
Ойрхи Дорнодын бүс нутаг дахь геополитикийн сөргөлдөөн улам ширүүсэж, Саудын Арабын эрчим хүчний дэд бүтэц болон Ормузын хоолой дахь ачааны хөлөг онгоцууд руу дахин халдсантай холбоотойгоор дэлхийн зах зээл дээрх газрын тосны үнэ даваа гаргийн арилжаа нээгдэхэд огцом нэмэгдлээ. Олон улсын жишиг Брент тосны үнэ нэг баррель нь 3.46 хувиар буюу 3.62 ам.доллароор нэмэгдэж 108.23 ам.долларт хүрсэн бол Техасын хөнгөн нефть 3.15 хувиар буюу 3.15 ам.доллароор өсөж, баррель нь 103.20 ам.доллар болжээ.
Саудын Араб аюулгүй байдлын үүднээс газрын тос дамжуулах хоолойгоо түр зогсоосон болон тээвэрлэлтийн гол зангилаа бүсүүдэд эрсдэл үүссэнтэй холбоотойгоор үнэ ийнхүү өсжээ.
Дэлхийн газрын тосны нийлүүлэлтийн гол судас болох Ормузын хоолой хийгээд Улаан тэнгисийн Баб эль-Мандебын хоолойд зэвсэгт бүлэглэлүүдийн халдлага идэвхжсэн нь олон улсын арилжаачдыг нийлүүлэлтийн хомсдолд орохоос сэргийлж, захиалгаа яаралтай нэмэгдүүлэхэд хүргэж буй. Зах зээлийн шинжээчдийн үзэж байгаагаар бүс нутгийн сөргөлдөөн удаан үргэлжлэх шинжтэй байгаа тул эрчим хүчний үнийн өсөлт ойрын хугацаанд үргэлжилж, олон улсын инфляцын дарамтыг дахин нэмэгдүүлэх эрсдэл үүсээд байна.