
Узбекистанд болсон хүндийн өргөлтийн өсвөр, залуучуудын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд Монгол Улсын эмэгтэй баг амжилттай оролцож багийн дүнгээр 4-р байрт шалгарлаа. “Ташкент-2026” тивийн аварга шалгаруулах тэмцээнд 30 орны 304 тамирчин өрсөлдсөнөөс шигшээ багийн ахлах дасгалжуулагч Ч.Мартын удирдлага дор залуучуудын шигшээ баг амжилттай оролцлоо.
Азийн 59 рекорд шинэчлэгдсэнээс гадна дэлхийн аварга шалгаруулах тэмцээний амжилтууд давтагдсан энэ удаагийн тивийн тэмцээнд Монголын эмэгтэй баг шилдэг дөрвөн багийн нэгээр тодорлоо. Иран, Узбекистан, Казахстан, Филиппин, Тайланд, БНСУ, Вьетнам, Энэтхэгийн багууд 10-аас дээш медаль хүртжээ.
Залуучуудын ангилалд эмэгтэйчүүдийн +86 кг-д Б.Энхжин огцом, түлхэлттэй өргөлтийн нийлбэр 210 кг-аар 5-р байр, 86 кг-д Л.Болортуяа 215 кг-аар, 61 кг-д Б.Отгонтуул 175 кг-аар тус тус 6-р байр эзэлжээ.
Багийн туслах дасгалжуулагчаар Өвөрхангай аймгийн дасгалжуулагч Б. Дэмбэрэлдорж, “Алдар спорт” хорооны дасгалжуулагч А.Отгонжаргал нар ажилласан байна.
