шийдсэн. Монголын ард түмэн хэвлэлээс ээлж дарааллан хийж байгаа мэдэгдлээс мэдээлэл авахаас илүүтэйгээр мэргэжлийн Байнгын хороон дээр хууль хяналтын удирлагууд ирж болж байгаа нөхцөл үйл явдал дээр бодитой хариулт өгөх нь нэн чухал гэж үзээд Хууль зүйн байнгын хорооны хурал зарлагдсан. Харамсалтай нь бойкотлогдсон, намайг гүтгэсэн этгээдүүд хуралд ирээгүйн улмаас Байнгын хорооны хурал болсонгүй. Хууль зүйн байнгын хороо ойрын хугацаанд хуралдаж төрийн үйл хэргийг тасалдахгүй явах нөхцлийг бүрдүүлнэ гэдэгт итгэлтэй байна.
Сүүлийн хоёр жил намайг нүүрсний хулгайч мэтээр зарласан. Ямар ч баримт, нотолгоогүй. МАН-ын даргад нэр дэвшинэ гэж мэдэгдсэнээс хойш энэ үйл явдал илтэд идэвхжлээ. Улс төрийн дарамт, улс төрийн дарангуйлал Монгол Улсад бүрэн тогтсон гэдгийн тод жишээг би өнөөдөр өөрийн биеэр харж байна. Хууль хяналтын байгууллага асар их дарамт дунд үйл ажиллагаа явуулахад ихээхэн хүндрэлтэй байгаа гэдгийг мэдэрч авлаа.
Хэвлэлээр намайг нүүрсний хулгайч мэтээр зарлаж явсан нөхрийг хоёр өдрийн өмнө Ерөнхий сайд Г.Занданшатар Хууль зүй, дотоод хэргийн сайдаар зарлаж Үндсэн хууль зөрчлөө. УИХ, Ерөнхийлөгчид танилцуулахгүйгээр Хууль зүй, дотоод хэргийн сайдыг томилж байгаагаа зарласан үйл явдал болсныг та бүхэн мэдэж байгаа. Намайг хоёр жилийн турш ямар зорилгоор нүүрсчин болгох энэ ажил хийгдсэн бэ гэдгийн учир нь тайлагдсан. Нүүрсчин болгох гэж гүтгэж байсан этгээд нь нүүрсчин болгуулахаар захиалга өгсөн этгээдээсээ Хууль зүй, дотоод хэргийн сайдын албан тушаалаар шагнуулж явааг ард түмэн харлаа.
Улс төрийн өндөр албан тушаалтай этгээдүүд гүжир гүтгэлгийн шинжтэй мэдээллүүдийг олон нийтэд мэдээллэж төөрөгдүүлж байна. Энэ бол ардчилсан улсын парламентын засаглалд аюул ирсний том дохио юм. Өнөөдөр Амарбаясгалангийн асуудал байж болно. Гэхдээ маргааш бусдын асуудал болно. Монгол Улс эрх чөлөөт ардчилсан нийгмээ алдах эрсдэлд орж байна. УИХ-д суудалтай намуудад хандаж хэлье. Аливаа асуудалд ул суурьтай баримт материалтайгаар хандах нь зүйтэй. Би АН-ын Улс төрийн зөвлөл болон АН-ын бүлгээс гаргасан шаардлагыг хүндэтгэлтэйгээр хүлээж авч байгаа. Х.Тэмүүжин гишүүний хэлсэнчлэн АН-ын бүлэг бүлгээ хуралдуулж намайг оруулж албан ёсны тайлбар хийлгэнэ гэдэгт итгэлтэй байна. ЦЕГ-т би гомдол гаргасан. Намайг хүн амины хэрэгт гүтгэсэн. Үүнтэй холбогдуулан тайлбар гаргаж өгөөч гэж хүссэн. ХЗДХ-ийн сайд Л.Мөнхбаатарт хууль хяналтын байгууллагын үйл ажиллагааг яаравчлуулж өгөөч гэж хандсан. Үүнээс болоод Л.Мөнхбаатар сайдыг чөлөөлөх гэж байна. Өнөөдөр Хууль зүйн байнгын хорооны хурал зарлагдсаны хүчинд хариу ирлээ. Талийгаачид холбогдох хэрэгт хэрэг үүсгэхээс татгалзсан бичиг ирсэн байна. Энэ баримтад гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэг бүртгэлийн хэрэг нээхээс прокурор татгалзсан юм байна.
30 сая ам.долларыг ковидын үед хилээр оруулж ирсэн, баримтыг нь мэдэх хүнийг “нухчихсан” гэж гүтгэсэн. Албан тушаалд дуртай байж болно. Гэвч эцэг хүний хувьд баймгүй ёс зүй. Энэ хэрэг прокурорын түвшинд бүрэн хаагдсан байна. Талийгаачийн ар гэрийнхэн Монголын хэвлэл мэдээллийн байгууллагад олон баримтыг тамга тэмдэгтэй нь ирүүлсэн байна лээ. УИХ-ын гишүүдийн улс төрийн байр сууриа илэрхийлэх эрх чөлөө гэдэг амин чухал. Хоёр их гүрний дунд оршдог манай улс хүний эрхийг л дээдлэх ёстой. 126 гишүүнтэй парламент бүрдсэн үндсэн шалтгаан энд л бий. Парламентын засаглалаас хэзээ ч ухарч болохгүй. Өнөөдөр хуулийн байгууллага ажиллахад маш хүнд байна. Тэдэнд очиж байгаа улс төрийн дарамтаас зэвүүцэн жигшиж байна. Би энэ дунд хүч мөхөстөж байгаагаа бас хэлмээр байна" гэв.