
Япон улс гадил жимсний хомсдолын эрсдэлтэй нүүр тулж эхэлсэн нь Ойрхи Дорнод дахь мөргөлдөөнөөс үүдэлтэй хүнсний нийлүүлэлтийн доголдол болж байна.
Япон улс халуун орны энэхүү жимсийг ногоон хэвээр нь импортолж, дараа нь этилен хийгээр дүүргэсэн тусгай өрөөнд боловсруулж боловсорсны дараа дэлгүүрүүдэд нийлүүлдэг. Гэвч түүхий нефтийн 90 гаруй хувийг импортолдог Японд нафтагаас гарган авдаг этилен хийн нийлүүлэлт багасаж эхэлжээ.
Япон өнгөрсөн жил ойролцоогоор нэг сая тонн гадил импортолсон нь тус улсын хүнсний хамгийн чухал бүтээгдэхүүнүүдийн нэг юм.
Ормузын хоолой хаагдсанаар дэлхийн газрын тосны нийлүүлэлтийн тавны нэг орчим хэсэг тасалдсаны улмаас Японы нафтагийн нөөц энэ оны эхнээс хойш дөрөвний нэгээр буурсан байна.
Японы гадил импортлогчдын ассоциацийн ерөнхий нарийн бичгийн дарга Эйжи Акашигийн хэлснээр энэ нь сүүлийн 50 жилийн хамгийн хүнд хомсдол болж байгаа гэнэ.
“Үнэ өсөж магадгүй ч бид хомсдол үүсгэхгүй байхын тулд бүхнийг хийж байна. Гадил жимсний салбар бүхэлдээ тогтвортой нийлүүлэлтийг хадгалахын төлөө ажиллаж байна” гэж Акаши хэлжээ.
Одоогоор гадил дэлгүүрүүдэд хүргэж байгаа ч импортлогчид хоёр эсвэл гурван сарын хэрэгцээг хангах хэмжээний л этилений нөөцтэй байгаа аж. Гэсэн ч түлш, сав баглаа боодол, тээвэр зэрэг нефть-химийн салбартай холбоотой зардлууд өсөж байгаа тул худалдаачид үүнийг хэрэглэгчдэд дамжуулах дарамтад оржээ.
Засгийн газрын мэдээллээр Японы нэг өрх 2025 онд гадил жимсэнд дунджаар 5200 иен зарцуулсан байна.
Токио дахь жижиглэнгийн үнэ өнгөрсөн жил 4.4 хувиар өссөн. Гадилын үнэ 2022 оноос хойш нийтдээ 30 гаруй хувиар нэмэгджээ.
Гадил жимс боловсрохын тулд этилен зайлшгүй шаардлагатай байдаг. Хэрэв этиленгүй бол жимс зөөлөрч, чихэрлэг амттай болохгүй, мөн ялзардаг.
Авокадо болон киви жимсийг мөн этиленээр боловсруулдаг боловч хамаагүй бага хэмжээний хий шаарддаг гэж Японд импортлогддог гадилын 30 орчим хувийг боловсруулдаг Farmind компани мэдээлжээ.
Бусад салбаруудад ч нөлөөлж байна
Нафтагийн хомсдол зөвхөн этилен нийлүүлэлтэд бус бусад салбарт ч нөлөөлж эхэлсэн байна.
Calbee компани нафтаас гаргаж авдаг давирхай ашиглан үйлдвэрлэдэг хэвлэлийн бэхний нийлүүлэлт буурсны улмаас төмсний чипс болон бусад бүтээгдэхүүний савлагааг хар цагаан өнгөтэй болгохоор шийджээ.
Японд үүсээд буй энэ байдал нь өөрийн газрын тосны томоохон эх үүсвэргүй, мөн далайн тээвэр доголдсон үед орлох олон улсын хоолойн сүлжээнд холбогдоогүйтэй холбоотой.
Ормузын хоолойн хаагдсан нь Японы өндөр мэргэшсэн нефть-химийн нийлүүлэлтийн сүлжээг доголдуулж, алслагдсан геополитикийн мөргөлдөөнийг өдөр тутмын хэрэглээний хүнсний бодит хомсдол болгон хувиргаж байна.
Японы Засгийн газар үйлдвэрлэгчид болон хэрэглэгчдийг тайвшруулахыг оролдож байна. Ерөнхий сайд Санае Такаичи Япон улс ирэх жил хүртэл дотоодын хэрэгцээг хангах хэмжээний нафтагийн нөөцтэй гэж мэдэгджээ.
Хомсдолын улмаас Японы жимс боловсруулагч компаниуд этиленийн өөр эх үүсвэр хайж эхэлсэн байна.
АНУ-ын Catalytic Generators компани эрдэнэ шиш болон бусад түүхий эдээс этилен гарган авах төхөөрөмжөө нийлүүлж эхэлсэн төдийгүй одоо Японд албан ёсны борлуулагч хайж байгаа аж.
Farmind компани этиленийн нөөц нь буурч байгааг анхааруулж, дотоод болон гадаадын шинэ нийлүүлэгч хайж эхэлснээ мэдэгдсэн байна. Тус компанийн төлөөлөгчийн хэлснээр зарим холбогдох зардал бараг 10 дахин өсчээ.
“Хэрэв энэ байдал үргэлжилбэл гадил жимс япон айл өрхүүдийн ширээн дээрээс “алга болж” магадгүй” гэж тэрээр хэлсэн байна.