
Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагын шинэ судалгаагаар 2022 онд илэрсэн хорт хавдрын 7 сая гаруй тохиолдлоос урьдчилан сэргийлэх боломжтой байжээ. Тухайн жилийн нийт тохиолдлын бараг 40% нь өөрчилж болох эрсдэлт хүчин зүйлүүдтэй (зан үйл, орчны нөлөө) холбоотой байсан байна.
Олон улсын Хорт Хавдрын Судалгааны Агентлагийн (IARC) мэргэжилтэн Изабель Соэржоматарам “бид одоо хорт хавдрыг эхлэхээс нь өмнө сэргийлэх талаар хангалттай мэдээлэлтэй болсон” гэжээ. Тэр болон судалгааг хамтран зохиогч Андре Илбави нар 185 орны 36 төрлийн хавдрыг хамарсан судалгааны дүнгээ Nature Medicine сэтгүүлд нийтэлсэн байна.
Судалгаагаар 2022 онд бүртгэгдсэн 18.7 сая шинэ тохиолдлын 7.1 сая нь тамхи, архи, зарим халдвар зэрэг өөрчилж болох эрсдэлт хүчин зүйлүүдтэй (MRF) холбоотой буюу ийм хүчин зүйлсээс үүдэлтэй нь 37.8% байв. Эдгээрт илүүдэл жин, таргалалт, агаарын бохирдол, орчны хордуулагч бодисууд ч оржээ.
Судлаачид 30 төрлийн MRF-ийг авч үзсэн бөгөөд үүнд:
HPV-тай холбоотой, урьдчилан сэргийлэх боломжтой хавдрын түвшин зарим бүсэд өндөр хэвээр байна.
Эмэгтэйчүүдийн дунд урьдчилан сэргийлэх боломжтой хавдрын хамгийн их хувийг HPV-тай холбоотой хавдрууд эзэлдэг. HPV вакцин үр дүнтэй ч вакцинжуулалтын эргэлзээ зарим бүсэд хэвээр байна. Өндөр орлоготой Австрали зэрэг орнуудад умайн хүзүүний хорт хавдар бараг арилсан бол Латин Америк, Сахарын өмнөд Африкт үзүүлэлт өндөр хэвээр байна.
Латин Америкт 2022 онд 63 мянга гаруй умайн хүзүүний хорт хавдрын тохиолдол, 30 мянга гаруй нас баралт бүртгэгджээ. Бразилын хавдар судлаач Мария Паула Курадо энэ харамсалтай тоог вакцин, эрт илрүүлэлтэд хандах боломж муу байгаатай холбон тайлбарлав.
Эмэгтэй, эрэгтэйчүүдийн ялгаа
Халдварт хүчин зүйлүүд эмэгтэйчүүдийн дунд урьдчилан сэргийлэх боломжтой хавдрын хамгийн их тоог (2.7 сая, 29.7%) үүсгэсэн бол эрэгтэйчүүдийн дунд зан үйлийн эрсдэл (ялангуяа тамхи) 4.3 сая тохиолдол буюу 45.4%-ыг эзэлжээ. Уушгины хорт хавдрын хувьд эрсдэл төстэй ч эрэгтэйчүүдийн тохиолдол 1.33 сая байсан нь эмэгтэйчүүдээс 0.48 саяар өндөр байна.
Зорилтот урьдчилан сэргийлэлт шаардлагатай
2045 он гэхэд хорт хавдрын тохиолдол 50%-иар өснө гэсэн таамаг гарснаас шалтгаалан судлаачид “зорилтот арга хэмжээ”-г яаралтай хэрэгжүүлэхийг уриалжээ. Судалгаанд хамаараагүй 62.2%-ийн шалтгаан нь насжилт, ховор хавдрууд, тодорхойгүй эрсдэлтэй холбоотой байж болохыг онцлов.
Францын судлаач Сюзетт Делалож уг судалгааг “дэлхийн хэмжээнд өгөгдөлд суурилсан урьдчилан сэргийлэлтийг тодорхойлох чухал хувь нэмэр” хэмээн үнэлжээ. Судлаачид цаашид жендер, нийгэм-эдийн засгийн ялгааг харгалзсан бодлого хэрэгтэйг онцолсон байна.