
Бээжинд морин жилийг угтсан гала тоглолтын үеэр роботууд кунфу, бүжиг, гимнастикийн үзүүлбэр толилуулж, өмнөх жилтэй харьцуулахад илүү уян, нарийн хөдөлгөөн хийж чаддаг болсноо харуулсан.
Оны өмнө танилцуулсан бодит мэт илэрхийлэлтэй хүн дүрст роботууд нь бүр харилцааны үеэр инээмсэглэж, сэтгэл хөдлөлөө илэрхийлж үзүүлсэн.
Ганцхан жилийн дотор хиймэл оюунт роботынхоо үзэгдэх өнгө, гүйцэтгэх чадварыг ингэтлээ ахиулж чадсан хятад инженерүүд одоо бодит орчинд найдвартай ажиллахыг нь нотлохоор чармайж буй. Barclays-ийн мэдээлснээр 2025 онд дэлхий даяар робот суурилуулалтын 85 хувь нь Хятадад ногдсон бол АНУ 13 хувьтай байв. Газрын ховор элемент, соронз, батарей гээд робот технологи хөгжүүлэхэд шаардлагатай бүхнийг дотоодоос хангах боломжтой нь Хятадын давуу тал. Түүхий эдийн олдцоос шалтгаалж АНУ-д Tesla-ийн Optimus ойрын хугацаанд өндөр өртгөө хадгална. Бусад зах зээл үйлдвэрлэлээ тэлсэн ч Хятадын масс үйлдвэрлэлд дөхөж очтлоо хол.
Гэхдээ робот өрсөлдөөний ялалтыг механик бус, хиймэл оюуны загварын ахиц шийднэ гэдэгт технологийн шинжээчид санал нэгтэй байна. Unitree тэргүүтэй Хятадын тоглогчид, Tesla зэрэг АНУ-ын үйлдвэрлэгчдийн хувьд робот хувьсгалын дараагийн шат шоунаас давж, үйлдвэр, лаборатори, зах зээл дээрх найдвартай ажиллагаа гол хэмжүүр болох нь.

Дэлхий нийтээр “Made in China” шошгыг гар хөдөлмөр, хямд ажиллах хүч, масс үйлдвэрлэлтэй холбон ойлгодог байлаа. XXI зууны гурав дахь арван жилд энэ ойлголт аажмаар өөрчлөгдөж Хятад улс гагц том үйлдвэр бус робот, хиймэл оюун ухаан, автоматжуулалтын дэлхийн төв болохоор зорьж буй. Өөрчлөлт нь мэдээж гэнэт бий болоогүй. Хүн амын өсөлт саарахтай зэрэгцээд цалингийн зардал нэмэгдэж, дэлхийн нийлүүлэлтийн сүлжээ өөрчлөгдсөн зэрэг хүчин зүйлс Хятадыг үйлдвэрлэлийн загвараа үндсээр нь шинэчлэхэд хүргэсэн билээ. Гар ажиллагаанд тулгуурласан хуучин загвар урт хугацаанд өрсөлдөх чадваргүй нь тодорхой тул Бээжингийн эрх баригчид “дараагийн үйлдвэрийн хувьсгал”-ыг технологид тулгуурлан хийх стратегийг сонгосон юм.
Өнөөдөр Хятадын олон үйлдвэрт хүний оронд робот гарууд бүтээгдэхүүн угсарч, автомат тэрэг агуулах дундуур чимээгүйхэн хөдлөн, хиймэл оюун ухаан үйлдвэрлэлийн шугамыг тасралтгүй хянаж байна. Шанхай, Шэньжэнь, Гуандун мужийн үйлдвэрлэлийн бүсүүд роботын технологийг идэвхтэй нэвтрүүлж автомашин, цахилгаан бараа, ухаалаг төхөөрөмжийн үйлдвэрлэлд роботын эзлэх хувь 40-50% хүрчээ. Бодит жишээ гэхэд iPhone ухаалаг утас угсардаг Foxconn үйлдвэр 2012 оноос робот ашиглаж эхлээд одоо ажилтны оронд автоматаар бүтээгдэхүүн угсарч байна. Хятадын дотоод робот үйлдвэрлэгч Siasun Robot & Automation дэлхийн зах зээлд экспорт хийж эхэлсэн бол JD.com логистик, агуулахын системийг роботжуулсан нь хүргэлтийн хурдыг хоёр дахин нэмэгдүүлжээ.
Хятадын роботжуулалтыг ойлгохын тулд эхлээд тулгарсан бодит сорилтуудыг авч үзье. 1990-ээд оноос 2010 оны хүртэл Хятад улс хямд ажиллах хүчээрээ хөрөнгө оруулалт татаж ирсэн. Гэвч сүүлийн хорин жилд цалин тогтвортой өсөж, үйлдвэрийн хөдөлмөрийн зардал эрс нэмэгдсэнээр барууны компаниуд үйлдвэрлэлээ Хятадаас Вьетнам, Энэтхэг, Индонез руу шилжүүлэхэд хүргэсэн юм. Өрсөлдөх чадвараа хадгалахын тулд төрийн дэмжлэгтэйгээр робот технологийг эрчимжүүлснээр анхны зардал өндөр тусах ч урт хугацаанд хүний хөдөлмөрөөс илүү хямд шийдэл олов. Роботжуулалт нь зөвхөн бүтээмж нэмэх төдийгүй ажиллах хүчний дутагдлыг нөхөх стратеги болж буй. Үүний зэрэгцээ АНУ болон Европын орнуудтай үүссэн худалдааны болон технологийн зөрчил Хятадыг технологийн бие даасан байдлаа эргэн харахад хүргэсэн билээ. Хэрэв чухал технологи гаднын хяналтад байвал үйлдвэрлэл эмзэг болно. Иймээс Хятад өөрийн робот, чип, программ хангамжийн экосистемийг бий болгохыг зорьж байна.

Оны эхээр Лас Вегаст болсон хэрэглээний электроникийн үзэсгэлэнгийн үеэр Хятадын стартапууд ухаалаг гэр ахуйн цахилгаан хэрэгсэл, зүүдэг төхөөрөмжөөс эхлээд бүх төрлийн робот хүртэл хиймэл оюун ухаанаар ажилладаг техник хангамжаараа тэргүүлж байв. Америкийн лабораториуд том хэлний загвар дээр хоорондоо тэмцэлдэж байх зуур Хятадын хиймэл оюун ухааны чадавх бодит байдлаар илэрч, дэлгэцээс гарч, бидний өдөр тутмын амьдралд нэвтэрч эхэлснийг эндээс харж болно.
Технологийн хөрөнгө оруулагч тэрбумтан Марк Андреессен арван жилийн өмнө “Программ хангамж дэлхийг идэж байна” хэмээж байсан бол одоо металл хийгээд математик загвар нэгдэж, техник хангамж дэлхийг “залгих нь”. Энд Physical AI буюу бие махбодын шинж чанартай хиймэл оюун ухаан хурдацтай хөгжиж байгааг хэлж буй хэрэг. Өөрөөр хэлбэл, хиймэл оюун зөвхөн компьютерын дэлгэцэн дотор байдаг код алгоритм бус харин бодит ертөнцөд бие махбодтойгоор оршин тогтнож, физик үйлдэл хийдэг болон хувирч буй. Робот техник хийгээд хиймэл оюун ухааныг нэгтгэсэн технологийн дараагийн давалгаанд тэргүүлэгч болох нь Хятадын туйлын зорилго.
Гудамж роботакси болон хүргэлтийн роботуудаар дүүрч, ерөнхий зориулалттай хуманоидууд ухаалаг гар утас шиг хаа сайгүй ашиглагдан гэрийн ажил хийн хүүхэд хөгшдийг асран халамжилдаг болно гээд төсөөлөөд үз дээ.
24 цаг тасралтгүй ажиллах бүрэн автоматжуулсан “хүнгүй үйлдвэрүүд”, цаашлаад хүний оролцоогүйгээр шийдвэр гаргаж, даалгавар гүйцэтгэх чадвартай нисгэгчгүй онгоц, робот нохойн сүрэг. Зөгнөлт киноноос л үздэг дүр зургийг бодитоор биелүүлэхэд техник хангамжийн зардал хоёр дахин буурсан нь нөлөөлжээ. Хятад цахилгаан машин зэрэг зэргэлдээ салбаруудад үйлдвэрлэлийн ноёрхлыг олж авснаар зардал буурч робот бүтээхэд хэрэглэдэг бүрэлдэхүүн хэсгүүд, түүний дотор хөдөлгүүр, мэдрэгч, батарей зэрэг инновац, цар хүрээний эдийн засгийг бий болгосон юм. Үүний зэрэгцээ, олон төрлийн хиймэл оюун ухаан буюу нэг дор харааны болон аудио мэдээллийг боловсруулах боломжтой загваруудыг хөгжүүлснээр роботууд өдөр тутмын ажлыг хялбар ойлгон гүйцэтгэх чадвар ахиж байна.
Өнөөдөр Хятад улс робот техникийн үндэс суурь болсон хангамжийн сүлжээний ихэнх хэсгийг хянадаг. Тэр дундаа лазер гэрлийн импульсээр ажилладаг лидар мэдрэгчийн 70 хувийг Хятадад үйлдвэрлэж байна. Сужоу хотод төвтэй Leaderdrive компани нь олон төрлийн робот техникийн салбарт чухал үүрэг гүйцэтгэдэг гармоник бууруулагч буюу арааны дэлхийн хамгийн том үйлдвэрлэгчдийн нэг болсон. Eyou Robot Technology Шанхай хотноо хүн дүрст робот холболтын дэлхийн анхны автоматжуулсан үйлдвэрлэлийн шугамыг нээсэн бол ESTUN, Inovance зэрэг компаниуд роботын тархи болж үйлчилдэг хянагчийн үйлдвэрлэлд давамгайлж байна.

Өнгөрсөн жил Хятадын компаниуд гэрийн хэрэглээнд зориулсан хэд хэдэн хуманоид зах зээлд гаргасны дотор өрхийн туслагч, боловсролын робот болох ердөө 1400 ам.долларын үнэтэй Noetix-ийн Bumi багтаж буй. 2025 онд Хятад улс дэлхийн хүн дүрст робот суурилуулалтын 80 гаруй хувийг, дэлхийн үйлдвэрлэлийн роботуудын талаас илүү хувийг үйлдвэрлэжээ. Бээжин, Ухань, Шанхай хотууд роботоо жижиглэн худалдааны цэг болон ахмад настны асрамжийн газар зэрэг янз бүрийн орчинд ажиллуулан туршиж стандартчилагдсан өгөгдөл цуглуулж байна.
Цаг хугацаа өнгөрөхөд роботууд байнгын үүлэн холболтгүйгээр бодит цаг хугацаанд сэтгэх, дасан зохицох, гүйцэтгэх боломжтой болно. Эцэст нь роботууд хүнгүйгээр нийгмийн бүхий л талбарт ажиллах, үйлдвэрлэх, газар тариалан эрхэлж бүр тулалдах ч боломжтой. Гэхдээ хянах, мэдээлэл цуглуулах чадвартай робот хувийн нууцын асуудал үүсгэх эрсдэлтэйн дээр хиймэл оюунт системийн шийдвэр гаргалт дээр ёс зүйн хариуцлагыг хэн хүлээх вэ гэдэг нь асуудал дагуулсаар.
Хятадын хэд хэдэн компани хүний сэтгэл хөдлөлийг бодит цаг хугацаанд дуурайх боломжийг олгодог хиймэл оюун ухааны систем ашиглан хиймэл арьс, нүүрний хувиралтай хүн дүрст роботоо толилуулсан. Эдгээр робот нүдээ цавчиж, нарийн илэрхийлэлтэйгээр нүүрний хувирал үзүүлдэг тул хүмүүс харилцаа үүсгэхдээ тун ч сонирхолтой байгаа. Иймэрхүү хөгжил нь хүн дүрст роботуудын ирээдүй механик хөдөлгөөнөөс бага, харин хүн-роботын харилцан үйлчлэлээс илүү хамааралтай байж болохыг харуулж буй. Хэрэв роботууд үйлчилгээний салбарт хүмүүстэй мөр зэрэгцэн ажиллавал сэтгэл хөдлөлийн харилцаа холбоо, нүүрний хувирал нь чухал шинж чанар болно.
Мэдээжийн хэрэг, АНУ хиймэл оюун ухааны салбарт тэргүүллээ эргүүлэн авч чадна гэдэгт итгэх үндэслэл бий. 2025 оны мэдээгээр БНХАУ-д хүн дүрст роботын 150 гаруй стартапууд бүртгэгдсэн нь дотоодын хэт их өрсөлдөөн, нэмээд үйлдвэрлэлийн хог хаягдлын асуудал дагуулна. Дээр нь бүтээгдэхүүний чанар нь мөнхийн эргэлзээ дагуулдаг Хятадын хүн дүрст роботууд гялгар төрх шигээ хүний хөдөлмөрийг найдвартай орлож дөнгөхгүй гэдэгт итгэх хэсэг олон. Мөн дэлхийн хоёр дахь том эдийн засаг нь дэвшилтэт серво мотор зэрэг зарим өндөр зэрэглэлийн эд ангиудад гадаадын нийлүүлэгчдээс хамааралтай хэвээр байна. Физик хиймэл оюун ухааны тухайд АНУ программ хангамж, суурь судалгаа, авьяас чадвар, чипүүдээрээ тодорхой давуу талтай.
Гэхдээ дэлхийг техник хангамжаар идэж буй эрин үед Америк Хятадын туршлагаас суралцах зүйл их. Дэвшилтэт симуляцийн платформуудаараа тэргүүлж байгаа АНУ-ын хувьд Tesla, Figure AI, Physical Intelligence зэрэг аваргууд нь техник хангамжийн хэмжээнээс илүү программ хангамжийн нээлтэд анхаарлаа төвлөрүүлснээр Хятадын өрсөлдөгчдөөсөө түрүүлж магадгүй юм.