
Хусит босогчдын мэдээлснээр, Йемений Таиз мужийн Аль-Вазийя дүүрэгт байрлах Аль-Хадара захад болсон халдлагын улмаас дор хаяж 30 хүн амиа алджээ.
Йемений засгийн газрын хүчин болон хусит босогчдын бүлэг Таиз мужийн Аль-Хадара захад болсон халдлагыг нэг нэгэндээ тохож байна. Хоёр талын мэдээлснээр, уг халдлагын улмаас олон арван хүн амиа алдаж, шархаджээ.
Йемений засгийн газрын хүчний хэвлэлийн төлөөлөгч, хурандаа Мажед аль-Назили баасан гарагт "хуситууд зах руу баллистик пуужин харваснаас энгийн иргэд олноор амь үрэгдэж, шархадсан" гэж мэдэгджээ. Тэрбээр Ираны дэмжлэгтэй тус бүлэглэлийг "дайны гэмт хэрэг" үйлдсэн хэмээн буруутгаж, хариуцлага тооцохыг уриалсан юм. Харин хуситууд Йемений олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн засгийн газрыг дэмждэг Саудын Араб тус захад гурван удаа агаарын цохилт өгсөн гэж буруутгажээ. Уг халдлагын улмаас дор хаяж 30 энгийн иргэн амиа алдаж, найман хүн шархадсан гэж тэд мэдээлсэн байна.
Хуситуудын хяналтад байдаг нийслэл Санаа хотын Эрүүл мэнд, байгаль орчны яамнаас Риядыг "аймшигт гэмт хэрэг" үйлдсэн хэмээн буруутгаж, энгийн иргэдийг "системтэйгээр онилж буй" асуудлаар Саудын Арабт олон улсын хараат бус мөрдөн шалгалт явуулахыг уриалжээ.
НҮБ Таиз хотод үүсээд буй хүмүүнлэгийн нөхцөл байдал гамшгийн хэмжээнд хүрэх эрсдэлтэйг удаа дараа анхааруулсан. Учир нь тус хотод хүнсний бүтээгдэхүүн, эмийн хангамж улам бүр хомсдож байгаа юм.
Йемений олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн засгийн газар хуситуудын хяналтад байгаа газар нутгийг эргүүлэн авах зорилгоор аравдугаар сарын 5-нд "Йемений үүрийн гэгээ" нэртэй цэргийн ажиллагааг эхлүүлжээ. Цэргийн ажиллагаа эхэлснээс хойш Йемений засгийн газрын хяналтад байдаг нутаг дэвсгэрүүд болон Саудын Арабын нутаг дэвсгэр хуситуудын пуужингийн довтолгооноос аюулгүй байж чадаагүй байна.
Хуситууд Саудын Араб руу өдөр бүр пуужин болон нисгэгчгүй нисэх төхөөрөмжөөр довтолж, газрын тосны байгууламжуудыг онож, тус улсын агаарын тээврийн хөдөлгөөнд саад учруулж байгаа аж.