
Өнгөрч буй долоо хоногт улс төрийн хүрээнд болоод нийгмийн амьдралд олон үйл явдал өрнөлөө. Үйл явдлыг тоймлон хүргэе.
УИХ Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд итгэл үзүүлсэнгүй
УИХ-ын нэгдсэн чуулганаар өнгөрсөн даваа гарагт (2025.06.02) "Монгол Улсын Ерөнхий сайдад итгэл хүлээлгэх тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэж, түүнд итгэл үзүүлсэнгүй. УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулиар нийт гишүүдийн олонх буюу 64 гишүүн дэмжсэн тохиолдолд Ерөнхий сайдад итгэл хүлээлгэх боломжтой байсан. Гэвч "Монгол Улсын Ерөнхий сайдад итгэл хүлээлгэх тухай” тогтоолын төслийн санал хураалтыг нууцаар цаасаар явуулахад 82 гишүүн оролцсоноос 53.6 хувь буюу 44 нь тогтоолын төслийг батлахыг зөвшөөрсөн бол 46.4 хувь буюу 38 нь татгалзсан. Ийнхүү тогтоолын төсөл батлагдаагүй тул Ерөнхий сайдыг огцорсонд тооцлоо. Ерөнхий сайд огцорвол Засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээр огцорсонд тооцдог.
Хуралдааны төгсгөлд хэлсэн үгэндээ Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ цар тахал, дайн, тариф зэрэг олон улсын ээдрээтэй үед ард түмэндээ зүтгэсэн нь нэр төрийн хэрэг байсныг дурдан, өнөөдөр ордонд хүч мөхөстөж байгаа ч, олон нийтийн хүсэл эрмэлзэл огт өөр гэдгийг онцолж, аалзны тор мэт сүлжилдсэн ашиг сонирхлын сүлжээ ард түмнийг дийлнэ гэж үгүй гэлээ. Үндсэн хуульд заасны дагуу УИХ дараагийн шинэ Ерөнхий сайдыг 30 хоногт багтаан томилох учиртай. Дараагийн Ерөнхий сайд томилогдтол Л.Оюун-Эрдэнэ Ерөнхий сайдын үүрэг гүйцэтгэх юм.
Ирэх даваа гарагт (2025.06.09) МАН Бага хурлаа хуралдуулахаар товлосон. Энэ хурлаас Шинэ Ерөнхий сайдын нэр тодорхой болох нь.
Улсын дээд шүүхээс П.Батчулуун эмчийг цагаатгав
Улсын дээд шүүхийн хяналтын шатны шүүх П.Батчулуун эмчийн гомдлыг өнгөрсөн лхагва гарагт (2025.06.04) хэлэлцлээ. Дөрвөн цаг хэлэлцсэний эцэст П.Батчулуун эмчид холбогдох хэргийг гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй гэж үзэн цагаатгах шийдвэр гаргалаа. П.Батчулуун эмчийн биеийн байдал хүнд байгаа учир шүүх хуралд биечлэн оролцож чадаагүй юм. Хэргийг эргэн сануулбал, Эрүүл мэндийн яамны Эс, эд, эрхтэн шилжүүлэн суулгах үйл ажиллагааг зохицуулах албаны даргаар ажиллаж байсан эмч П.Батчулууныг хүний эд эрхтэнийг зөвшөөрөлгүй авсан үйлдэлд гэм буруутайд тооцон, өнгөрсөн нэгдүгээр сарын 20-ны өдөр шүүхээс 2.6 жилийн ял оноосон юм. Эл шийдвэртэй холбоотойгоор П.Батчулуун эмчийн тал гомдол гаргаж, давж заалдах шатны шүүх хурал болсон. Гэвч анхан шатны шүүхийн шийдвэр буюу 2.6 жилийн хорих ялыг хэвээр үлдээж шийдвэрлэсэн. Улмаар давж заалдах шатны шүүх хүсэлтийг хүлээж авахаас татгалзаж, дээд шүүхэд хандсан юм.
Салбарын доройтлыг инженер амиараа төллөө
2025 оны зургаадугаар сарын 2-ны шөнө Дулааны III цахилгаан станцын хос зуух, турбин шатаж, Монголын эрчим хүчний салбарын удирдлага, менежмент, төрийн хариуцлагын доройтлыг илтгэн харуулж, хүний алтан амь эрсдэв. Насжилт нь 60 шахам жилтэй, ашиглалтын хугацаагаа хэдэн арван жилээр хэтэрсэн энэ станцын асуудлыг төр, холбогдох байгууллагууд олон жил мэдсээр байж үл тоомсорлосон нь өнөөдрийн томоохон ослын үндэс суурь болсон нь илт.
Тухайлбал, 2024 онд тус станц дээр 1845 удаагийн техникийн доголдол бүртгэгдсэн нь өдөр бүр дунджаар тав шахам удаа асуудал гарч байсан гэсэн үг. Гэвч энэ ноцтой тоо баримтыг төр, засгийн удирдлага онцгой анхааралдаа авч, шаардлагатай арга хэмжээг авахгүй өнгөрөөсөн нь ачааллаа дийлэхээ больсон станц гэнэт гал авалцан шатахад хүргэсэн юм.
ДЦС-3 ТӨХК-нд гарсан үйлдвэрлэлийн осол болон хүний амь нас эрсэдсэн асуудлаар Монголын эрчим хүч, геологи, уул уурхайн үйлдвэрчний эвлэлийн холбоо байр сууриа илэрхийлсэн. Тэдний зүгээс “Эрчим хүчний алдагдлыг ажилчин хүн амь насаараа үүрч байна. Хүний амь үнэ цэнтэй байх ёстой. Аваарийг зогсоохын төлөө амь насаа зориулж байна. Эрүүл, амьд байх баталгаа алга. Хөдөлмөрийн хүнд, хортой, халуун нөхцөлд, өндөр аюул эрсдлийн дунд ажилладаг. Тоноглолууд маш их хуучирсан. Насжилт өндөртэй. Тоног төхөөрөмжийн шинэчлэл бүү хэл шаардлагатай засвараа хийж чадахгүй байгаа. Хөрөнгө мөнгө, хүний нөөцийн дутагдалд орсон, тоноглол нь хуучирсан, банкнаас зээлж цалингаа тавьдаг байдалтай болсон байна. Бид хэнд харьяалагдаж, хэнээр удирдуулж байгаагаа мэдэхгүй байна” хэмээсэн билээ.
Наадмаар найм хоног амарна
Үндэсний их баяр наадам, Ардын хувьсгалын ойн баярын өдрүүдийн 12, 13-ны өдөр нь бямба, ням гарагт тохиож байгаа. Тиймээс 2025 оны долоодугаар сарын 16, 17-ны өдрийн лхагва, пүрэв гарагт ажилтан, албан хаагчдыг амраах зохицуулалт хийхээр шийдвэрлэсэн талаар Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан мэдээллээ.
Үндэсний баяр наадмыг өргөн дэлгэр тэмдэглэж, дотоодын аялал жуулчлалыг дэмжих, ажилтны ажил амьдралын тэнцвэрийг хангахтай холбогдуулан үндэсний баяр наадмын амралтын өдрүүдэд зохицуулалт хийх талаар ард иргэдээс ирүүлсэн санал, хүсэлтэд үндэслэн ийнхүү шийдвэрлэж буйгаа хэлсэн.
Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хууль болон Хөдөлмөрийн тухай хуульд “Үндэсний их баяр наадам, Ардын хувьсгалын ойн баяр: долоодугаар сарын 10, 11, 12, 13, 14, 15; “ гэж тус тус зааж, эдгээр өдрүүдэд нийтээр амрахаар хуульчилсан. Энэ жилийн тухайд долоодугаар сарын 12, 13-ны өдөр нь амралтын өдөр тохиосонтой холбогдуулан 16, 17-ны өдөр нийтээр амрах зохицуулалт хийж, Үндэсний их баяр наадмаар найм хоног амрахаар боллоо.