
Гаалийн ерөнхий газраас улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан эм, мансууруулах болон сэтгэцэд нөлөөт бодис, утаат тамхины хууль бус үйлдлийг илрүүлж, таслан зогсоосон талаар мэдээллээ. Тодруулбал, энэ онд гаалийн хяналт шалгалтаар олон улсын нислэг, карго болон ачаа тээшнээс нийт 5,298.08 грамм мансууруулах болон сэтгэцэд нөлөөт бодис илрүүлж, холбогдох байгууллагад шилжүүлжээ. Мөн Монгол Улсын эмийн бүртгэлд бүртгэгдээгүй “Mounjaro” (Монжура) нэршилтэй 3,700 гаруй ширхэг тарилгын эмийг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан 100 гаруй үйлдлийг илрүүлэн, таслан зогсоосон байна.
Түүнчлэн 420 мянган ширхэг блок буюу утаат тамхийг улсын хилээр нэвтрүүлэхийг завдсан 57 үйлдлийг илрүүлж, харьяалах эрх бүхий байгууллагад шилжүүлэн ажиллажээ.
Иймд иргэдийг улсын хилээр зорчихдоо хууль тогтоомжийг чанд мөрдөж, аливаа хууль бус үйлдэлд оролцохгүй байх, бусдын дайвар ачааг авч явахгүй байхыг Гаалийн ерөнхий газраас анхаарууллаа.