
Шотландын иргэн, идэвхтэн Жагтар Сингх Жохал Энэтхэгт найман жилийн турш хоригдож байгаа бөгөөд “сэтгэл зүйн эрүүдэн шүүлтийн нэг хэлбэр”-л өртөж байна гэж НҮБ-ын шинжээчид мэдэгдлээ.
Дамбартон хотоос гаралтай Жагтар Сингх Жохал 2017 онд Энэтхэгт хуримаа хийснээс хэдхэн долоо хоногийн дараа баривчлагдсан бөгөөд түүнээс хойш хоригдож байгаа юм.
39 настай Жохалын холбогдсон террорист бүлэглэлийг санхүүжүүлсэн гэх хэрэг нь өнгөрсөн жил цагаатгагдсан ч Энэтхэгийн эрх баригчдын зүгээс түүнийг холбооны түвшний бусад хэрэгт холбогдсон хэвээр байгаа гэж мэдэгдэн хорьсоор байна.
НҮБ-ын 10 шинжээч мэдэгдэл гаргаж, үлдсэн хэргүүдийг хэрэгсэхгүй болгож, Жохалыг нэн даруй суллахыг Энэтхэгийн засгийн газраас шаарджээ.
Шинжээчид, түүний дотор НҮБ-ын Дур мэдэн хорих асуудал хариуцсан ажлын хэсгийн гишүүд, Жохалыг үргэлжлүүлэн хорих ямар ч үндэслэлгүй бөгөөд энэ хэрэг “шударга ёсны ноцтой алдаа”-г илэрхийлж байна гэж үзсэн байна.
Тэдний мэдэгдэлд “Олон улсын хууль тодорхой байдаг. Удаан хугацаанд шүүхийн шийдвэр хүлээх үед үүсэх хүчтэй сэтгэл зүйн зовлон нь эрүүдэн шүүлтэд тооцогдоно. Цаг хугацаа төвийг сахидаггүй. Урт хугацааны хүлээлт нь тэсвэрлэхийн аргагүй түгшүүр, стресс үүсгэж, хүний эрхийн олон улсын хуулиар хориглосон хор уршгийг бий болгодог” гэжээ.
Жохалыг хорьж буйг 2022 онд НҮБ “дур мэдэн хорих” гэдгийг хүлээн зөвшөөрсөн бөгөөд тэр өөрийгөө эрүүдэн шүүлтэд өртсөн гэж мэдэгдэж байсан юм.
Энэтхэгийн эрх баригчид эрүүдэн шүүлтийн талаархи мэдэгдлийг үгүйсгэж, хууль ёсны ажиллагаа явагдаж байна гэж мэдэгдсээр ирсэн.