
Их Британийн кино урлагийн хамгийн нэр хүндтэй наадмуудын нэг болох “BAFTA– 2026” шагнал гардуулах ёслол болж өндөрлөлөө. Тус үйл ажиллагааг Британийн кино, телевизийн урлагийн академи зохион байгуулдаг бөгөөд дэлгэцийн салбарын хамгийн чухал шагналуудын нэгд тооцогддог юм.
Улаан хивсний ёслолд Уэльсийн ханхүү, гүнжийн хамт оролцсон нь тус наадмын шагнал гардуулах үйл ажиллагааны онцлох явдлуудын нэг байв. Мөн алдарт жүжигчид болох Эмма Стоун, Тимоти Шаламе, Ленонарда Ди Каприо зэрэг одод ч хүрэлцэн иржээ.
Ийнхүү шилдэг эрэгтэй дүрийн шагналыг үзэгчдийн сайн мэдэх “Хаан ширээний тоглоом” кинонд Нед Старкын залуу насны дүрийг бүтээдэг жүжигчин Роберт Арамайо хүртлээ. Тэрээр холливудын аваргууд болох Леонарда, Шаламе нартай өрсөлдөн уг шагналыг хүртэж, онцлох амжилтын эзэн болов. Түүний “I Swear” кинонд бүтээсэн, Жон Дэвидсоны амьдралаас сэдэвлэсэн ижил нэрт дүр нь уг нэр хүндтэй шагналыг гардахад хүргэсэн юм.
Харин тус үдэш нийт дүнгээрээ “One Battle After Another” киноны найруулагч Пол Томас Андерсонд харьяалагдсан гэхэд болно. Трампын үеийн америк, ICE-ийн баривчилгааны давалгааг хагас уран сэтгэмжит өнгө аясаар бодит хөрсөн дээр буулган дүрсэлсэн уг бүтээл шилдэг кино, шилдэг найруулагч гэх хоёр том шагналыг найруулагчид авчирлаа. Мөн шилдэг сэдэвчилсэн кино, шилдэг зураг авалт, шилдэг эвлүүлэг, шилдэг туслах дүрийн эрэгтэй жүжигчний шагналыг хүртсэн байна. Найруулагч Пол Томас Андерсон шилдэг найруулагчийн шагналыг хүлээн авахдаа “Бид кинондоо Нина Симонегийн хэлсэн зүйлийг ашигласан. Тэр “Би эрх чөлөө гэж юу болохыг мэднэ. Айх айдасгүй байхыг хэлнэ” гэж хэлдэг. Тиймээс айдасгүйгээр хийж байгаа зүйлсээ үргэлжлүүлцгээе” гэжээ.
Судлаачид үүнийг “Цаг үеийн сэтгэл зүйг гярхай мэдэрсэн Андерсоны зөн совингийн ялалт байлаа” хэмээн дүгнэцгээв.

Ийнхүү “BAFTA -2026” - гийн ялагчдын жагсаалтыг хүргэе.
ШИЛДЭГ КИНО
“One Battle After Another”
ШИЛДЭГ НАЙРУУЛАГЧ
Пол Томас Андерсон | “One Battle After Another”
ШИЛДЭГ ЭРЭГТЭЙ ГОЛ ДҮРИЙН ЖҮЖИГЧИН
Роберт Арамайо | “I Swear”
ШИЛДЭГ ЭМЭГТЭЙ ГОЛ ДҮРИЙН ЖҮЖИГЧИН:
Жесси Бакли | “Hamnet”
ШИЛДЭГ ТУСЛАХ ЭРЭГТЭЙ ДҮР
Шон Пенн | “One Battle After Another”
ШИЛДЭГ ТУСЛАХ ЭМЭГТЭЙ ДҮР:
Вунми Мосааку | “Sinners”
ШИЛДЭГ БРИТАН КИНО
“Hamnet”
ШИЛДЭГ ГАДААД ХЭЛ ДЭЭРХ КИНО:
“Sentimental Value”
ШИЛДЭГ БАРИМТАТ КИНО
“Mr Nobody Against Putin”
ШИЛДЭГ ХҮҮХЭЛДЭЙН КИНО
“Zootropolis 2”
ШИЛДЭГ АНХНЫ БҮТЭЭЛ (БРИТАН):
“My Father’s Shadow”