
“FIBA Asia Cup 2029” тэмцээний урьдчилсан шатны хоёрдугаар тойрогт Монгол Улсын шигшээ баг Индонез, Хонконг, Малайзын багтай энэ долоо хоногт тоглох юм. Шигшээ багийн ахлагчаар томилогдсон Ш.Энхийн-Одтой цөөн хором ярилцлаа. Түүнийг Монгол Улсын гавьяат тамирчин цолоор ирэх пүрэв гарагт шагнахаар болжээ.
-Та эх орондоо ирсэн сэтгэгдлээсээ хуваалцаач. Мөн шигшээ багийн бүрэлдэхүүнийг хэрхэн харж байна вэ?
-Багийнхантайгаа нэгдсэн бэлтгэл гарлаа. Бидэнд дахин хоёр хоног бий. Үлдсэн өдрүүдэд багийн уур амьсгалаа нэгтгээд тоглолтод бэлэн орж ирэх болно. Энэ удаагийн шигшээ багийн бүрэлдэхүүнийг тун сайн болсон гэж харж байгаа. Эх орныхоо нэрийн өмнөөс тоглож байгаа учраас бүгд хичээх болно. Миний хувьд янз бүрээр тоглох боломжтой гэж бодож байна. Мэдээж шигшээ багийн бүрэлдэхүүнд багтсан учраас өөрөөрөө бахархаж тоглоно.
-Таны хувьд шигшээ багийн ахлагчаар сонгогдлоо?
-Шигшээ багийн ахлагчаар ажиллах болсноо хэвлэлийн хурлын үеэр л мэдлээ. Мэдээж сэтгэгдэл маш өндөр байна. Анх удаа шигшээ багийн ахлагчийн үүргийг хүлээн авлаа. Энэ бол маш том хариуцлага. Би бэлэн байгаа.
-Шигшээ багийн тоглогчдын тухай юу гэж хэлэх вэ?
-Манай баг бие биенээ нөхөх тал дээр илүү сайн. Тиймээс бие биенийхээ сул талыг нөхөөд тоглох үед болно. Өмнөх тоглолтод гаргасан шигээ байгаа бүхнээ хийхээр бэлтгэж байгаа. Багаараа ялах боломжтой. Мэдээж аль хүчтэй баг ялна, сайн байсан нь хожно. Багуудад түвшний харьцаа гэж бий. Аль болох өндөр түвшинд тоглож байгаа тамирчнаа ашиглаад явахад багийн тоглолт гарна. Тиймээс тухайн тамирчныг ашиглаж тоглох нь баг бүрд гарах хувилбар гэж харж байна.
-Таны хувьд NBA-гийн Хөгжлийн лигт тоглож байна. Энэ тоглолтын талаар сэтгэгдлээ хэлэхгүй юу?
-Надад үнэхээр сонирхолтой байгаа. Би таван тоглолт хийсэн. Надад маш том туршлага болж байна. Эх орондоо болох гэж байгаа тоглолтод илүү өндөр сэтгэл зүйтэй оролцох болно. Мэдээж та бүхнийг шигшээ багаа дэмжээрэй гэж хүсэж байна. Би эх орондоо өвлийн улиралд ирэлгүй зургаан жил болжээ. Улаанбаатарын өвлийг их санасан байна. Мэдээж бидний сонирхолтой гурван тоглолт хүлээж байгаа. Би бүхнээ дайчлах болно.