
Умард Солонгос анх удаа хиймэл оюун ухаан ашигласан пуужингийн технологио туршсан гэж төрийн мэдлийн KCNA агентлаг лхагва гарагт мэдээллээ.
Пёньян мягмар гарагт Ким Жон Уны удирдлага дор “шинээр хөгжүүлсэн хөнгөн жинтэй олон зориулалттай пуужин харвах систем болон олон төрлийн тактикийн далавчит пуужингийн систем”-ийг туршсан гэж KCNA мэдээлжээ.
Туршилтад тактикийн баллистик пуужин, их бууны пуужин болон “тактикийн далавчит пуужингийн AI-ээр удирдуулсан оновчлолын” туршилтууд багтсан байна.
KCNA-гийн мэдээлснээр Ким Жон Ун “Хэт өндөр түвшний батлан хамгаалахын шинжлэх ухаан, технологийг бодит зэвсгийн туршилтад нэвтрүүлсэнд ихээхэн сэтгэл хангалуун байна” гэж хэлжээ.
Шинжээчдийн үзэж байгаагаар энэ нь Умард Солонгос AI технологийг пуужингийн системд ашиглаж байгаагаа олон нийтэд анх удаа хүлээн зөвшөөрсөн тохиолдол юм. Уг технологи нь бодит цагийн өгөгдлийг ашиглан байг таних, түүнд түгжигдэх боломжтой аж.
Өмнө нь Пёньян AI технологийг дронуудад ашиглаж байсан тухай мэдээлж байв.
Сүүлийн жилүүдэд Умард Солонгос цөмийн болон пуужингийн зэвсгийн хөтөлбөртөө асар их нөөц хөрөнгө зарцуулж, мөн Өмнөд Солонгостой харилцах харилцаандаа илүү түрэмгий байр суурь баримтлах болсон юм.
Мягмар гарагийн туршилтууд нь Өмнөд Солонгосын ерөнхийлөгч цөмийн хөдөлгүүртэй шумбагч онгоцтой болох асуудлаар хурал хийсний дараа болсон байна.

“Өнөөдрийн гол зэвсгийн системүүдийн туршилт бол манай цэргийн хүч шинэ шатанд гарч буйг харуулсан тод дохио” гэж Ким Жон Ун мэдэгджээ. Мөн Умард Солонгосын тактикийн далавчит пуужин газар орны хэлбэр таних навигаци болон AI суурьтай төгсгөлийн чиглүүлэг ашиглан “100 км зай дахь ямар ч байг” өндөр нарийвчлалтай онож чаддаг болсон гэж мэдээлсэн байна.
Тэрээр “Манай нам, засгийн газрын цөмийн болон уламжлалт зэвсэгт хүчнийг тасралтгүй бэхжүүлэх бодлого өөрчлөгдөөгүй” гэдгийг онцолжээ.
Өмнөд Солонгосын арми мягмар гарагт олон тооны пуужин харвасныг илрүүлсэн бөгөөд үүнд Умард Пёнган мужийн орчмоос Баруун тэнгис рүү харвасан богино зайн баллистик пуужин багтсан байна. Тэрхүү пуужин 80 км нисээд тэнгист унасан.
АНУ-ын арми мөн AI технологийг өргөн ашиглаж байгаа талаар АНУ-ын Төв коммандын тэргүүн Брэд Күүпер саяхан мэдэгдсэн байна.
Брэд Күүпер “Манай цэргүүд төрөл бүрийн дэвшилтэт AI хэрэгслүүд ашиглаж байна. Эдгээр систем нь асар их хэмжээний өгөгдлийг хэдхэн секундэд боловсруулж, удирдагчдад дайснаас хурдан шийдвэр гаргах боломж олгодог. Ямар бай руу, хэзээ гал нээхийг эцэст нь хүн шийддэг хэвээр байна. Гэхдээ AI хэрэгслүүд өмнө нь хэдэн цаг, бүр хэдэн өдөр шаарддаг байсан процессыг хэдхэн секундэд гүйцэтгэх боломжтой” гэж тайлбарласан байна.