
Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэн 2026 оны 5-7 дугаар сарын урьдчилсан төлөвийг гаргажээ.
Ирэх саруудад ихэнх нутгаар олон жилийн дунджаас дулаан, хур тунадас нутгийн зүүн хэсгээр дунджаас бага. Түүнчлэн хүчтэй салхи, шороон шуурганы давтагдал их, хуурайшилт нэмэгдэх хандлага ажиглагдаж буй.
Олон жилийн дунджаар агаарын температур тавдугаар сард Баян-Өлгийн нутаг, Увс, Архангайн баруун, Ховдын төв, Завханы зүүн, Баянхонгорын хойд, Хөвсгөлийн ихэнх, Өвөрхангай, Хэнтийн баруун хойд, Төвийн зүүн хойд хэсгээр 0…6°C, Говь-Алтай, Баянхонгор, Өвөрхангай, Дундговийн өмнөд, Өмнөговь, Дорноговийн ихэнх нутгаар 12...18°C, бусад нутгаар 6...12°C дулаан байдаг . Хур тунадасны хувьд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар 20 – 30 мм, Их нууруудын хотгор, Алтайн өвөр говь болон говийн бүс нутгаар 0 – 10 мм, бусад нутгаар 10–20 мм ордог аж.
Тавдугаар сард. Агаарын дундаж температур Сэлэнгэ, Төвийн зүүн, Хэнтий, Дорнод, Сүхбаатарын нутгаар олон жилийн дунджийн орчим, бусад нутгаар дунджаас дулаан байх төлөвтэй.
Зургаадугаар сард. Увс, Завханы нутаг, Баян–Өлгийн зүүн хойд, Ховд, Говь–Алтайн хойд хэсгээр олон жилийн дундаж орчим, бусад нутгаар дунджаас дулаан байна.
Долоодугаар сард. Нийт нутгаар олон жилийн дунждаас дулаан, хур тунадас нийт нутгаар бага байх төлөвтэй.