
Энэ долоо хоногт өрнөсөн онцлох үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.
Ерөнхий сайд Г.Занданшатар Рио Тинто группийн зэсийн группийн захирал Кэйти Жексон тэргүүтэй албаны бусад хүмүүстэй өнгөрсөн даваа гарагт уулзаж, Оюу Толгой төслөөс Монголын талын хүртэх өгөөжийг 60 хувиас доошгүй байлгах, зээлийн хүүг бууруулж, менежментийн төлбөрийг багасгах санал тавьсан.
Монголын Засгийн газар уурхайг хөгжүүлэхэд шаардлагатай хөрөнгө оруулалтын өөрийн хувийг санхүүжүүлэхийн тулд Rio Tinto-оос олон тэрбум ам.долларын зээл авсан бөгөөд уг зээлийн хөвөгч хүү одоогоор ойролцоогоор 11.3 хувь байна. Засгийн газар одоо уг зээлийн хүүг бууруулах болон төслийн жил бүрийн менежментийн төлбөрийг багасгах зорилготой. Ерөнхий сайдын зарчмын байр суурь, хатуу шаардлага үр дүнд хүрч, “Рио Тинто” буулт хийж эхэлжээ. Тухайлбал, мягмар гарагт “Оюу толгой” ХХК татварт төлөх ёстой, акт тавигдсан 1 их наяд 570 тэрбум төгрөгийг Төрийн сангийн дансанд шилжүүлсэн байна. Лхагва гарагт Засгийн газрын ээлжит хуралдаанаар Оюутолгойн хэлэлцээртэй холбоотой асуудлыг мөн ярилцаж, ажлын хэсгийн бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулжээ. Цаашид Сангийн сайд Б.Жавхлангаар ахлуулсан ажлын хэсэг “Оюу толгой” төслийн зээлийн хүүг 11 хувь байгааг хоёр дахин бууруулах, менежментийн төлбөрийг зардал дээрээс нь биш орлого, үр дүнгээс нь авах зарчмын өөрчлөлт оруулах зэрэг асуудлаар хэлэлцээ хийх юм. Ажлын хэсэг “Оюутолгой” төслөөс Монгол Улсын хүртэх үр өгөөжийг эхний ээлжид 53 хувь, цаашид 60 хувьд хүргэхийн төлөө хэлэлцээр хийж байна.
Өсвөр насны хүүхдүүд нэгнээ бүлэглэн зодож, зүй бус авирлан, тус үйлдлээ олон нийтийн сүлжээнд дэлгэсэн нь олны анхааралд оров. 3 дугаар сарын 9-ний шөнө цахим сүлжээнд тархсан бичлэгийн тухайд цагдаагийн байгууллагаас дээрх хэрэгт 8 хүүхдийг холбогдуулан шалгаж байна.
Хүүхдүүд нэгнээ элдэвлэж, эрүүл мэнд, сэтгэл зүй, амь нас, амьдралын чанар, ирээдүйд нь сүүдэр тусгасан анхны тохиолдол ч энэ биш. Өмнө нь энэ төрлийн цөөнгүй гэмт хэрэг илчлэгдэж, нийгэмд шуугиан тарьж байсан бөгөөд илчлэгдээгүй энэ төрлийн үйлдэл өдөр бүхэн нүд, чихнээс далд үйлдэгдсээр байгаа.
Боловсролын сайд П.Наранбаярын өгсөн мэдээллээр "Аюулгүй сургууль" аргачлалын санал асуулгад оролцсон сурагчдын 79 хувь нь дээрэлхэлт дунд байгаагаа илэрхийлсэн бол 33 хувь нь "Сургууль дээрэлхэлтээс хамгаалдаггүй" гэж хариулсан байна. Засгийн газраас нийгмийн сүлжээнд хүүхдийн оролцоог зохицуулах тухай хуулийн төсөл боловсруулж УИХ-д өргөн мэдүүлэхээр бэлтгэж байна. Хуулийн төсөл нь 16 насанд хүрээгүй хүүхдийн мэдээллийн аюулгүй байдлыг хангах, хүүхдийг нийгмийн сүлжээнээс шалтгаалсан эрүүл мэнд, оюун санаа, хүмүүжил, төлөвшилд үзүүлэх сөрөг нөлөөллөөс сэргийлэх, гэмт хэрэг, зөрчил, халдлагад өртөхөөс хамгаалах зорилгоор тэдний “насны хязгаартай нийгмийн сүлжээ”-нд бүртгэхийг хязгаарлах зорилготой юм.
Үе тэнгийн дээрэлхэлт даамжирч, өсвөр насныхан гэмт хэрэг үйлдэх болсонтой холбоотойгоор хүүхэд дээрэлхсэн хүүхдийг сургуулиас нь хөөж, их, дээд сургуульд элсэн суралцах боломжийг нь боомилж, ажлын байранд гарч, гадаад, дотоод явах эрхийг нь хязгаарлах асуудал сөхөгдөж эхлэв. Харамсалтай нь суурь асуудлыг шийдэхгүйгээр шийтгээд үр дүнд хүрэхгүй. Хүүхдүүдийг дан ганц нийгмийн сүлжээнд орохыг нь хориглоод асуудал углуургаараа шийдэгдэхгүй. Мөн нийгмийн сүлжээний ашиглалтыг тандах, мэдэх боломж ч хязгаарлагдмал юм. Тиймээс асуудал үүссэн үед гал намдаадаг танил тактик энэ удаа ч хэрэгжиж байна.
ИЗНН-ын онц их хурлаар УИХ-ын гишүүн, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Б.Батбаатарыг намаас нь хөөж байгаа тухай мэдээлэл гарсан. Үүнтэй холбогдуулан тэрээр байр сууриа илэрхийлэхдээ "Дүрэм бусаар намын онц их хурал зарлаж байгаа эрх мэдлийг авахыг оролдож байна. 2027 оны Ерөнхийлөгчийн сонгуульд ИЗНН-ын нэрийн өмнөөс улс төр бизнесийн бүлэглэлийн захиалж байгаа хүнийг нэр дэвшүүлэхгүй. Үүнийг хэлж эхэлснээс хойш манай нам дотор ийм асуудал явж эхэлсэн. Энэ ажиллагааг зохион байгуулж байсан хүмүүс надаас албан тушаал нэхэж байсан. ИЗНН-ын нэрээр парламентын гишүүн болсон хүн намын үзэл баримтлалыг дагах ёстой" хэмээсэн юм.
Харин онц их хурлаас намын даргаар сонгогдсон УИХ-ын гишүүн Р.Батболд "Манай нам Дээд шүүхээс дөрвөн удаа дүрмээ буцаалгачихаад байна. Нам дүрмээ бүртгүүлж чадахгүй бол намыг түдгэлзүүлэх, улстөрийн үйл ажиллагаа явуулахгүй байх цаашлаад татан буух хэмжээнд хүрсэн. Анхан дунд шатны байгууллагуудын шаардлагаар нийт гишүүдийн онц их хурал зарлаж хуралдуулсан. Хуучин дүрмээрээ явна гэвэл Улс төрийн намын тухай хуулийг зөрчинө. Онц их хурлын шийдвэрийг дээд шүүхрүү явуулна. Дээд шүүх яаж шийдэхийг бид хүлээнэ. 2025 оны тавдугаар сард Б.Батбаатарыг Дээд шүүх намын даргаар бүртгэхээс татгалзсан. Б.Батбаатар тамга тэмдгээ өгөхгүй нь ойлгомжтой. Гэхдээ шийдвэрийг Дээд шүүх гаргана" гэв.
Mонголын үндэсний олимпын хорооны IX чуулганаар ОУОХ-ны гишүүн Б.Баттүшигийг улираан сонголоо. МҮОХ-ны ерөнхийлөгчид өрсөлдөхөөр Б.Баттүшиг ганцаараа нэр дэвшсэн бол дэд ерөнхийлөгчид зургаа, Гүйцэтгэх зөвлөлийн гишүүнд 19 хүн өрсөлдөхөөр хүсэлтээ өгсөн аж. Ингээд тэргүүн дэд ерөнхийлөгч Ч.Наранбаатар улирч, Монголын ширээний теннисний холбоог төлөөлөн Ц.Гантулга 95 дэд ерөнхийлөгчөөр сонгогдсон байна.