
Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар Хүний эрхийн дэд хорооны даргыг сонгох тухай асуудлыг хэлэлцлээ.
Хүний эрхийн дэд хорооны даргаар УИХ-ын гишүүн С.Эрдэнэболд ажиллаж байсан юм. Тэрээр өөрийн хүсэлтээр дэд хорооны даргын албан тушаалаа хүлээлгэн өгч байгаа ажээ. Энэ тухай тайлбарлахдаа "2024 оны аравдугаар намайг дэд хорооны даргаар сонгогдоход хамтарсан Засгийн газар ажиллаж байсан. Тухайн үед дэд хорооны даргыг АН, МАН-ын бүлгийн гишүүд хоёр хоёр жилээр нь удирдаад явна гэж ярилцаж байсан. Тиймээс би өөрийн хүсэлтээр ажлаа өгч байгаа юм шүү" гэв.
УИХ дахь МАН-ын бүлгээс Хүний эрхийн дэд хорооны даргад Х.Баасанжаргал гишүүнийг нэр дэвшүүлжээ. Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь түүнийг дэд хорооны даргаар сонгохыг дэмжлээ.