
Л.Минкусын “Дон Кихот” балетыг ирэх сарын 18-19-нд ДБЭТ-ын тайзнаа дахин амилуулна. Тэрбээр уг бүтээлээрээ Испани үндэстний хэв шинж, халуун уур амьсгал, өвөрмөц мэдрэмжийг хөгжмийн хэлээр гайхамшигтай илэрхийлж чадсан юм.
Балетмейстер М.Петипа нь М.Сервантесийн зохиолоос сэдэвлэн балет тавих төсөл боловсруулж, хөгжмийн зохиолч Л.Минкуст захиалан хөгжмийг нь бичүүлсэн агаад ийнхүү дэлхийн балетын урлагийн сод бүтээлүүдийн нэг болон үлджээ.
Манай улсын тайзнаа уг балетыг анх 1971 оны гуравдугаар сарын 1-нд тоглож байсан түүхтэй. Гурван бүлэг, дөрвөн үзэгдэлт энэхүү балетын балетмейстерээр Төрийн шагналт, АЖ, Хөдөлмөрийн баатар Б.Жамъяндагва ажиллаж, Монголын балетын урлагийн санд томоохон хувь нэмэр оруулсан билээ.
Өдгөө “Дон Кихот” балет нь дэлхийн сонгодог балетын оргил бүтээлүүдийн нэгд зүй ёсоор тооцогдож байна.