
Завхан аймгийн Баянхайрхан суманд улсын заан Б.Сундуйжав, аймгийн заан Б.Лхагварагчаа нарын шинэ цолны мялаалга наадам намрын тэргүүн сарын шинийн гуравны билэгт сайн өдөр боллоо. Баянхайрхан сумын Засаг даргын тамгын газар, Улаанбаатар хот дахь нутгийн зөвлөл хамтран зохион байгуулсан “Хоёр заан”-ы наадам нутгийн зон олны халуун талархлын дэмжлэгээр зохион байгуулагдаж, шинэхэн цолтнуудын мялаалгыг хийлээ.
21 насандаа улсын заан цол хүртсэн Б.Сундуйжав, аймгийн заан цол хүртсэн Б.Лхагварагчаа нар эгч, дүүсийн хүүхдүүд гэдгээрээ нутаг орныхоо талархлыг хүлээж, энэ жилийн Төрийн наадамд улс, аймгийн заан цолонд хүрсэн юм.
Ардын хувьсгалын 36 жилийн ой, Үндэсний их баяр наадмын дөрвийн даваанд улсын аварга О.Хангайг, тавын даваанд улсын заан Б.Серикээр, зургаагийн даваанд аймгийн хурц арслан Н.Амгаланбаатараар, долоогийн даваанд улсын арслан Э.Оюунболдоор заан цолонд хүрсэн Б.Сундуйжав нэгэн онцгой амжилтын эзэн болсон юм. Тэрээр 1985 онд 21 насандаа улсын заан цол хүртэж байсан даяар дуурсагдах, далай даян, дархан аварга Бадмаанямбуугийн Бат-Эрдэнийн амжилттай зэрэгцлээ. Энэ нь Төрийн их баяр наадамд 21 насандаа аймгийн начнаас улсын заан болсон хоёр дахь тохиолдол болж, бөхийн түүхийн амжилтанд бичигдсэн юм.
Баянхайрхан сумын харьяат, “Хилчин” спорт хороо, “Завхан Даян” дэвжээний бөх Батбаярын Сундуйжав нутгийн зон олныхоо талархлыг хүлээж, улсын заан цолтнуудын эгнээнд бичигдлээ.
Мөн Дорноговь аймгийн үүсэн байгуулагдсаны 95 жилийн ойн барилдааны гурвын даваанд улсын начин О.Түмэнгээр, дөрвийн даваанд улсын харцага А.Цацабширээр, тавын даваанд улсын начин Б.Ганжадаар тав давж аймгийн заан цолыг Б.Лхагварагчаа хүртсэн юм. Бөхийн өргөөнд болдог сумын цолтнуудын барилдаанд тогтмол амжилттай барилддаг Б.Лхагварагчаа энэ жил аймгийн заан цолонд хүрч нутгийн зон олноо баярлууллаа.
“Хилчин” спорт хороо, “Завхан Даян” дэвжээний бөх Баясгалангийн Лхагварагчааа аймгийн цолтнуудын эгнээнд орж ирлээ.

Баянхайрхан суманд болсон “Хоёр заан”-ы мялаалга наадмын үеэр хүчит бөхийн барилдаан, сур, шагайн харваа, хурдан морины уралдаан болж, нутгийн ард түмэн УЛСЫН ЗААН, АЙМГИЙН ЗААНЫ мялаалгыг хийсэн юм.
Баяр наадмын үеэр авсан сэтгэгдлээ хүргэе.
ХҮҮХДҮҮДИЙНХЭЭ АМЖИЛТЫГ ХАРААД БАХАРХАЖ СУУНА
Улсын заан Б.Сундуйжав, аймгийн заан Б.Лхагварагчаагийн нарын эмээ Ш.Цэнд-Аюуш
Би үнэхээр сэтгэгдэл өндөр байна. Хоёр хүүгээ 2026 оны улсын их баяр наадамд амжилттай сайн барилдсанд баяртай байна. Бэлтгэл сургуулилтад анхаарч байсан багш нарт нь баярлаж байна. Мөн Дагвадорж, Б.Түвшин нарт маш их баярлалаа. Эмээ нь хүүхдүүдээ улсын цолтой бөхчүүдтэй барилдахад айж л суулаа. Миний аавын талын үеэл аймгийн арслан Гомбожав гэж хүн байсан. Миний ээжийн талаас болохоор улсын аварга Г.Эрхэмбаяр байна. Манай гэр бүлийн хүн 1983 онд сумын заан болж байсан. Б.Сундуйжав, Б.Лхагварагчаа хоёр чинь төлөв даруу, эмээгийн эрх хүүхдүүд. Би Асгат багт малчин байсан. Хүүхдүүд өвөө, эмээ дээрээ л өсөж, багаасаа бөхийн эрдэмд суралцсан даа. 70 гараад хүүхдүүдийнхээ амжилтыг хараад бахархаж суух сайхан байна.
БИ ХҮҮГИЙНХЭЭ БАРИЛДААНЫГ ҮЗЭЖ ЧАДДАГГҮЙ
Улсын заан Б.Сундуйжавын ээж Д.Давааням
Хүү маань багаасаа барилдах дуртай байсан. Багаасаа бөхчүүдийн барилдааныг үзэж өөртөө том зорилго тавиад бэлтгэл сургуулилтаа сайн хийсний үр дүн гэж харж байна. Манайхан бөхийн удамтай болохоор хүүгээ сайн барилдана гэж итгэж байсан. Өөрийнхөө хүсэл мөрөөдөлд хөтлөгдөн Гончигдамба багшийнхаа удирдлаган дор бэлтгэл сургуулилтаа хийж эхэлсэн. Тасралтгүй бэлтгэлээ хийж явсны үр дүнд өнөөдөр Төрийнхөө их баяр наадамд амжилттай барилдсанд баяртай байна. Би үнэндээ хүүгийнхээ барилдааныг телевизээр үзэж чаддаггүй. Барилдсаных нь дараа л барилдааныг нь харна. Түүнээс би яг шимтэн үзээд сууж чаддаггүй. Хүүгийн минь цолны мялаалга наадам уул усаа баясгасан шашны зан үйлээр эхэллээ. Сэтгэгдэл маш өндөр байна.
ШАВЬ МААНЬ ЭНЭ ЖИЛ НАМАЙГ ХОЁР УДАА БАЯРЛУУЛЛАА
Улсын заан Б.Сундуйжавын бага ангийн багш Балдандоржийн Чимэдрэгзэн
Би үнэхээр баяртай байна. Монгол Улсын үндэсний спорт болсон бөхийн дэвжээнд өөрийн хичээл чармайлтаар том цолонд хүрсэн шавийнхаа амжилтаар бахархаж сууна. Мэдээж цааш аварга цолны төлөө явах болно. Би 5-р анги төгсгөсөн. Харин миний хүү Болд ахлах ангийг нь төгсгөсөн. Манай Б.Сундуйжав ер нь их даруухан шүү дээ. Энэ жил намайг хоёр удаа баярлууллаа. Шавийнхаа барилдааныг үзэхэд тун жаргалтай болчихдог. Наадмын өмнө Дархан-Уул аймагт болсон барилдаанд дархан аварга Н.Батсуурийг давсан. Энэ барилдааны дараа шавьдаа итгэж суулаа. Залуу хүний эрч хүчээр аваргыг давлаа. Наадмын барилдаанд улсын аварга О.Хангайг давж дахин баярлууллаа. Төрийн наадамд цолны болзол хангаад Завханчуудаа төдийгүй Монгол түмнээ баярлууллаа шүү дээ.
Аймгийн заан Б.Лхагварагчаагийн аав Баясгалан
Хүү маань багаасаа барилдах дуртай байсан. Мэдээж аавын хувьд бүх талаар нь дэмжиж байлаа. Энэ жил говьд очиж аймгийн заан цолонд хүрсэнд баяртай байна. Ээж тал нь бөхийн удамтай. Манай хадам аав сумын заан цолтой бөх байлаа. Хүүгийнхээ бэлтгэл сургуулалтыг харахад сайн байлаа. 2017 онд Төрийн их баяр наадмын өсвөрийн барилдаанд түрүүлж улсын шонхор болж байсан. Тэр жилийн улсын наадмын энэ барилдаанд санаанаас ер гардаггүй юм. Энэ цагаас эхлээд бид бүхэн хүүгийнхээ амжилтанд итгэж байлаа. Аймгийн цолонд хүрнэ гэдэг амаргүй. Мэдээж хүүгээ улсын цолонд хүрээсэй гэж хүсэж байна.
ДАВАА АХИХ ТУСАМ ДОГДОЛЖ СУУЛАА
Сумын манлай заан Дорждаваа
Би энэ хоёр хүүгийн өвөөгийн талынх. Энэ жилийн баяр наадмын барилдааныг үзээд сэтгэл өндөр байлаа. Наадмын барилдаан шударга сайхан болж, хоёр хүүдээ баярлаж сууна. Ер нь даваа ахих тусам их догдолно. Би өөрөө сумандаа долоон удаа түрүүлж, хоёр удаа үзүүрлэж байсан болоод ч тэрүү наадмын бөхийг хараад даваа бүрт дэндүү их баярлаж суулаа. Хоёр хүүхдээ цолонд хүрсэнд сайхан байна. Энэ цолонд хүрнэ гэдэг том ачаа, бас том хариуцлага байдаг юм. Манай хүүхдүүд их сайхан төлөв, даруу залуус. Баянхайрханы ард түмэн төдийгүй Завхан нутгийн зон олон сайхан наадлаа. М.Лхагвагэрэл гарьд цолонд хүрсэн гээд Завханы ард түмэн сайхан баярлаж байна.
ӨӨРИЙН ХҮЧ ЧАДЛААРАА УЛС ОРОНДОО ХҮНДТЭЙ БӨХ БОЛСОН ШАВИАРАА БАХАРХАЖ БАЙНА
Улсын заан Б.Сундуйжавын дунд ангийн багш Чимэдрэгзэнгийн Болд
Би Б.Сундуйжавын ангийг 6-р ангиас нь эхлэн авсан. Бас сонин тохиолдол болж билээ. Аав минь бага ангийг нь дааж аваад дунд ангид ороход нь надад захиж байлаа. Ингээд би багш болоод аавынхаа захиасын дагуу Б.Сундуйжавын анги даасан багшаар ажилласан. Энэ бүхэн минь бас хувь тохиол юм даа. Аав, хүү нэг анги төгсгөсөн тохиолдол өнөөдөр сайхан амжилтаар үргэлжилж байна. Б.Сундуйжав ангидаа манлайлагч сурагчийн нэг байсан. Манай анги удаа дараа тэргүүний анги болж байлаа. Бид Сундуйг амжилт гаргаад ирэхээр баярлана. Бүр цаашлаад илүү их амжилт хүлээж сууна. Дунд сургуульд байхдаа барилдаад эхэлсэн хүүхдээс мэдээж амжилт харна шүү дээ. Ангийн хамт олон, сургуулийн бахархалт хүү болохоор түүнд хүн бүр амжилт хүснэ. Өөрийнхөө хүсэл тэмүүллээр яваа учраас бид бүхэн дэмжинэ. Бидэнд олон сайхан дурсамж бий. Өнөөдөр өөрийнхөө хүч чадлаар улс эх орондоо нэр хүндтэй бөх болж байгаа шавиараа бахархаж байна. Улсын заан цолонд хүрсэний дараа Сундуй сэтгүүлчийн асуултанд хариулсан шүү дээ. “Би дархан аварга болно” гэж амлаж байна. Шавийгаа энэ амжилтанд хүрч чадна гэдэгт итгэж байдаг. Завханчуудын магнайг тэнийлгэж дахин дахин олон амжилтын эзэн болоорой гэж шавьдаа хүсэж байна.
Аймгийн мэргэн Н.Нямжаргал
Би Завхан аймгийн Тэлмэн сумын харьяат. Баянхайрхан нутгийн “Хоёр зааны” цолны мялаалга наадамд түрүүлсэндээ баяртай байна. Энэ наадмын сурын харваанд 50 гаруй харваач харвасан. Баянхайрханы ард түмэн "Хоёр заан"-ы мяаалга наадмыг өргөн дэлгэр, сайхан зохион байгуулсанд баярлаж байна. Би энэ жилийн улсын наадамд 40 сумнаас 35 онож, шилдэг 16-д үлдэхэд ганц оноо дутсан. Харин аймгийн наадамдаа 40 сумнаас 36 онож дөрөвдүгээр байр эзэлсэн. Хоёр зааны мяаалгын наадмын харваа салхитай, бороотой гээд байгалийн өвөрмөц орчин боллоо. Бас энэ наадмын түрүүг авсандаа баяртай байна.
