
Нийслэлээс энэ өвөл агаарын бохирдлыг бууруулах зорилгоор гэр хорооллын айл өрхийн халаалтад эрчим хүчний хэмнэлттэй, дулаан хуримтлуулах технологи нэвтрүүлэхээр төлөвлөж буй. Энэ хүрээнд иргэдэд шинэ технологи, халаалтын шийдлүүдийг танилцуулах “Дулаан гэр-Эрүүл ирээдүй” арга хэмжээ Д.Сүхбаатарын талбайд болж байна
Өдөрлөгийн үеэр монгол гэрийг хэрхэн дулаалах, дулаан алдагдлыг бууруулах, уламжлалт галлагаатай зуухыг цахилгаан халаалтын төхөөрөмжөөр орлуулах боломжийн талаар иргэдэд мэдээлэл өгч байлаа. Түүнчлэн эрчим хүчний хэмнэлттэй халаалтын төхөөрөмжийн ажиллагаа, хэрэглээний онцлог болон худалдан авах нөхцөлийн талаар иргэдэд танилцуулж байв.
Гэр хорооллын айл өрхүүд нүүрсний хэрэглээнээс татгалзаж, цахилгаан халаалтад шилжихэд төхөөрөмжийн үнэ, суурилуулалтын зардал, цахилгааны төлбөр, эрчим хүчний сүлжээний хүчин чадал зэрэг чухал. Иймээс дулаан хуримтлуурын технологийг танилцуулахаас гадна иргэд ямар нөхцөлөөр төхөөрөмж худалдан авах боломжтой, сард хэдий хэмжээний цахилгаан хэрэглэх, уламжлалт галлагаатай харьцуулахад өрхийн халаалтын зардал хэрхэн өөрчлөгдөх зэргийг мөн танилцуулж байв.
Нийслэлээс дулаан хуримтлуурын технологийг гэр хорооллын айл өрхүүдэд нэвтрүүлснээр яндангийн тоог 7-10 мянгаар бууруулахаар төлөвлөж буй. Уг төслийг НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран хэрэгжүүлэх юм. Мөн төслийн хүрээнд НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөртэй хамтран батарей хуримтлуулах системтэй хосолсон нарны цахилгаан станц байгуулахаар төлөвлөж байна.