
Шинэ дэгдэлтийн вакцины сонголтуудыг хэлэлцэхээр ДЭМБ-аар ахлуулсан шинжээчдийн баг хуралдлаа.
ДЭМБ-аас олон улсын хэмжээнд онцгой байдлын түвшинд хүрсэн гэж зарласан Эбола өвчний дэгдэлтийн улмаас БНКонго улсад нас барагсдын тоо 131-д хүрч, сэжигтэй тохиолдол 513 болсон талаар Эрүүл мэндийн сайд Самуэль Рожер Камба мэдэгджээ.
Өмнөх мэдээллээр уг дэгдэлтийн улмаас 350 сэжигтэй тохиолдлоос 91 хүн нас барсан гэж байсан юм.
ДЭМБ-ын тэргүүн мягмар гарагт “тархалтын цар хүрээ болон хурд маш их түгшээж байна” хэмээн мэдэгдсэн. Эбола вирусын тархалт хөрш Уганда улсад ч мөн тархжээ.
“Ням гаргийн эхээр би Конго болон Угандад тархаж буй Эбола өвчний дэгдэлтийг олон улсын анхаарал татсан нийгмийн эрүүл мэндийн онцгой байдал гэж зарласан” хэмээн ДЭМБ-ын Ерөнхий захирал Тедрос Адханом Гебрейсус Женев хотод болсон Дэлхийн эрүүл мэндийн ассамблейн үеэр мэдэгджээ. Түүний хэлснээр ДЭМБ-ын Яаралтай тусламжийн хороо хуралдаж, Эбола өвчний дэгдэлтийн талаар хэлэлцэхээр товлогдсон байна. Тус хороо нь ДЭМБ-ын тэргүүнд техникийн зөвлөгөө, зөвлөмж өгдөг олон улсын шинжээчдээс бүрддэг аж.
Сүүлийн дэгдэлтийг үүсгээд буй Эболагийн Бундибугёо омогт зориулсан батлагдсан вакцин, эмчилгээ одоогоор байхгүй бөгөөд сүүлийн хагас зуун жилийн хугацаанд Африкт 15 мянга гаруй хүний аминд хүрсэн байна. Гэхдээ сайд Камба одоогийн нас баралтын тоо урьдчилсан тооцоо бөгөөд 131 сэжигтэй нас баралт бүгд Эболагаас болсон эсэхийг баталгаажуулахын тулд нэмэлт судалгаа шаардлагатайг анхааруулжээ.
Дэгдэлтийн голомт нь Уганда болон Өмнөд Судантай хиллэдэг, алт олборлолтын төв бүс гэгддэг Конгогийн зүүн хойд нутгийн Итури мужид байгаа аж. Энэ бүсэд хүмүүс хил дамнан тогтмол зорчдог байна.
Вирус аль хэдийн хөрш мужууд руу тархаж, анхны голомтоос 200 км хүртэлх зайд хүрээд зогсохгүй Конгогийн хилээс даван тархаад байгаа юм.
Нас баралтын түвшин
Эболагийн Бундибугёо омгийн нас баралтын түвшин 50 хувь хүртэл байдаг. Батлагдсан вакцин одоогоор байхгүй. Гэсэн ч шинжээчдийн баг боломжит вакцины сонголтуудыг хэлэлцэхээр төлөвлөжээ.
Merck компанийн үйлдвэрлэсэн Ervebo вакциныг Эболагийн Зайре омогт хэрэглэдэг боловч амьтны туршилтаар Бундибугёо омгийн эсрэг тодорхой хэмжээнд хамгаалалт үзүүлж болзошгүйг тогтоосон байна.
“Эсрэг арга хэмжээ байхгүй омгийн дэгдэлт гарсан үед бид хамгийн зөв арга замын талаар зөвлөгөө өгнө” хэмээн Африкийн өвчний тандалт, хяналтын төвийн шинжлэх ухааны газрын түр захирал доктор Мосока Фаллах хэлжээ.
“Бидэнд байгаа нотолгоонуудыг авч үзээд шийдвэр гаргана” гэж тэр нэмж хэлсэн байна.
ДЭМБ-ын нэгэн албан тушаалтан Конгод Эболатай тэмцэхэд зориулсан зургаан тонн эмнэлгийн хэрэгсэл буюу хамгаалах хувцас болон бусад эмнэлгийн хэрэгсэл хүргэх болсон талаар мэдэгдэв. “Бид 12 тонн тусламжийн хэрэгсэл илгээсэн. Өнөөдөр нэмэлт зургаан тонн ирнэ. Үүнд тэргүүн шугамын эрүүл мэндийн ажилтнуудад зориулсан хамгаалах хэрэгсэл болон шинжилгээний материалууд багтаж байна” хэмээн ДЭМБ-ын Итури муж дахь төлөөлөгч Анне Ансиа мэдэгджээ.
Үүний зэрэгцээ Герман улс Конгод Эболын халдвар авсан АНУ-ын иргэнийг хүлээн авч эмчлэхээр бэлтгэж байгаа талаар Германы Эрүүл мэндийн яам AFP агентлагт мэдээлсэн байна. “Конгод Эболын халдвар авсан АНУ-ын иргэнийг эмчлэхэд тусламж үзүүлэх хүсэлтийг АНУ-ын эрх баригчид Германы засгийн газарт тавьсан” хэмээн яамны төлөөлөгч мэдэгджээ.
Өвчний тандалт, хяналтын төвөөс тухайн америк иргэн Конгод хийж байсан ажлынхаа үеэр халдварт өртсөн бөгөөд ням гарагийн орой шинжилгээний хариу эерэг гарсан гэдэг тайлбар өглөө.