
Баяр наадам зохион байгуулах үндэсний хорооны дарга, Шадар сайд Н.Номтойбаяр өнөөдөр /2026.06.30/ мэдээлэл хийлээ.
Тэрбээр "Тулгар төрийн 2235 , Их Монгол Улсын 820, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 115, Ардын хувьсгалын 105, Ардчилсан хувьсгалын 35 жилийн ойн үндэсний их баяр наадмыг зохион байгуулах комисс өнгөрсөн хугацаанд гурван удаа хуралдаж, тодорхой шийдвэр гаргалаа. Ирэх долоо хоногийн Засгийн газрын хуралдаанаас тогтоолын төсөл гарна. Энэ нь монголчуудад төдийгүй монголыг зорьж ирдэг жуулчдад зориулсан томоохон, бодлогын шинж чанартай ажил байна. Үүнийг ирэх долоо хоногийн Засгийн газрын хуралдааны дараа танилцуулна" гэв.
Онцлох шийдвэрүүдийг танилцуулъя.
Энэ жил бөхчүүдээс урьдчилсан байдлаар допингийн урьдчилсан шинжилгээ авчээ. Одоогоор допингийн шинж тэмдэг илэрсэн нэг ч бөх байхгүй аж. Ирэх жилээс 17 орчим тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалттай, барууны итгэмжлэгдсэн лабораторийн иж бүрэн тоног төхөөрөмжийг Монгол Улс худалдаж авах зохицуулалт хийж байгааг мөн мэдээллээ.
Хурдан морины уралдаантай холбоотой эрлийз, монгол морь, сэрвээний өндрийг хэмжихтэй холбоотой хэл ам гардаг. Тиймээс дулаан мэдрэгчээр тусгайлан тоноглогдсон төхөөрөмжөөр уяачид морио хөтөлж орж шалгуулах бөгөөд энэ ажлыг хууль хяналтын байгууллагынхан зохион байгуулна. Уг төхөөрөмжийг Хүй долоон худагт хоёр хоногийн өмнө суурилуулж, төхөөрөмжийг туршиж үзсэн. Уяач нар өргөнөөр оролцож бүгд хүлээн зөвшөөрсөн гэдгийг албаныхан мэдээлэв. Үүнтэй холбогдуулан стандартыг шинэчлэн баталжээ.
Дараа жил гэхэд Монгол морины удмын санг бүрдүүлж, хурдан морины уралдаан маргаангүй явагддаг болох аж.
Энэ жил бүх тасалбар, урилгыг зарж байгаагаараа онцлог. Монголчуудын соёл, уламжлалын хүрээнд гаднын зочдод л урилга тараах юм. Түүнчлэн хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан тусгай хэсгийг зассан бөгөөд нийт 208 орчим аж ахуйн нэгжид үйлчилгээний эрх олгох юм байна. Долоодугаар сарын 13-нд дэлхийн адууны өдрийн баяр Хүй долоон худагт болно.