
Эрчим хүчний салбарын 2026-2027 оны хэлэлцээрийн явцад салбарын ажилтны цалин хөлсийг нэмэгдүүлэх асуудлаар талууд тодорхой тохиролцоонд хүрээгүй тул ажил ажил хаяхад бэлэн гэв.
Энэ талаар Монголын эрчим хүч геологи, уул уурхайн үйлдвэрчний эвлэлийн холбооноос мэдэгдлээ.
Эрчим хүчний салбарын хэлэлцээр байгуулах ажил энэ оны нэгдүгээр сарын 8-нд эхэлж, хоёр тал нийт дөрвөн удаа албан болон албан бус уулзалт хийсэн ч тодорхой үр дүнд хүрээгүй байна. Эрчим хүчний салбарынхан цалин хөлсийг 30 ба түүнээс дээш хувиар нэмэгдүүлэх, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг өсгөх, цагийн тариф буюу итгэлцүүр мөрдөх гэсэн дордуулсан заалтыг итгэлцүүрээр гэж өөрчлөх зэрэг 12 шаардлагыг тавьсан.
Уулзалтын үр дүнд ажил олгогч буюу Эрчим хүчний яамнаас цалин хөлс нэмэх боломжгүй гэдгийг удаа дараа илэрхийлжээ. Харин нөгөө талаас Хөдөлмөрийн хуульд заасны дагуу Хан-Уул дүүргийн Хөдөлмөр халамж үйлчилгээний газарт хүсэлт хүргүүлж, хөдөлмөрийн зуучлагч ажлуулсан ч тохиролцоонд хүрээгүй байна. Иймээс Эрчим хүчний салбарынхан ажил хаях хэлбэр рүү шилжиж байгаагаа мэдэгдэв.