
TA419 бүлэглэлийн хакерууд Цагаан ордны хиймэл оюуны асуудал хариуцсан албан тушаалтан асан зэрэг бодит хүмүүсийн нэр, дүрийг ашиглан хуурсан байна.
АНУ-ын хиймэл оюун ухаан (AI)-ы мэргэжилтнүүд, тэр дундаа Засгийн газрын албан тушаалтан асны дүрд Хятадын хакерууд хувирч байсан талаар кибер аюулгүй байдлын Proofpoint компани шинэ тайландаа дурджээ.
Тайланд дурдсанаар, Хятадтай холбоотой TA419 хэмээх хакерын бүлэглэл долдугаар сард АНУ-ын бодлогын асуудлаар ажилладаг олон мэргэжилтнийг нэр хүндтэй хүмүүсийн дүрд хувирч онилсон байна. Тэдний дунд Цагаан ордны Шинжлэх ухаан, технологийн бодлогын газрын захирлын орлогч асан Линн Эдвардс Паркер багтжээ.
2025 оны дөрөвдүгээр сараас үйл ажиллагаа явуулж байсан хакерууд эхлээд бай гэх этгээдтэй харилцаа тогтоох зорилгоор ямар ч хор хөнөөлгүй мэт харагдах цахим шуудан илгээдэг байжээ. Тухайлбал, “AI-ийн бодлогын зөвлөх хороо”-нд нэгдэхийг урьсан хүсэлт илгээж, хүлээн авагч хариу өгсний дараа нэвтрэх нэр, нууц үгийг нь хулгайлах зорилготой хуурамч нэвтрэх хуудас руу чиглүүлдэг аж.
Тэдний бай болгосон хүмүүсийн дунд АНУ болон Японы судалгааны байгууллагууд, батлан хамгаалахын гэрээт компаниуд, их сургуулиуд болон хуулийн фирмүүдэд ажилладаг бодлогын мэргэжилтнүүд байжээ.
Уг тайланд хохирогчдыг хуурахын тулд хууль ёсны веб хуудас дотор хуурамч хөтөчийн цонх гаргаж, жинхэнэ мэт харагдах нэвтрэх цонх дуурайлган үзүүлдэг арга ашигласан гэжээ. Ингэснээр хүмүүс мэдээллээ хакеруудад өгч байгаагаа ойлгоход илүү төвөгтэй болдог байна.
Proofpoint хакерын бай болсон хүмүүсийн нэрийг тодорхой дурдаагүй боловч Reuters агентлаг тэдний нэгийг Цагаан ордны албан тушаалтан асан, одоо Пенсильванийн их сургуулийн Penn Center on Media, Technology, and Democracy төвийг удирддаг Алекс Энглер гэдгийг баталгаажуулжээ.
Энглер Reuters агентлагт хэлэхдээ, дээрх цахим шууданг хүлээн авсан боловч салбарын хамтран ажилладаг хүмүүсээсээ лавласны дараа уг захидлыг өөр хүний дүрд хувирсан этгээдээс ирснийг олж мэдсэн байна.
Мөн хоёрдугаар сард тус бүлэглэл хиймэл оюуны бодлогын мэргэжилтнүүдийг онилохдоо "Anthropic" компанийн нэр хүндтэй ажилтны дүрд хувирчээ.
Тайланг боловсруулсан кибер аюулгүй байдлын компани тус бүлэглэл цаашид судалгааны байгууллагууд болон бодлогын бусад мэргэжилтнүүдийг үргэлжлүүлэн онилж, ингэхдээ бодит хүмүүсийн нэр, дүрийг ашигласан арга барилаа үргэлжлүүлэн хэрэглэх төлөвтэй гэж үзэж байна.