Ром ид цэцэглэж байхад Аполлон гэгээн гэж хүн “Ром удахгүй сөнөнө” гэж хэлсэн гэдэг. “Яагаад?. Ромын эдийн засаг, улс төр хүчирхэг байна. Бас цэрэг, зэвсэг хүчтэй” гэж хүмүүс хэлж л дээ. Тэгсэн Аполлон, “Ром ёс суртахууны хувьд ялзарчихсан байна” гэсэн гэдэг.

Ёс суртахуун ялзрахаар хэчнээн эдийн засаг хүчирхэг байгаад, хэдэн арван Оюутолгой байгаад хэрэггүй. Тэр бүхэн нь хэдэн улсын халаасаар ороод дуусна. Ёс суртахуун ялзарсан газар хэчнээн ардчилал хэрэггүй.

Энэ бол нэрт шог зохиолч, Соёлын гавьяат зүтгэлтэн Шагдайн Цэнд-Аюушийн үг. Эдүгээгээс 15 жилийн өмнөх хөөрөлдөөн л дөө. Тэрээр бас “Ардчиллын нэг гол хэмжүүр шударга ёс. Гэтэл өнөөдөр шударга ёс улан дор орсон байна. Тэгэхээр бид ямар ч байсан ардчилсан улс оронд амьдарч байгаа биш гэдэг нь ойлгомжтой” гээд санаа алдсансан. 2010 оны хаврын урт шар өдрийн хөөрөлдөөн өчигдөр болсон мэт тодхон санагдана. Уран бүтээлийнх нь гараа, оргилж бадарсан он жилүүд, шог хошин зохиолын тухай хуучилсан боловч бид хоёрын ярианы үзүүр нэг л мэдэхэд нийгмийн сэдэв рүү хазайж тэгэх бүрдээ эмзэглэл, гуниг, цөхрөл, шүүмжлэлт өнцөг рүү халтираад байж билээ. Өнөөдөр тэр эрхэм хүмүүний гэгээн сүнс дээд тэнгэрийн орноос Монголоо нэг халиаж гэмээнэ сэрүүн тунгалаг ахуйнхаасаа илүү гуниглах байх аа. Хүний амьдралын бүхэл бүтэн нэг мөчлөг үе өнгөрчихөөд байхад Монголын нийгэм бахь байдгаараа дороо эргэцсээр байгаа нь харамсалтай. Эртний Ромын Аполлон гэгээний үг өнөөгийн Монголыг хэлсэн мэт цаг үргэлж цээж гашууруулдаг билээ.

Оросын их эрдэмтэн Л.Н.Гумилев “Монголчууд 500 жилийн настай” гэсэн нь дээрхтэй агаар нэг. Тэрээр “Монголчууд түүхэн чадавхиа үе, үе тордож байхгүй бол сайндаа л 500 жил насална. Үндэстэн хүнтэй адил төрдөг, амьдардаг, нас нөхчдөг. Бодончир мунхагийн үед монголчууд “төржээ”. Харин одоо нас сүүдрийнхээ 2/3 ыг туулчихаад байна. Ухаалаг алхам, эрс өөрчлөлт хийхгүй бол, аль ч ард түмэн доройтдог, түүхийн тавилан нь тэр юм. Хүн нэг наслахдаа түүнийг анзаардаггүй, анзаарах ч бололцоогүй” хэмээжээ. 1990 онд эрдэмтэн, зохиолч Д.Цэмбэлтэй ярилцахдаа Гумилев энэ үгийг хэлсэн нь монголчуудад санаж сэрэхийн ухаан хайрлах гэснийх байх. Даанч бид Далай лам “Архиа бага уу, айргаа тааваараа уу” гэсэн хэмээн хөөрцөглөх атлаа амьдрал дээр яг эсрэгээр нь хэрэгжүүлдэг шигээ их эрдэмтний үгийг ч бас хоёр чихнийхээ гадуур бор тархинаасаа холуур өнгөрүүлсэн дээ.

1990-ээд оны эхэн үед монголчууд эрх чөлөө, тусгаар тогтнол, үндэсний эв нэгдэл, үндэстний бахархал, үнэт зүйлээ сэргээн бадрааж, хүн бүрийн цээжинд Монголоо гэсэн халуун эрч хүч, омог бахархал, хүсэл тэмүүлэл оргилж байсан санагддаг. “Ил товчоо” сонин тухайн үед “Монголыг юу аврах вэ” гэсэн цуврал хэлэлцүүлэг өрнүүлж, олон арван эрдэмтэн мэргэд, зохиолч, судлаачид, сэхээтнүүд үгээ хэлж, үзэл бодлоо илэрхийлж байв. Энэ оргилуун, дэврүүн, асаж дүрэлзсэн он цаг удаан үргэлжилсэнгүй. Нэг л мэдэхэд нийгэм тэр аяараа амин хувиа хичээсэн, өнөө маргаашаа аргацаасан, ашиг хонжоо хайсан, өөр бусдыг шүүмжилж, үгүйсгэсэн, алдар нэр, албан тушаал, эд мөнгийг үнэт зүйлээ болгосон, зиндаархаж чамирхсан, өширхөж хорссон, бэртэгчин, хуурамч сэтгэлгээнд хучигджээ. Улс үндэстнийг хүнтэй зүйрлэх юм бол дээр өгүүлсэн бүхэн бол аюулт өвчний ужиг архаг шинж юм. Энэ нь хорт хавдартай хүн шиг урхаг оёгтой болчихсон Монголын нийгэм эрт илрүүлэг, оношилгоонд даруй орох хэрэгтэй болжээ гэсэн үг.

Улс үндэстнийг, нийгмийг оношилж, уруудаж доройтох, мөхөж сөнөхөөс сэргийлэх шалгуур тест бий. Тухайлбал, Оросын эрдэмтэн В.И.Вернадский үндэстэн мөхөх дөрвөн шалгуурыг гаргасан байдаг. Тэр нь дөрвөн гол агуулгад багцлагдсан 15 шинж. Эдгээр шалгуураар өнөөгийн Монголын нийгмийг сонжиж банжиж үзэхэд хариу нь тун таагүй, гутранги гарна.

Эхний гурван шинж нь,

- Хүний сэтгэхүй бодит амьдралын үнэнээс гажсан оюуны хоосрол, ухааны мунхагт автана.

- Элдэв ид шидэд итгэх бурангуй суртал газар авна.

- Дэвшилтэт бүхнийг үгүйсгэнэ.

Монголын нийгэмд дээрх гурван шинж байна уу. Хариулт нь дараах мэт.

- Бүхнийг мөнгөөр хэмжиж, шинжлэх ухааны мэдлэгийн хомсдол бий болж, бүх шатны боловсролын чанар доройтож, нийгмийн гишүүдийн олонх нь оюуны хоосролд автах үзэгдэл газар авч байна. Үүнд сошиал орчин ташуур өгч буй.

- Монгол хүний ертөнцийг үзэх үзэл, итгэл үнэмшил, ирээдүйд итгэх итгэл барагдаж, өрнө, дорнын элдэв үзэл санааг хольж, хутгаж, өөрөө ойлгохгүй хуурамч номлолд автаж, үзэлд төөрөлдөж, элдэв шашны мунхруулга газар авлаа.

- Монголын нийгэмд тогтсон хүнд суртал дэвшилтэт зүйл нэвтрүүлэх бүхий л идэвх зүтгэл, санаачилгыг хаан боогдуулж байна. Өөдөө дээшээ гарсан нэгнийгээ татаж унагадаг тамын тогооны үлгэр, чөтгөрийн тойрог улам хүрээгээ тэлсээр байна.

Дараагийн гурван шинж нь өнөөгийн нийгэмд илүү хурц, тод илэрч, урхаг уршиг нь гүнзгийрч байгаа хорт үзэгдлүүд байх аж. Хүний ёс суртахуун, сэтгэл, оюуны доройтолтой холбоотой шинжүүд ч гэж болохоор.

- Нийгэм хүмүүнлэг чанараа алдана.

- Сэтгэлийн ариуслыг умартана.

- Садар самуун газар авна.

Энэ гурван шалгуур өнөөгийн нийгмийн үндсэн хэв шинж, мөн чанар нь болсон бус уу. Хүмүүнлэг, иргэний, ардчилсан гэж чин зорилгоо тодорхойлсон нийгмийн маань нэг сул тал, сүүдэр ийн уртассаар байгаа.

- Нийгэм хүмүүнлэг чанараа алдан, гарч буй гэмт хэрэг улам харгис, хэрцгий болж, гэмт хэргийн тоо жил тутам өсөж, монгол хүний ёс зүйн үнэт чанар байхгүй болж байна.

- Сэтгэлийг ариусгах үүрэг бүхий шашин шүтлэг мөнгөний эрхшээлд орж, урлаг, уран зохиолын агуулга доройтож, хүчирхийлэл, алаан хядаантай, хуурамч, бохир бүдүүлэг, харгис урлаг хөгжих болов. Эр эмийн явдлыг эрээ цээргүй өгүүлж, хараал урсгасан үглэлийг урлаг хэмээн түгээсэн, Төв цэнгэлдэхэд тоглолт үзэхээр ирсэн залуусыг хутгалж гэмтээсэн гээд хамгийн сүүлийн мэдээ хэвлэлийн хуудсанд шинээрээ байна.

- Садар самуун явдлын үр дагавар болсон ДОХ, арьс өнгөний өвчний гаралт нэмэгдэж, гэр бүл салалт ихсэв. Үндэсний статистикийн хорооны мэдээллээс харахад зөвхөн ганц жилд, 2023 онд 17574 хос гэрлэлтээ шинээр батлуулсан бол 4553 хос гэрлэлтээ цуцлуулжээ. Арван хос голомтоо бадрааж байхад гурван хос хоёр тийш болж байна гэсэн үг.

Вернадскийн тодорхойлсон улс үндэстнийг уруудал, доройтол, мөхөл, сүйрэл рүү хөтөлдөг бусад шалгуур шинжийг нэг, нэг өгүүлбэрээр дурдъя.

Хөлчүүрэл, мансуурлын аюул нүүрлэнэ. Худал хуурмаг явдал хэвийн хэм хэмжээ болно. Ил, далд хүчирхийлэл газар авна. Үндэстний аж төрөх ёсонд аюул учирна. Нийгэм хөдөлгөөнт чанараа алдана. Ард түмний нийгмийн идэвх буурч, итгэл, хүсэлгүй болно. Хөдөлмөрийн бүтээмж унаж, ядуурал газар авна. Бэлэнчлэх сэтгэлгээ ноёрхоно. Нийгэм бүхэлдээ ашиглаж завших, бусдаар тэжээлгэх сэтгэлгээнд автана.

… Монголын өнөөгийн амьдралын бүрэн зураглал нүдний өмнүүр жирэлзэн өнгөрөх шиг болж байгаа биз. Шалгуур шинж бүхэн дээр задлаад ярьвал ихийг өгүүлж болно. Тухайлбал, хөлчүүрэл, мансуурлын аюул Монголд бодитой болсон. 2024 онд согтууруулах ундаа, тамхины импорт анх удаа 1 тэрбум ам.доллар давжээ. Хөлчүүрэх, мансуурах хэрэгцээ, зах зээл ингэж өргөжин тэлсэн байна. Энэ өсөлт бол ядуурал, ажилгүйдэлтэй шууд хамааралтай байдаг зүй тогтолтой. Архи, согтууруулах ундааны талаар өөр олон тоо дурдахаа азная. Хар тамхины хэрэглээ хяналтаас гарахад тулсныг харин дурдахгүй өнгөрч болохгүй.

Мансуурал үндэсний аюулгүй байдал, үндэстний оршин тогтнохуйд заналхийлсэн асуудал боллоо гэж үзэж парламентын түвшинд анхаарал хандуулж эхэлсэн. Мансууруулах эм болон сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус хэрэглээ сүүлийн жилүүдэд өсөн нэмэгдэж байгаа бөгөөд энэ бодисыг хэрэглэгчдийн 50 орчим хувь нь 18-25 насны залуус байгаа аж.

УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо 2025 оны тавдугаар сарын 14-ний хуралдаанаараа “Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус эргэлт, хэрэглээ жил бүр өсөн нэмэгдэж, хүн амын удмын сан, иргэдийн эрүүл мэндэд ноцтой хохирол учруулж, үндэсний аюулгүй байдалд сөргөөр нөлөөлөх хэмжээнд хүрч болзошгүй” гэж дүгнэсэн байна. Тиймээс холбогдох хууль, тогтоомжид яаралтай нэмэлт, өөрчлөлт оруулахыг чиглэл болгожээ.

Монголчууд төр засаг, ирээдүйдээ итгэлгүй болж, эрч хүчтэй, үр бүтээлтэй хөдөлмөрлөж, амьдрах чадвараа алдсаар байна. Залуус эх орноосоо дайжиж, гадаадад ажиллаж, амьдрах сонирхолтой болсон нь үүний илрэл. Дэлхийн аз жаргалын тайлангийн 2025 оны эхний улирлын дүнгээр Монгол Улс иргэдийнхээ аз жаргалын үнэлэмжээр 147 орноос 77 дугаарт бичигдэж өмнөх жилийн байраа хэвээр хадгалжээ. Уг индексээр манай улс 2024 онд 61-ээс 77 руу ухарсан юм. Нийгмийн бухимдал, сэтгэл дундуур байдал, ирээдүйдээ итгэл алдарч, цөхөрсөн иргэдийн аз жаргалын мэдрэмж ийн буурах нь ойлгомжтой.

Уламжлалт эдийн засгаас мэдлэгт суурилсан, оюунлаг эдийн засагт шилжих шилжилт удааширч, Монгол Улс бүтээмжийн чанараар дэлхийд 101-т эрэмбэлэгдэж байна. Төр, засаг гадаад зээл тусламжинд дулдуйдан хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалт хийх болов. Монгол Улсын гадаад өр 2024 оны сүүлийн байдлаар 35 тэрбум ам.долларт хүрээд буй. Иргэд төр, засгаас бэлэн мөнгө горьдон амьдралаа аргацаах болов. Хөдөлмөрлөж амьдрахын оронд нийгмийн халамж, тэтгэвэр тэтгэмжээр угжуулах сонирхол нийгэмд давамгайлжээ.

Вернадскийн тодорхойлсон шалгуур шинжүүдээр бид өөрсдийгөө тольдох мэт харж болж байна. Мөн А.Тойнби, О.Шпенглер нар задарч буй нийгмийн шинж төлвийг:

- Оюун санааны уналт

- Нийгмийн гишүүд хариуцлага хүлээх чадваргүй болох,

- Ёс суртахууны доройтол

- Амжилтандаа хэт самуурч биеэ тоох,

- Залхуурал, хэт тайвшрал

- Ард түмэн төрийн жолоодлогоос хөндийрөх

- Ард түмний сэтгэл зүй, эв нэгдэл суларч, хагарал гарах

- Өнгөрсөн үеэ хэт санагалзах сэтгэлгээ газар авах

- Ирээдүй рүү хоосон тэмүүлэх

гэж тодорхойлсон нь өнөөгийн Монголыг нэвт шувт хэлчихсэн гэлтэй.

Эдүгээгээс 30 жилийн өмнө үндэсний сэхээтнүүд хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэтгэлцэж, өөрсдөдөө болон төр засаг, ард түмэндээ толилуулж байсан асуултад бид одоо болтол хариулаагүй байна.

Улс үндэстнийхээ сэргэн мандлыг хэрхэн эхлүүлэх вэ, Монголыг юу аврах вэ, 3.5 сая монголчуудын нэгдмэл цул байх шинж чанар, ялгарал, өөрөө өөрийгөө ойлгож, таних ухамсар, сэтгэлгээ, урагш хөтлөх үнэт зүйл, үндэсний бахархал нь юу вэ? Энэ бүхнийг нэгтгэн ган мэт ширээж, шижир мэт тунгаасан болор мэт тунгалаг, хаш мэт хатуу төрийн бодлого байна уу.

Байгаль болоод нийгмийн бэрхшээлийг даван, үндэстний хувьд тэсэн үлдэх нь ямар ч улс гүрэн, үндэстэн, угсаатны өмнө тулгардаг сорилт юм. Монголчууд ийм олон арван сорилттой тулж, тэр бүхнийг бахархалтайгаар даван туулж ирсэн омог бардам, баатарлаг түүхтэй. Харийн хамжлага, хараат болж, мөхөж буй үндэстний тоонд орж явсан үе ч бас бий. Бусдын буулганд зүтгэж, бурантгаа чирж, цулбуураа алдсан он жилүүд ч байна. Тэр бүхнийг тэсэн үлдэж, даван туулсан. Мандан бадрахдаа дэлхийн түүхэнд хоёр аугаа их эзэнт гүрнийг байгуулж өгсөн тэр эрчим хүч, эрэмгий чанар юунд байв. Уруудаж доройтон мөхлийн ирмэгт очсон ч эргэн сэргэн мандсаны нууц юу байв. Үндэстний хувьд өөрийгөө ухаарч, таних алхам эндээс эхлэх болов уу. Бид хэн бэ, хэн байв, хэн байх вэ?

Аливаа үндэстэн түүхэн урт удаан хугацаанд бахархал дүүрэн оршин тогтнох хүсэл, эрмэлзэлтэй байдаг. “Улс үндэстэн хөгшин байхыг, харин хүн залуу байхыг хичээдэг” гэсэн үг ч байдаг юм билээ. Урт удаан түүхтэй, тэр түүх нь бахархал дүүрэн байх аваас тухайн үндэстэн өнөө, хойчдоо итгэл төгс урагшилдаг байж таарна. Энэ бол өнгөрсөнтэйгөө зууралдахаас өөр утга. Монголчууд хүн төрөлхтний түүхэнд соёл иргэншлийн үүрийг хаяаруулж, хөгжил дэвшлийн үндсийг соёолуулсан. Энэ бахархал дээрээ тулах цэгээ хийгээд, “ташуураа тулаад” сэвхийтэл өндийх учиртай. Ингэхийн тулд пассионарууд хэрэгтэй аж. Эрчим хүч нь оргилсон оройлон манлайлагч эр зоригтнууд, эгэлгүй ухаантнуудаар монгол түмэн дутаж байгаагүй. Үндэстний урт удаан хүчирхэг оршин тогтнох хэрэгцээнд өөрийн аливаа бүхнээ зориулах чанар бүхий хүмүүсийг пассионар гэж Лев Гумилев тодорхойлсон. Атилла, Македоны Александр, Чингис, Напалеон зэрэг удирдагчид хүн төрөлхтний түүхэнд тодорсон пассионарууд байжээ. Монголчуудын хувьд Чингис хаан пассионар байгаад зогсохгүй хүн төрөлхтний хувьд монголчууд өөрсдөө пассионар болсон билээ. Өөрөөр хэлбэл монголчууд пассионар үндэстэн байв.

Чингис хаан хүн төрөлхтний түүхийг чичрүүлэн доргиосон их эзэнт гүрнийг байгуулж, “Pax Mongolica” буюу Монголын энх амгаланг тогтоосон. Өгөдэй хаан гайхамшигт хурдтай морин өртөөг үүсгэсэн, Хубилай хаан дэлхийн эдийн засгийг шинэ шатанд гаргаж цаасан мөнгийг санаачилсан, Хүлэгү хааны зарлигаар дэлхийн анхны сансар, одон орон судлах төвийг байгуулсан зэрэг бол монголчуудын пассионар үндэстэн гэдгийн баталгаа билээ.

Энэхүү ер бусын эрчим хүчтэй пассионар үндэстэн өнөөдөр өмнө өгүүлсэн олон шинжээр гудайлт, уналт бүхий унтаа байдалд оржээ. Энэ нь цаг зуурынх гэж бодож байна. Монголчуудыг “Цаанаа нэг цовоо сэргэлэн, хийморьлог, тэвчээр хатуужилтай, уужуу тайвуу бодолтой, байгаль амьтны зүй тогтцыг маш сайн мэддэг, танин мэдэхүйн мэдлэг өндөр, тун авьяаслаг, эрүүл чийрэг, хүч чадалтай гэх бөгөөд энэхүү пассионар шинж нь яах аргагүй цэвэр байгалийн эрс тэс уур амьсгалтай төв Азийн энэ нутгаас угшилтай” хэмээн эрдэмтэн судлаач, философич Р.Энхтамир тэмдэглэжээ.

Монголын заяа их гэдэг. Монголчуудын тэрхүү “заяа” гэдэгт дээрх эрдэмтний өгүүлсэнчлэн байгалийн хэмнэл, газар зүйн онцлог зэрэг хүчин зүйлээр нөхцөлдсөн эрчим хүчний тэсрэлт, оргилсон тэмүүлэл багтана. Гагцхүү дотоодын хагарал, явцуу эрх ашгаас үүдсэн амин хувиа хичээх үзэл, ёс суртахууны доройтол, шунал, шударга бус явдал, урвалт, явган заль, хэт тансаглал, хов жив, өс хонзон тэргүүт муу үйл, үзэл, хандлага бүхнээ ерөндөглөн дарж чадвал монголчууд сэргэн мандах дотоод эрч хүч, урам зориг дүүрэн ард түмэн билээ. Тийм гайхамшигт шинж чанарыг нь дуудан сэрээж үндэстнээ манлайлах XXI зууны пассионарууд хаана байна вэ?

Эх сурвалж: Үндэстний ТОЙМ сэтгүүл