
Монгол түмний өв соёл, ёс заншил, түүхэн уламжлалыг хадгалан хөгжүүлэх, залуу хойч үедээ өвлүүлэн үлдээх зорилготой “Монголын Үндэсний спортын зуны VIII наадам” Хүй долоон худаг дахь “Монгол наадам цогцолбор”-т боллоо. Дөрвөн жил тутам зохион байгуулдаг тус наадмын зуны төрлийн шигшээ тэмцээнд 21 аймаг, нийслэлийн есөн дүүргийн шилдэг 1,672 тамирчин оролцож хурд хүч, авхаалж самбаа, цэц мэргэнээ сорин өрсөлдөв.
Монголын уламжлалт харвааны багийн төрөлд Хан-Уул дүүргийн харваачид түрүүлж үндэсний зуны VIII наадмын аваргаар тодорлоо. Харвааны дэд байранд Төв аймгийн харваачид орсон бол хүрэл медалийг Дорнод аймгийн баг хүртлээ. Харин дөрөвдүгээр байранд Хэнтий аймгийн харваачид орсон байна.
Мөн цуваа харвааны эрэгтэйчүүдийн төрөлд Б.Зоригтбаатар 55 оноогоор түрүүлж Г.Ганзориг 50, Ч.Мөнхжаргал 49 оноогоор удаалжээ. Эмэгтэй цуваа харваанд Х.Оюунчимэг 37 оноогоор түрүүлж, Ц.Байгалмаа /36/, Л.Мөнгөнзаяа /32/ нар хоёр, гуравдугаар байрыг эзэллээ.
Уламжлалт харвааны холч харвааны төрөлд эрэгтэй харваачдаас Н.Ойнбаяр 448 м, эмэгтэй харваачдаас Ц.Туваанжав 406 м харвасан амжилтаар тэргүүлсэн байна.
