“Үндэстний ТОЙМ” сэтгүүлийн 640 дэх дугаар уншигчдын гарт очлоо. Шинэ дугаараас онцлох есөн сэдвийг танилцуулъя.

НЭГ: Сорилт

Шинэ Засгийн газарт төсвийн орлогоо тасалдуулахгүйгээр дээрх өөрчлөлт шинэчлэлтүүдийг хэрхэн сорилт тулгарна. Иргэд, аж ахуйн нэгжүүд энэ өөрчлөлтийг маш ихээр хүлээж байгаа. Энэ асуудал өмнөх Засгийн газрыг огцруулах гол шалтгаан болоогүй ч суурь шалтгаан болсон нь ойлгомжтой. Татвар, нийгмийн даатгалын шимтгэлийн дарамтад өртөж, худалдан авах чадвар нь муудсан иргэдэд Ерөнхий сайдын хүүгийн тасаглал маш эмзэг туссан. Товчхондоо, нийгмийн бухимдал шүдэнз зурахад дүрэлзэн асах галтай адил байлаа. Засгийн газар огцорч, дараагийн засаг байгуулагдлаа гээд энэ бухимдал арилахгүй. Тодорхой шийдэл олтол байсаар л байна. Тиймээс дараагийн Засгийн газар иргэн, аж ахуй нэгжүүдийнхээ хүлээлтийг арилгаж, харилцан итгэлцэлд хүрч чадвал амжилттай засаглах болно. Ингээд тоочоод байвал шинэ Ерөнхий сайдыг арга эв, итгэлийг нь олох, аргалах, зохицуулах олон сорилт хүлээж байна. Хэрхэн даван туулах, эсвэл хугацаанаас өмнө бүдрээд унахыг цаг хугацаа харуулах биз ээ.  

С.Шийлэгтөмөрийн “Шинэ Ерөнхий сайдыг хүлээх сорилт” нийтлэлээс

ХОЁР: Гадагш урсах боловсролын салбарын алдагдал

Боловсролын үйлчилгээний экспорт буюу боловсролын салбараас бид 2024 онд 41.2 сая ам.доллар олсон. Харин боловсролын үйлчилгээний импорт буюу гадагшаа үүнээс 15 дахин их хэмжээний зардал гаргажээ. Өнгөрсөн оны байдлаар 602.5 сая ам.доллароор хэмжигдэж байгаа боловсролын үйлчилгээний импорт нь манай улсын нэг жилийн төмрийн хүдрийн экспортын нийт орлого эсвэл ноолуур, малын мах гээд мал аж ахуйн салбарын нийт экспортын орлогоос давсан дүн. Дотоодод суралцагчдын тоо харьцангуй тогтвортой харагдаж байгаа ч гадаадад суралцаж байгаа монгол иргэдийн тоо жил ирэх бүр нэмэгдэж байна. Сүүлийн нэг жилийн өөрчлөлтийг харвал гадаадад суралцаж байгаа монгол иргэдийн тоо 2023 онд 39400 байсан нь 2024 онд 50100-д хүрч жилийн дотор 10 мянгаар өсжээ. Дээрх тооноос харахад дотоодод суралцаж байгаа оюутнуудын 30 хувьтай тэнцэх хэмжээний залуус гадаадад сурч байна.

М.Мөнхжаргалын “Боловсролын импортын алдагдал” нийтлэлээс

ГУРАВ: Төсөв хүндэрнэ

Төсвөө эрүүлжүүлж, зардлаа, хуваарилалтаа зөв болговол Монгол Улс эрчимтэй хөгжих боломжтой гэж эдийн засагчид ярьдаг. Төсвийн тэлэлтийн гол шалтгаан инфляц, статистикийн өсөлтөөс илүү төрийн хууль тогтоомжоор нэмэгдүүлсэн зардал. Төсвийн бодлогоор зангидахгүй салбарын хуулиудыг өөрчлөх замаар зардал нэмж ирснээ хавар ярина гээд намрын чуулганы сургамжаа мартсан аятай хойш тавьж байна. Энэ чиглэлийн бодит үйлдэлгүйгээр төсвийн хүрээний мэдэгдлээ баталлаа. Одоо энэ хүрээндээ төсвөө бичнэ. Дээр нь нүүрсний үнээс болж төсөв тасарч байгаа. Үнийн уналт үргэлжлэх төлөвтэй байгааг Засгийн газрын эх сурвалжууд ч дурджээ. Хууль тогтоогчид улстөржсөн үйл явдлуудыг дагаж намирцгаагаад байлгүй гол ажилдаа анхаарахгүй бол ирэх жилийн төсөв хүндрэх нь. Тэд энэ бэрхшээлээ шийдэхгүй бол ямар ч сайн Засгийн газар байгуулаад данхар бүтэц, тэлсэн зардалдаа чирэгдээд дуусах нь.

С.Эрдэнэбаярын “Зардал тэлсэн хуулиуд Засгийн газрыг амраахгүй” нийтлэлээс

ДӨРӨВ: Ёс суртахууны доройтолд орсон монголчуудыг ирээдүй үе аварна

Энгийн иргэдээс эхлээд төрийн албан хаагчид, УИХ-ын гишүүд, сайд нар нь хүртэл гээд монголчуудын олонх нь ёс суртахууны доройтолд орсныг нотлох захын жишээ л ийм. Энэ нь нийгмийн тулгамдсан асуудал болсныг судлаачид хэдийнэ хүлээн зөвшөөрч, хүүхдэд бага наснаас нь ёс суртахууны боловрол олгох талаар анхаарч, төрийн бодлогодоо тусгаач хэмээн сүүлийн хэдэн жил эрчимтэй сануулж буй. Гэвч хэрэгжсэн бодит ажил хомс байна. Ёс суртахуун гэдгийг үзэл санаа ба шийдвэрийн хоорондын ялгаа хэмээн тодорхойлжээ. Мөн “Сайн, мууг ялгаж, сөрөг бодол, сэдэл, үйлдлийг арилгаж чадахуйц дотоод сэтгэлийн сахилга бат” гэсэн тодорхойлолт илүү ойлгомжтой санагдаж байна. Бурууг үйлдэхийг тэвчих ухааны хажуугаар зөрөөд, нэгэнт насанд хүрчихсэн хүмүүсээс ёс суртахуун нэхээд бүтэхгүй нь. Нийтээрээ ёс суртахууны доройтолд орсон монголчуудыг ирээдүй үе маань л аварна. Ёс суртахуунтай, ичих булчирхайтай хэсэг нь цөөнх болчихоод, олонхоо хүмүүжүүлж барахгүй байна. Тиймээс хүүхдүүдэд багаас нь төрийн бодлогоор ёс суртахууны хичээл зааж, боловсрол олгох учиртай. Эцэг, эх нь “нэгэнт өнгөрсөн” байсан ч тэдний буруу үйлдлийг хүүхдүүд нь таслан зогсоох сэтгэл зүйнг сахилга бат, дархлаатай болж өснө гэсэн үг.

С.Туулын “Ёс суртахууны доройтолд орсон монголчууд” нийтлэлээс

ТАВ: Дархлаажуулалтын бүрхэг ирээдүй халдварт өвчнийг гааруулж байна

Халдварт өвчнөөс сэргийлэх хамгийн гол зүйл дархлаажуулалт болохыг эмч мэргэжилтнүүд хэлж байна. Гэвч Монгол Улсын хэмжээнд дархлаажуулалт тавхан жилийн дотор 10 орчим хувиар буурсан. 2023 онд хийсэн “Нийгмийн  үзүүлэлтийн түүвэр судалгаа  (НҮТС)”-нд дурдсанаар улсын хэмжээнд бүх вакцинд хамрагдалт таван жилийн өмнөхөөс буюу 2018 оныхоос 10 хувиар буурсан байна. Судлаачид үүнийг коронавирусын эсрэг вакцины нөлөөгөөр иргэдийн вакцинд итгэх байдал буурсан хэмээн үзэж буй. Улаанбаатар хотод бүртгэгдсэн улаанбурхны 4209 тохиолдолд тандалт хийж, вакцинд хамрагдалтаар нь судалвал, бүрэн хамрагдсан 15.2 хувь, хамрагдаагүй 55.4 хувь, бүрэн хамрагдаагүй 17.1 хувь, вакцинжуулах насанд хүрээгүй 13.1 хувь байжээ. Иргэд хэдий чинээ вакцинаас татгалзана, төдий чинээгээр халдварт өвчин нэмэгддэг зүй тогтол байдаг. Гэлээ гээд иргэдэд хүчээр дархлаажуулалт хийж болохгүй. Боломж ч үгүй.

О.Эрдэнэчимэгийн “Дархлаажуулалтын доройтол ба халдварт өвчний гааралт” нийтлэлээс

ЗУРГАА: FOMO маркетинг

Хоцрох айдас аялах, худалдан авалт хийх зэрэг шийдвэрт хөтөлдгөөс гадна хүмүүсийг санхүүгийн эрсдэлд оруулах нь ч бий. Тухайлбал, хэдхэн жилийн өмнө койн, криптовалютын зах зээл FOMO маркетинг хийж, хүмүүст “бусад нь ашиг олоод, би л хоцрох гээд байна” гэх сэтгэгдэл төрүүлж байв. Улмаар цөөнгүй хүн уг зах зээлд хөрөнгө оруулалт хийж, олонх нь алдагдал хүлээсэн. Манайд ч ийм асуудал үүсэж байв. Дүгнээд хэлэхэд, өнөөгийн нийгэмд “хоцрох айдас” нь зөвхөн хувь хүнд хамаатай сэдэв байхаа больжээ. Нийгмийн сэтгэл зүй, зан төлөвт нөлөөлдөг, маркетинг, худалдаа үйлчилгээний салбарыг зангиддаг чухал хэрэглэгдэхүүн, судлагдахуунд тооцогдох болсон байна. Тиймээс хувь хүмүүс өөрсдийн сэтгэл хөдлөлийг хянаж, FOMO-г таньж, сэтгэл хөдлөлд автан шийдвэр гаргахаас сэргийлэх шаардлагатай юм.

О.Даваасүрэнгийн “Хоцрох айдас ба хүч, хүлээс” нийтлэлээс

ДОЛОО: Гээгдэгсэд

Монголын өсвөр үеийнхний хүмүүжил, төлөвшил, эрүүл мэнд, аюулгүй байдал ноцтой түвшинд хүрчээ. Тиймээс энэ насныханд чиглэсэн тодорхой, бодит, цогц бодлого, арга хэмжээ хэрэгжүүлэх, тэдний хэрэгцээг сонсох, чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх орчин нөхцөлийг дэмжих зайлшгүй шаардлагатай байна. Түүнчлэн цахим аюулгүй байдалд нь анхаарч, гэр бүлийн оролцоог нэмэгдүүлэх нь ч шийдэл. Хүүхдүүдийн авир, ааль, араншин нөхцөл хяналтаас гарч, ёс зүйн хэм хэмжээнээс давж байгаа бол үүний буруутан нь томчууд, нийгэм, цаг үе. Тиймээс асуудлыг цогцоор нь шийдэхэд анхаарах нь зүй.

О.Даваасүрэнгийн “Үл үзэгдэх үеийнхэн” нийтлэлээс

НАЙМ: Өрийн дарамтад тунасан улс төр

Олон улс судлаачид Хятадын зээлийн бодлогыг “debt-trap diplomacy” буюу өрийн урхины дипломат ажиллагаа гэж нэрийддэг. Энэ нь эдийн засгийн зээлээр улс төрийн нөлөөгөө тэлэх стратегийн арга бөгөөд тухайн улс өрөө төлж чадахгүй нөхцөлд стратегийн чухал дэд бүтцээ алдах эрсдэл дагуулдаг аж. 

2024 оны байдлаар Хятадад төлөх өр нь 4.2 тэрбум ам.долларт хүрч усан цахилгаан станц, авто замын сүлжээ зэрэг дэд бүтцийн төслүүд нь бүхэлдээ хөршөөсөө хамааралтай болсон Камбожид нийгмийн дотоод зөрчил хурцдаж эхэллээ. “Шинэ Хонгконг” хэмээх албан бус нэршилтэй Сиануквиль хот Хятадын хөрөнгө оруулалтаар казино, үл хөдлөх хөрөнгийн мега төслүүд хэрэгжүүлсэн нь орон нутгийн иргэдийг газар нутгаас нь шахаж, ажилгүйдлийг нэмэгдүүлсэн. Мөн Камбожийн эрх баригчид Хятадын дэмжлэгийг ашиглан улс төрийн сөрөг хүчнээ дарамталж байгаа талаар хүний эрхийн байгууллагууд анхааруулжээ.

Шри-Ланкагийн Хамбантота боомт, Пакистаны Гвадар боомт зэрэг стратегийн байршилтай төслүүд Хятадын барьцаанд орсон нь өрийн дипломат ажиллагааны бодит илэрхийлэл. Африкийн Жибути улсад Хятадын анхны гадаад цэргийн бааз байгуулсан нь ч зээлээр баригдсан боомтод төвлөрсөн стратегийн алхам билээ. Цаашлаад өр төлөх чадваргүй болсон Мальдив, Тажикстан зэрэг улс газар нутгийнхаа зарим хэсгийг төлбөрт шилжүүлсэн нь улс орнууд хэрхэн тусгаар тогтнолоо алдах эрсдэлтэй тулгарч байгааг харуулж байгаа юм. 

С.Лхагвасүрэнгийн “Өрийн хүлээс” нийтлэлээс

ЕС: 17 сая иргэний итгэл

Бүгд найрамдах Солонгос улсын ард түмэн Ардчилсан намын нэр дэвшигч И Жэн Мёнийг дэмжин, тус улсын шинэ Ерөнхийлөгчөөр сонголоо. 2022 онд Юн Сок Ёлтой өрсөлдөж цөөн хувиар ялагдаж байсан ч түүний төрийн эргэлт хийх гэсэн оролдлого бүтэлгүйтсэнээр И Жэн Мёнд БНСУ-ын Ерөнхийлөгчид дахин нэр дэвших боломж олдсон билээ.

Олон нийтийн анхаарлын төвд байсан энэ удаагийн сонгуулийн ялагч урьдын таамгийн дагуу тодорсон гэхэд хилсдэхгүй. Учир нь сонгуульд нэр дэвшигчдийн дунд Ардчилсан намын И Жэн Мён хамгийн их анхаарал татаж, урьдчилсан санал асуулгыг байнга тэргүүлж байлаа. Тэрээр Ардын хүч намын Ким Мүн Сүгээс найман хувийн илүү санал авч ялалт байгуулав. Ардчилсан намын даргын хувиар Үндэсний ассамблейд намаа олонх болгоход гол үүрэгтэй ажилласан туршлага болоод өмнөх сонгуульд цөөн хувиар ялагдаж байсан туршлага нь түүнийг ялалтад хөтөллөө. Энэхүү ялалт нь БНСУ-ын тогтворгүй байсан улс төрд шинэчлэл болж, сонгуульд ялалт байгуулсан өдрийн маргаашаас эхлэн И Жэн Мён ажлаа эхлүүлж Засгийн газраа бүрдүүллээ.  

Ч.Болорчулууны “Ялагдал нь ялалтад хөтөлсөн Ерөнхийлөгч” нийтлэлээс

АРАВ: Нойргүйдлийн сүүдэр

Хэдийнэ газар авсан нойрны асуудал өнөөдөр дэлхий даяар анхаарах ёстой чухал асуудлын нэг болсон тул улс орнууд нойргүйдэлтэй тэмцэхийн тулд цаг алдалгүй олон талт арга хэмжээг хэрэгжүүлж байна. Жишээ нь, Финланд, Япон зэрэг орнууд ажиллах цагийн зохицуулалтыг өөрчлөх, ажилчдын стрессийг бууруулах, нойрны эрүүл мэндийг дэмжих сургалт, нийгмийн дэмжлэгийн хөтөлбөрүүдийг тогтмол хэрэгжүүлж байна.

Бизнесийн байгууллагууд ч ажилчдынхаа эрүүл мэндэд анхаарал хандуулж, ажиллах цагийн уян хатан зохицуулалт, стресс удирдах сургалт, оффисын орчныг сайжруулах зэрэг арга хэмжээг хэрэгжүүлэн бүтээмжийг дээшлүүлэхийг зорьдог болсон байна. Энэ нь нойргүйдлийн нөлөөг бууруулж, улмаар эдийн засгийн алдагдлыг багасгахад хувь нэмэр оруулж буй. Харин хувь хүмүүсийн хувьд нойргүйдэлтэй тэмцэх хамгийн эхний чухал алхам нь электрон хэрэглээгээ хязгаарлаж, байгальтайгаа нийцсэн амьдралын хэмнэлийг сэргээхэд анхаарч байна. Ийнхүү энэхүү энгийн өөрчлөлт нь дотоод цагийг тогтворжуулж, сэтгэл зүй, бие махбодын тэнцвэрт байдлыг сэргээхэд тусалж буй аж.

И.Сарангоогийн “Орчин цагийн дайсан” нийтлэлээс

АРВАН НЭГ: Монголын тайзнаа Б.Жамъяндагвын найруулгаар амилсан түүхтэй

“Спартак” балет нь Монголын тайзнаа 1984 оны тавдугаар сарын 5-нд мэндэлжээ. Тухайн үед ардын жүжигчин, Хөдөлмөрийн баатар Б.Жамъяндагва тайзнаа хөрвүүлэн дэглэж, удирдаачаар Төрийн шагналт ардын жүжигчин Ж.Чулуун ажиллаж, тайз чимэглэлийг Ардын зураач Ч.Гунгаасүх хийсэн байна. Үүний дараа 2012 онд сэргээн тоглоход гавьяат жүжигчин Х.Гэрэлчимэг дэглэн найруулж, удирдаачаар Урлагийн гавьяат зүтгэлтэн Н.Туулайхүү ажиллан, тайз чимэглэлийг УДБЭТ-ын ерөнхий зураач Урлагийн гавьяат зүтгэлтэн Г.Ганбаатар хийжээ. Уг балетыг 2012 онд сэргээснээс хойш өнөөдрийг хүртэл тэр хэвээр нь хүргэж буй. Дэлхийн балетчдын мэргэжлийн ур чадварын илэрхийлэл болсон шилдэг балет “Спартак”-ыг Монголын тайзнаа тавьсны 40 жилийн ой өнгөрсөн жил тохиосон бөгөөд таван жилийн дараа тайзнаа толилуулсан нь 2024 оны тавдугаар сарын 6, 7 байсан юм.

О.Эрдэнэчимэгийн “Монголын тайзнаа 41 жил амьдарсан “Спартак” нийтлэлээс