
Дэлхийн утга зохиолын хамгийн нэр хүндтэй шагналуудын нэг болох Букерийн шагналын 2026 оны эцсийн шатанд шалгарсан зургаан бүтээлийг зарлалаа. Энэ жилийн богино жагсаалтад Жон Харрисоны “The End of Everything”, Марлон Жеймсийн “The Disappearers”, Люк Кеннардын “Black Bag”, Ребекка Перригийн “May We Feed the King”, Элизабет Страутын “The Things We Never Say”, Дуглас Стюартын “John of John” романууд багтжээ.
Эдгээр бүтээлийг 163 романаас сонгосон бөгөөд шүүгчдийн бүрэлдэхүүнийг сонгодог урлаг, эртний түүхийн судлаач, зохиолч Мэри Беард ахалж байна. Түүнтэй хамт яруу найрагч Рэймонд Антробус, хөгжимчин, зохиолч Жарвис Кокер, зохиолч, шүүмжлэгч Ребекка Лю, зохиолч Патрисиа Локвуд нар шүүгчээр ажиллажээ. Энэ жилийн жагсаалтад хошигнол, эмгэнэл, дистопи, шинжлэх ухааны уран зөгнөл, гэмт хэргийн өгүүлэмж, сюрреализм зэрэг олон төрлийн хэлбэрийг хамарсан бол эцсийн зургаан бүтээл ч мөн жанр, сэдэв, өгүүлэмжийн хувьд харилцан адилгүй сонголт болжээ.
Эцсийн шатанд өмнө нь Букерийн шагнал хүртэж байсан хоёр зохиолч дахин шалгарсан нь энэ жилийн жагсаалтын нэг онцлог юм. Ямайк гаралтай зохиолч Марлон Жеймс 2015 онд “A Brief History of Seven Killings” романаараа Букерийн шагнал хүртэж байсан бол Шотландын зохиолч Дуглас Стюарт 2020 онд дебют роман “Shuggie Bain” бүтээлээрээ шагналын эзэн болсон юм.
Харин Америкийн зохиолч Элизабет Страут өмнө нь Букерийн урт болон богино жагсаалтад багтаж байсан бөгөөд энэ удаа “The Things We Never Say” романаараа дахин өрсөлдөж байна. Ийнхүү туршлагатай зохиолчидтой зэрэгцэн шинээр нэр дэвшиж буй бүтээлүүд багтсан нь энэ жилийн уран зохиолын хүрээнд үе, хэв маягийн сонирхолтой огтлолцол үүсгэжээ.
Шүүгчдийн ахлагч Мэри Беард 163 номыг уншиж, хэлэлцсэний эцэст зургаан бүтээлийг сонгосон бөгөөд шүүгчдийн зүгээс энэ үйл явцыг олон дахин уншиж, өөр өөр байр суурийг харьцуулсан нягт ажил байсан гэж тайлбарласан байна.

ЖОН ХАРРИСОН "THE END OF EVERYTHING"
Жон Харрисоны “The End of Everything” роман нь энэ жилийн жагсаалтад шинжлэх ухааны уран зөгнөл, фантази болон философийн эрэл хайгуулын шинжийг авчирч буй бүтээлүүдийн нэг юм.
Харрисон олон арван жилийн турш уран зөгнөл, "speculative fiction" чиглэлээр бүтээл туурвиж ирсэн бөгөөд түүний зохиолууд бодит байдал, төсөөлөл хоёрын заагийг бүдгэрүүлдэг гэдгээрээ танигдсан. Уг романы нэр хүртэл “бүх зүйлийн төгсгөл” гэх өргөн хүрээний асуултыг дэвшүүлж, хүний оршихуй, ертөнцийн тухай төсөөллийг уншигчийн өмнө тавих болно. Шүүгчдийн сонголтод энэ бүтээл багтсан нь Букерийн шагналын хүрээнд жанрын уран зохиолын хил хязгаар хэрхэн тэлж байгааг харуулах нэгэн жишээ болж байна. Роман нь уламжлалт өгүүлэмжээс өөр арга замаар хүний амьдрал, ертөнцийн тухай гүн ухааны асуулт тавьдаг бүтээлүүдийн нэг болжээ.
МАРЛОН ЖЕЙМС "THE DISAPPEARERS"
Марлон Жеймсийн “The Disappearers” нь Букерийн шагналын эцсийн шатанд хоёр дахь удаагаа хүрч буй зохиолчийн зургаа дахь роман юм. Жеймсийн бүтээлүүдэд түүх, хүчирхийлэл, эрх мэдэл, дурсамж зэрэг сэдэв байнга огтлолцдог бөгөөд энэ удаагийн роман ч мөн өнгөрсөн ба одоо цагийн харилцааг өөрийн өвөрмөц өгүүлэмжээр хөнддөг.
Тэрээр 2015 онд Букерийн шагнал хүртсэн анхны Ямайк зохиолч болсон бөгөөд “The Disappearers” нь түүний уран бүтээлийн дараагийн томоохон алхам болж байна. Шүүгчдийн зүгээс сонгосон зургаан бүтээлд өмнөх ялагч дахин багтсан нь Букерийн шагналын өөр өөр үеийн уран бүтээлийг нэг дор харьцуулах боломжийг уншигчдад өгч байгаа хэрэг юм.
ЛЮК КЕННАРД "BLACK BAG"
Британийн зохиолч, яруу найрагч Люк Кеннардын “Black Bag” мөн эцсийн зургаад багтжээ. Кеннард өмнө нь яруу найрагч гэдгээрээ илүү танигдсан бөгөөд энэ удаагийн сонголт нь түүний хүүрнэл зохиолын чиглэлд хийсэн томоохон алхмыг харуулна. Букерийн 2026 оны урт жагсаалтыг зарлахдаа шүүгчид инээдэм, хурц ажиглалт, нийгмийн хүнд сэдвүүд зэрэгцэн оршиж буй бүтээлүүдийг онцолсон бөгөөд “Black Bag” эл өргөн цар хүрээтэй сонголтын нэг хэсэг болжээ.
Уран зохиолын төрөл хооронд шилжих, яруу найргийн хэллэгийг хүүрнэл зохиолд авчрах боломжийг энэ бүтээлээр дамжуулан харж болох юм.
РЕБЕККА ПЕРРИ "MAY WE FEED THE KING"
Ребекка Перригийн “May We Feed the King” бол энэ жилийн зургаан бүтээлийн дундаас зохиолчийн хувьд шинэ нэр билээ. Перри өмнө нь шүлэг, богино хэлбэрийн бичвэрээрээ танигдсан бөгөөд энэхүү бүтээлээрээ Букерийн шагналын эцсийн шатанд хүрчээ.
Түүний роман түүх, эрх мэдэл, нийгмийн харилцаа зэрэг сэдвүүдийг уран зохиолын өөр өнгө аястай хослуулсан бүтээлүүдийн нэгээр үнэлэгдэж байна. Букерийн шүүгчид энэ жилийн сонголтоо хийхдээ уншигчийг шинэ газар, шинэ өнцөг рүү аваачих, хэлний боломжийг ашиглах бүтээлүүдийг мөн онцолсон байна. Перригийн хувьд энэхүү богино жагсаалт нь түүнийг олон улсын уншигчдын хүрээнд илүү өргөнөөр таниулах чухал үе биз ээ.
ЭЛИЗАБЕТ СТРАУТ "THE THINGS WE NEVER SAY"
Пулитцерийн шагналт Америкийн зохиолч Элизабет Страут “The Things We Never Say” романаараа энэ жилийн Букерийн богино жагсаалтад багтжээ.
Страут хүний өдөр тутмын амьдрал, гэр бүл, дурсамж, хэлж амжаагүй үг, хүмүүсийн хоорондын үл үзэгдэх холбоог энгийн мэт боловч гүнзгий өгүүлэмжээр дүрсэlдэг зохиолч. Түүний өмнөх бүтээлүүдийн нэгэн адил уг роман ч хүний дотоод ертөнц болон харилцааны нарийн ширийнд анхаарал хандуулсан бүтээл хэмээн үнэлэгдэж байна.
Страут өмнө нь 2016 онд “My Name Is Lucy Barton” зохиолоороо Букерийн урт жагсаалтад, 2022 онд “Oh William!” романаараа богино жагсаалтад багтаж байсан юм. Ийнхүү энэ удаагийн ном нь түүний Букерийн шагналтай хийж буй гурав дахь томоохон бүтээл болов.
ДУГЛАС СТЮАРТ "JOHN OF JOHN"
Шотландын зохиолч Дуглас Стюарт “John of John” романаараа Букерийн эцсийн шатанд дахин шалгарлаа. Стюарт 2020 онд “Shuggie Bain” романаараа Букерийн шагнал хүртэж, дебют бүтээлээрээ энэхүү шагналыг авсан зохиолчдын нэг болсон юм.
Шинэ романаараа тэрээр өмнөх бүтээлийнхээ адил хүний амьдрал, харилцаа, нийгмийн орчин, дотоод зөрчлийг өөрийн уран зохиолын хэлээр үргэлжлүүлэн судалж байна. Өмнөх Букерийн ялагчийн шинэ бүтээл дахин богино жагсаалтад орсон нь Стюартын уран бүтээлийн дараагийн үеийг олон улсын хэмжээнд ахин анхаарлын төвд авчирав.
Букерийн шагналын 2026 оны ялагчийг ирэх арваннэгдүгээр сарын 9-нд Лондоны "Old Billingsgate"-д болох ёслолоор тодруулна. Ялагч нь 50 мянган фунт стерлинг, харин эцсийн шатанд шалгарсан зургаан зохиолч тус бүр 2 500 фунт стерлинг болон тусгай хэвлэлийг авах аж.