
Эбола вирусийн халдвар авсан байж болзошгүй гэж үзсэн Кенийн өвчтөнд хийсэн лабораторийн урьдчилсан шинжилгээний хариу сөрөг гарчээ.
Зүүн Африкийн тус улсад Эбола вирусийн халдварын хоёр дахь тохиолдол бүртгэгдэж болзошгүй гэсэн болгоомжлол пүрэв гарагт намжсан байна. Учир нь өвчтөн эмчлүүлж буй Важир мужийн захирагч шинжилгээний хариуг олон нийтэд мэдээлжээ.
Важир мужийн захирагч мэдэгдэлдээ, “Лабораторийн урьдчилсан шинжилгээний хариугаар авсан сорьц Эбола вирусийн өвчний хувьд сөрөг гарсныг дуулгахад таатай байна” гэжээ.
Халдвар авсан байж болзошгүй өвчтөн нь 20 настай эрэгтэй бөгөөд Бүгд Найрамдах Ардчилсан Конго Улсаас Угандагаар дамжин Кени улсад ирсэн түүхтэй аж.
Вирусийн халдвар авсан нь шинжилгээгээр батлагдаж, улмаар нас барсан Кенийн нөгөө өвчтөн мөн энэ маршрутаар зорчсон байжээ.
БНАКУ-д өвчилсөн Кенийн иргэн Найроби хотод нас барсны дараа тус улс мягмар гарагт Эбола вирусийн халдварын анхны тохиолдлоо албан ёсоор мэдээлсэн юм.
Эбола вирусийн дэгдэлт үргэлжилж байна
Эбола вирусийн үхэлд хүргэх аюултай омог энэ оны эхээр БНАКУ-д дэгдэж, улмаар өргөн хүрээнд тархжээ. Тус улс тавдугаар сард Эбола вирусийн дэгдэлт гарсныг албан ёсоор зарласан.
Кени улс нь БНАКУ-д бүртгэгдсэн, түүхэндээ хоёр дахь томд тооцогдох Эбола вирусийн дэгдэлттэй холбоотой халдварын тохиолдол бүртгэсэн дөрөв дэх улс болжээ.
БНАКУ-ын зүүн хэсэгт үргэлжилж буй дэгдэлтийн улмаас 8700 гаруй тохиолдол бүртгэгдэж, 4205 хүн нас барсан.
Халдвар хил даван Уганда улсад тархаж, тус улсад 20 орчим тохиолдол бүртгэгджээ. Улмаар Угандад долдугаар сард Эбола вирусийн дэгдэлт дууссаныг албан ёсоор зарласан байна.
Сүүлийн үеийн дэгдэлтийг үүсгэж буй омгийг Бундибугё вирус (BDBV) гэж нэрлэжээ. Энэ вирус амьтнаас хүнд урьд өмнө байгаагүй дамжих замаар халдварласан байж болзошгүй гэж үзэж байна. Одоогоор Бундибугё вирусийн эсрэг вакцин байхгүй.