
Шинжлэх ухааны академийн Түүх, угсаатны зүйн хүрээлэнгээс эрхлэн Монгол-Японы “Бичээс” төслийн хүрээнд Өвөрхангай аймгийн Уянга сумын нутагт орших Олон сүмд археологийн малтлага судалгааг явуулжээ. Тус хамтарсан судалгааны анги 2026 оны хээрийн судалгааг Олон сүмийн туурьд наймдугаар сард 12 хоногийн хугацаанд зохион байгуулсан аж. Энэхүү судалгаа нь 2025 онд эхлүүлсэн археологийн малтлага, судалгааны ажлын үргэлжлэл юм. Монголын талаас доктор Л.Эрдэнэболд, академич С.Чулуун, Японы талаас профессор Такаши Мацүкава нар удирдаж, археологич Э.Уртнасангаар ахлуулсан судалгааны багийнхан “Монголын бурхны шашны түүх, бичиг үсгийн судалгаанд шинэ эх хэрэглэгдэхүүн”-ийг илрүүлжээ.
"Чингис хаан" үндэсний музейн захирал, академич С.Чулуун хэлэхдээ “Судалгаагаар дурсгалт газрын зүүн хэсэгт оршдог томоохон барилга, түүний урд байрлах жижиг барилгад малтлага хийсэн. Томоохон барилга нь төв танхим, бурхны таван тооны суурь, тэдгээрийг тойрсон горооны замтай бөгөөд хамгийн сонирхолтой нь барилгын хананд олон өнгөөр зурсан бурхны хөрөг, уул, үүл, могой болон ургамлын хээ бүхий ханын зургийн үлдэгдэл илэрсэн. Энэ нь Монголын бурхан шашны судалгаанд онцгой чухал дурсгал болж байна. Мөн малтлагын үеэр түүхий шавраар хийсэн бурхны олон хэсэг, бурхны толгой, өлмий, бурхны шүншиг болох шаазан хундага, морь унасан хүний дүрстэй төмөр эдлэл, эрдэнийн чулуугаар хийсэн 21 ширхэг эрхи, улаан зандан модны хэсэг зэрэг олдвор илэрсэн” гэсэн юм.
2026 оны судалгааны хамгийн онцлох үр дүн нь хоёр малтлагаас монгол бичгээр бичсэн үйсэн номын нийт 30 орчим хэсэг олджээ. Эдгээр үйсэн судрын хэсгээс "Чингис хаан" үндэсний музейн сэргээн засварлагч нар анхны сэргээлтийг хийсэн байна. Түүний дотроос сонирхол татах нэгэн баримт нь Чингис хааны хөвгүүд, дүү нартаа сургасан билиг сургаалын хэсэг олдсон нь анхдагч болсныг өнөөдөр онцлон мэдээллээ. Цаашид нарийвчлан судалж, сэргээн засварлалт, хамгаалалтыг хийж он цагийг тогтоох ажлуудыг эхлүүлж байгаа аж. Эдгээр олдвор, барилга байгууламжийн зохион байгуулалт, ханын зураг, үйсэн судруудаас үзэхэд Онон сүм нь Монголын анхны сүм хийдүүдийн нэг, уран барилга, шашин, бичгийн соёлын томоохон төв байсныг илэрхийлж байгаагаараа онцлогтой гэж судлаачид үзэж байна.
