
Кино урлагийг логик өгүүлэмжээс чөлөөлж, хүний далд ухамсрын хэл болгосон суут найруулагчийн Луис Бунюэль энэ өдөр мэндэлжээ. Түүний кинонууд урлагийн зүүдийг үзэгчдэд үзүүлдэг агаад тэдгээр нь хүнийг цочоож, гүн нойрноосоо сэрэхэд зориулагдсан байдаг.
Бунюэлийн уран бүтээлд бодит байдал хэзээ ч дангаар оршдоггүй. Харин зүүд, хүсэл шунал, гэм буруу, шашин, ёс суртахуун зэрэг нь бодитоос бодит зүйл болж хувирдаг. Гагцхүү эл бүх сэдэв нэг дэлгэц дээр зэрэгцэнэ.
Ингээд түүний онцлох таван бүтээлийг уншигчдадаа танилцуулъя.
UN CHIEN ANDALOU (1929)
Түүний эл богино хэмжээний бүтээл бол кино урлаг руу чиглэсэн “шууд довтолгоо” гэж зарим судлаачид үздэг. Нүд зүсэх алдартай кадр нь үзэгчийн харах дадлыг эвдэж, дүрслэх урлагийг логикоос чөлөөлсөн.
Өгүүлэмжийн шугам энд байхгүй, харин ухамсрын чөлөөт урсгал бий. Бунюэль ба алдарт зураач Далигийн хамтын бүтээл болох тус кинонд хүний далд хүсэл, айдсыг цочир дүрслэлээр ил гаргажээ. Энэ киноноос хойш сюрреализм зөвхөн уран зурагт бус дэлгэц дээр ч амьдарч эхэлсэн юм.
L'AGE D'OR (1930)
“Алтан үе” нэртэй ч угтаа нийгмийн ёс суртахууны доройтлыг ёжлон харуулсан бүтээл. Хайр дурлал, шашин, буржуаз дэг журам гурав хоорондоо мөргөлдөхөд нийгмийн өөртөө бий болгосон ёс суртахууны хана хэрэм нуран унаж эхэлдэг.
Кино нээлтээ хийсний дараа Парист үймээн дэгдэж, тус бүтээлийг хориглоглож байв. Бунюэль хүний аливаа хүслийг дарж болохгүйг, харин дарсан дүр эсгэх нь илүү аюултайг сургамжилжээ. Энэ бол сюрреализм нийгмийн шүүмжлэлтэй нэгдсэн анхны томоохон алхамуудын нэг байлаа.
LOS OLVIDADOS (1950)
Мексик хотын ядуусын дундах хүүхдүүдийн тухай энэ кино Бунюэлийн буддист эргэлт байлаа. Гэвч бодит ахуй дунд ч зүүдэн хэсгүүд шургалж, хүний сэтгэл зүйн гүн рүү өнгийлгөнө. Тэр ядуурлыг романтик биш харгис бөгөөд өршөөлгүй байдлаар үзүүлдэг.
Хүүхдүүд гэмт хэрэгт татагдаж буй нь хувь хүний буруу бус нийгмийн бүтцийн үр дагавар болохыг илчилнэ. Уг кино Каннаас шагнал авснаар Бунюэль зөвхөн дуулиант сюрреалист уран бүтээлч бус нийгмийн сэдвийг ч кино урлагт дархалж чадах найруулагч гэдгээ баталсан юм.
-660x0.png)
-660x0.png)
-660x0.png)
-660x0.png)
BELLE DE JOUR (1967)
Дээд зиндааны давхрагад аж төрөн суух нэгэн эмэгтэй өдрийн цагаар нууцаар биеэ үнэлэгч болж, нэг ёсондоо хоёр амьдралын зааг дээр оршино. Учир нь тэр нөхөрт гарсан нэгэн. Бунюэль хүсэл гээчийг ёс суртахууны шүүлтээр бус сэтгэл зүйн нууцлаг байдал нь руу тольдсоноор илэрхийлэх боломжтой гэж үздэг.
Зүүд ба бодит байдал хоорондоо ялгарахгүй болж үзэгчийг эргэлзээнд оруулна. Кэтрин Денёвийн дүр хүйтэн, бардам төрхөөрөө өөрийн дотоод дахь хямралыг нууна. Энэ кино эмэгтэйчүүдийн дотор орших нууцлаг хүслийг илэрхийлсэн XX зууны хамгийн зоригтой бүтээлүүдийн нэг болж үлджээ.
THE DISCREET CHARM OF THE BOURGEOISIE (1972)
Үнэндээ анх үзсэн бүхэн киноны учрыг, цаад бэлгэдэлт санааг олж харахад нэлээд төвөгтэй. Урлаг судлаачид хүртэл бүтээлийг үзсэнийхээ дараа гол шугамыг нь дэлгэрүүлэн шүүмж бичих эсэхдээ эргэлзсэн гэх нь бий.
Бүтээлд давхацсан олон зүүд бодит ахуйг сандаачиж, амьдралын хаос, хийсвэр чанарыг илтгэдэг. Ёслол төдий харилцаа, гутрал, хоосрол зэрэг нэг шугамд зэрэгцэн оршино. Бунюэль энэ удаад нийгмийн харгис атлаа элэг хөшөөм хөргийг дэлгэц дээр бүтээжээ. Энэхүү кино Оскарын гадаад хэл дээрх шилдэг киногоор шалгарч, найруулагчийн хожуу үеийн уран бүтээлүүдийн оргилд тооцогдох болсон юм.