
Азийн эдийн засгийн хяналт, тандалтын байгууллага болох АСЕАН+3-ын Макро эдийн засгийн судалгааны алба (AMRO) даваа гарагт БНСУ-ын эдийн засаг энэ онд 3.3 хувиар өснө гэж төсөөлжээ. Энэ нь өмнөх 3.1 хувийн таамгаас 0.2 нэгж хувиар нэмэгдсэн үзүүлэлт юм.
Тус байгууллага 2027 онд Азийн дөрөв дэх том эдийн засаг болох БНСУ-ын эдийн засаг 2.7 хувиар өснө гэж төсөөлжээ. Энэ нь өмнөх 2.2 хувийн таамгаас мөн нэмэгдсэн үзүүлэлт юм.
Инфляцын тухайд AMRO 2026 онд хэрэглээний үнэ өмнөх оноос 2.7 хувиар өснө гэж үзсэн нь өмнөх 2.6 хувийн төсөөллөөс нэмэгдсэн байна. Харин 2027 оны инфляцын төсөөллийг 2.4 хувиас 2.3 хувь болгон бууруулжээ.
Өнгөрсөн сард Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллага (OECD) БНСУ-ын 2026 оны эдийн засгийн өсөлтийн төсөөллийг 3.7 хувь болгон нэмэгдүүлсэн. Тус байгууллага үүнийг БНСУ-ын экспортын өсөлттэй холбон тайлбарласан юм.
Парист төвтэй OECD-ийн шинэ төсөөлөл нь зургадугаар сард гаргасан тайландаа тооцоолсон 2.6 хувийн өсөлтөөс 1.1 нэгж хувиар өндөр байна.
OECD-ийн мэдээлснээр экспортын өсөлт болон үйлдвэрлэлийн хэмжээ нэмэгдэх нь энэ онд БНСУ-ын эдийн засгийн өсөлтийг дэмжих бол хэрэглээ аажмаар сэргэх үйл явц ирэх онд үргэлжилнэ.
Мөн есдүгээр сард Азийн хөгжлийн банк (ADB) БНСУ-ын 2026 оны эдийн засгийн өсөлтийн төсөөллийг долдугаар сард тооцоолж байсан 2.6 хувиас 3.2 хувь болгон нэмэгдүүлсэн. Үүнд хиймэл оюуны салбарын өсөлтийн нөлөөгөөр экспорт болон компаниудын ашиг орлого нэмэгдэж буйг голлон дурджээ.
Харин AMRO бүс нутагт хиймэл оюунтай холбоотой эрэлт саарах нь экспорт болон хөрөнгө оруулалтын үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлж болзошгүйг онцолсон байна.
Түүнчлэн Ойрхи Дорнодын хямралын дараа эрчим хүч, тээвэр болон үйлдвэрлэлийн зардал нэмэгдсэнээр инфляцын дарамт өсөж болзошгүй гэж тус байгууллага үзжээ. Уур амьсгалын өөрчлөлт мөн хүнсний бүтээгдэхүүний үнэ өсөхөд хүргэж болзошгүй байна.
Азийн бүс нутагт тулгарч буй бусад бүтцийн сорилтод эдийн засгийн хуваагдал, хүн амын насжилт зэрэг багтаж байгааг тайланд дурджээ.