
Азийн олимпын зөвлөлөөс зохион байгуулдаг энэ оны онцлох наадмууд эхэллээ. 2026 оны шар тивийнхний өрсөлдөөн “Саньяа 2026” элсний наадмаар өнгөрөгч сард эхэлсэн.
БНХАУ-ын Хайнань мужийн Саньяа аралд болсон Азийн элсний VI наадамд 45 орны баг тамирчид цугларч спортын 14 төрөл зайд шилдгүүдээ тодруулсан юм. Энэ наадам нь 2016 оноос хойш тодорхойгүй хугацаагаар хойшлогдон дахин сэргэснээрээ онцлог боллоо. Учир нь 2016 онд Вьетнамд болсон V наадмаас хойш ковид зэрэг шалтгааны улмаас элсний наадам цуцлагдаад байсан бол энэ жил Саньяанд дахин сэргэсэн. Энэ наадамд Азийн олимпын зөвлөлөөс онцгой анхаарал хандуулж далайд гарцгүй орнуудыг ч идэвхтэй хамруулах болсон. Мөн Олон улсын олимпын хорооны хүндэт ерөнхийлөгч Томас Бах Саньяад саатаж салбар хуралдаанд оролцсон гээд онцлох үйл явдлаар дүүрэн байлаа. Наадмын хөтөлбөрт элсний спортын төрлөөс гадна 3х3 сагсанбөмбөг, жюү жицү болон шинээр текбол, триатлон (акуатлон) зэрэг төрлүүдийг багтаасан нь манай улсаас оролцох оролцогчдын тоог нэмсэн юм.
Энэ жилийн элсний наадам ирэх есдүгээр сард Япон улсад болох Азийн зуны спортын XX наадмын бэлтгэл ажил болсноороо онцлог боллоо. Мөн Монголын багийн ахлагчаар МҮОХ-ны гүйцэтгэх зөвлөлийн гишүүн Л.Мягмаржав ажиллаж, манай залуус элсний наадмын амжилтаа үргэлжлүүлж чадлаа. Олимп, Азийн наадмын үеэр аливаа үйл ажиллагаанд үндэсний олимпын хороогоо төлөөлөх, олон улсын хурал зөвлөгөөнд оролцох, баг тамирчдын асуудлыг цэгцлэх гээд ахлагчийн оролцоо их бий. Улс орны олимпын хорооны багийн ахлагчид Азийн олимпын зөвлөл болон наадмыг зохион байгуулах хорооноос гаргасан хөтөлбөрт оролцох, наадмын нээлт, хаалт, шагнал гардуулах үйл ажиллагаанд оролцох зэрэг тусгайлан заасан үүрэгтэй байдаг. Иймээс ирэх намар Япон улсад болох Азийн наадамд ажиллах Монголын багийн ахлагчийг нэмэлтээр томилсон нь анхаарал татлаа.
Азийнхны хувьд энэ жил тивийнхээ олимпын аваргуудыг тодруулна. Дөрвөн жилд нэг удаа болдог Азийн зуны спортын наадам Япон улсын Айчи аймгийн Нагоя хотноо болох юм. ХХ удаагийн наадамд 45 орны баг тамирчид спортын 42 төрөлд 460 багц медалийн төлөө өрсөлдөнө. Уламжлал болсон энэ наадамд Монгол Улсын баг тамирчид өргөн бүрэлдэхүүнтэй оролцох юм.
Манай улсаас 250 орчим тамирчин урьдчилсан байдлаар оролцохоор мэдүүлгээ өгчээ. Тодруулбал, чөлөөт бөх, жүдо бөх, байт харваа, буудлага, сагсанбөмбөг, волейбол зэрэг төрлүүдэд тус бүр 15-аас дээш тамирчид оролцох юм.
Мөн наадмын өмнө зарим төрөлд сонгон шалгаруулалт хийснээр ирэх сард тамирчдын бүртгэл эцэслэгдэнэ. Одоогоор 20 гаруй спортын холбоодоос оролцохоо мэдэгджээ. Энэ удаагийн наадмын бүрэлдэхүүнд тамирчид, дасгалжуулагчдаас гадна спортын холбооны албадын төлөөлөл, хэвлэл мэдээллийн баг гээд нийт 500 орчим хүн “Айчи-Нагояа 2026”-г зорихоор төлөвтэй байна.
Харин наадмын багийн ахлагчаар УИХ-ын гишүүн Х.Булгантуяа сонгогдсон. Түүнийг МҮОХ-ны Гүйцэтгэх зөвлөлийн хурлаар 2025 онд томилсон. Түүнчлэн энэ удаагийн наадамд 500 гаруй хүний бүрэлдэхүүнтэй баг Нагоя хотод очих учир багийн удирдлагын бүтцийг өргөтгөхөөс аргагүй болжээ. Иймээс УИХ-ын гишүүн Х.Баттулга Азийн наадмын багийн ахлагчаар нэмэлтээр томилогдсон. Монгол Улсын тав дахь Ерөнхийлөгч тэрээр Олон улсын жүдо бөхийн холбооны гишүүн юм. Ази тивийн хамгийн том баяр цэнгэл, өрсөлдөөн болох зуны спортын XX наадам есдүгээр сарын 19-нөөс аравдугаар сарын 4-ны хооронд болж, тивийн аваргууд тодорно.
Монголын олимпын хорооны зөвлөх, МУСГЗ Ж.Отгонцагаан
Би 1992 оноос хойш зохион байгуулагдсан бүх өвөл, зуны олимп болон Азийн наадамд оролцлоо. Үндэсний олимпын хорооны албаны журмаар болон сэтгүүлчийн албан томилолтоор ажиллаж ирсэн. Олимп, Азийн наадамд ажиллах багийн ахлагч онцгой үүрэгтэй. Сүүлийн наадмуудад өрсөлдөөн улам нэмэгдэж заавал эрх авч оролцдог болсон. Энэ нь олимп, Азийн наадмын нэр хүндийг улам өргөж зөвхөн эрхээ авсан тамирчид өрсөлддөг боллоо. Энэ хэрээр орон орны багийн ахлагчийн үүрэг оролцоо их болж ирсэн. Олимп, Азийн наадамд Монгол Улсын багийн ахлагч нартай олон удаа ажилласан. Сүүлийн наадмуудад залуучуудын дунд эрчимтэй хөгжиж буй шинэ төрлүүд нэмэгдэж, өрсөлдөөн улам л ширүүн боллоо. Энэ хэрээр Азийн наадамд оролцогчдын тоо их болсон. Энэ наадам бол шар тивийнхний хүсэн хүлээдэг онцгой наадам юм. Мөн олимпын эрхийг зарим төрөлд олгодог болсноороо онцлог болсон. Олимп, Азийн наадам бол яахын аргагүй эв нэгдэл, улс орны хөгжлийн суурь болдог спортын наадам. Олимпын наадам бол дэлхийн хүн төрөлхтний спортын цэнгэлийн манлай, найрамдал нөхөрлөлийн бэлэг тэмдэг юм. Орон орны тамирчид, дасгалжуулагч, хөгжөөн дэмжигчид уулзах, нөхөрлөх сайхан боломж.
Энэ оны сүүлийн наадам арваннэгдүгээр сарын 13-нд Сенегалын Дакар хотод залуучуудын зуны олимпын наадмаар хаалтаа хийнэ. Африк тивд анх удаа зохиогдох уг наадамд таван тивийн 15-18 насны залуус олимпын өрсөлдөөнийг хийх юм. Монгол Улсаас энэ наадамд оролцох 10 тамирчин тодорсон. Үүнд, сагсан бөмбөг, усан спорт, жүдо, дугуйн спорт, бокс болон элсний бөхийн төрөлд манай залуус өрсөлдөхөөр болжээ. Харин уг наадамд оролцох Монголын багийн ахлагчаар УИХ-ын гишүүн Ч.Ундрам сонгогдсон. Түүнийг Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайдаар ажиллах үед МҮОХ-ны Гүйцэтгэх зөвлөлөөс сонгожээ. Ч.Ундрам энэ оны анхны наадам болох “Милан-Кортина 2026” өвлийн олимпын наадамд сайдын хувиар ажилласан бол оны төгсгөлд Сенегалд залуучуудын багийг ахлахаар болсон байна.
Хоёр жилийн дараа монголчууд олимпын аваргатай болсны 20 жилийн ой тохионо. Тэртээ “Бээжин 2008” зуны олимпын XXIX наадмаас хоёр алт, хоёр мөнгөн медальтай ирж байсан Монгол Улсын олимпын багийн энэ амжилт сүүлийн наадмуудад тасраад буй. Тиймээс олимпын алтан медалийг дахин авах, олимпын түүхээ алтан медалиар үргэлжлүүлэх зорилготой “Лос Анжелес-2028” олимпын наадамд бэлтгэх ажлыг эртнээс системтэй эхлүүлж байгааг Монгол үндэсний олимпын хороо, Биеийн тамир, спортын газар болон спортын холбоодоос мэдэгдсэн. Түүхэн ой тохиож буй “Лос Анжелес-2028” зуны олимпын XXXIV наадамд оролцох Монголын багийг МҮОХ-ны Гүйцэтгэх зөвлөлийн гишүүн Я.Содбаатар ахлахаар болсон билээ. Тэрээр Монголын чөлөөт бөхийн холбооны ерөнхийлөгчөөр ажиллах хугацаандаа дээрх албанд томилогдсон юм.